x

Ч.Хурц: Хамгийн гайхамшигтай нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд манай нөхдүүд маш сайн ажилласан даа

"Монголын залуу үе хуулийн хүрээнд ажиллаж, амьдарч сурах нь монголчуудын хамгийн түргэн урагшаа хөгжих боломжийг бүрдүүлж өгнө шүү"

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл нь болж сонгогдсон 430 депутат оролцсон байдаг. Хүний ертөнцийн жамаар жилээс жилд цөөрч буй тэднийхээ үгийг хойч үе нь сонсож үлдэх учиртай нь энэ хорвоогийн хатуу үнэн билээ. Тиймээс ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцож, санал, байр сууриа хүчтэй илэрхийлж явсан АИХ-ын депутат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, эдүгээ нас сүүдэр 83 хүрч буй Чойжингийн Хурц хэмээх эрхэм хүнтэй ярилцлаа.

Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын бага сургууль, улмаар аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг онц төгсгөж, Москвагийн их сургуулийн Геологи хайгуулын дээд сургуулийг Ашигт малтмалын ордын хайгуулч, уулын инженер геологич мэргэжлээр дүүргэсэн юм.  

-Үндсэн хуулийг хэлэлцэх үед та ямар саналууд хэлж байв?

-Очирбатын Дашбалбараар ахлуулсан бие даасан депутатуудын бүлэг гэж байв. Би энэ бүлэгт орсон. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв гэсэн санал, байр суурь баримталдаг бүлэг. Гэвч суурь төслөө нэгэнт парламентын засаглалыг сонгож хийсэн, зарчмын асуудал өөрчлөгдсөн учир би жоохон дуугаа татсан. Гэхдээ тодорхой тодорхой юман дээр саналаа хэлж байсан. Бид үзэж байж Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгодог системийг авч хоцорсон нь хамгийн том гавьяа гэж боддог. Магадгүй өнөөдрийн өдрөөс харахад алдаа байсан юм шиг харагдаж болох ч улс үндэстэн төрт ёсны уламжлалаа л дагах ёстой юм. Хүмүүс, та нар тэр үед буруу юм хийсэн гээд зэмлэвэл зөв өө гээд би маргахгүй... Нэгдмэл удирдлагын системтэй байх нь Монгол Улсын хувьд зохимжтой гэж бодсон бодол саналаа л бид тэр үед илэрхийлж байсан. Тэр үеийн хоёр сая дөрвөн зуун мянган хүнийг зөв гольдрилд оруулахын тулд нэгдмэл нэг удирдлагатай байх ёстой байсан...

-Та одоо ч энэ санал, байр суурийг баримталдаг хэвээрээ юу?

-Төр, ард түмэн нэгдмэл байж Монгол орон хөгжинө гэж би боддог. Түүнээс биш УИХ-ын 76 гишүүн тус тусдаа “миний тойрог” гэж явсан цагт нэгдэхгүй. Одоо нэгэнт сонгож авсан парламентын засаглалаа зөв хөгжүүлж, бэхжүүлэх нь чухал юм. Эзэн Чингис хааны үеэс 1960 онд Үндсэн хуулийг шинэчлэн батлах хүртэл хоёр танхимтай парламентын хэлбэр байсан. Их хуралдайг Чингис хааны алтан ургийн хүүхдүүд бүгд цуглаж хийдэг... Монголд 1911-1960 он хүртэл хоёр танхимтай парламентын хэлбэр байсан. Хууль боловсруулах ажлыг Бага хурал буюу одоогийн Улсын Их Хурал хийдэг, Их хурал нь ерөнхий шийдвэрийг бүгдийг гаргадаг байв. Үүнийг одоогийн 76 шиг ямар нэг лобби, ашиг хонжоо хайдаг хэлбэрийг хаасан, зөв зүйл юм байна гэж боддог...

-Нэгдмэл, тогтвортой байдлын талаар л та нэлээд ярьж байх шиг... 1992 оны та бүгдийн батлалцсан Үндсэн хууль улс орны тогтвортой байдлыг бий болгоход хэр хөшүүрэг болсон хууль болсон бэ?

-1992 оны Үндсэн хуулийг батлах үйл явц бол 1991 оны аравдугаар сарын 1-ээс АИХ-ын депутатуудын чуулган эхэлсэн тэр үйл явц юм. Энэ чуулганы төлөөлөгч 430 депутат бол улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар сонгогдсон хүмүүс. Үндсэн хуулийг батлах хэлэлцүүлэг 76 хоног үргэлжилсэн. Бид анхлан арав гаруй хоног болбол их юм гэж бодож байсан. Гэтэл бидний төсөөлснөөс их удсан. Хамгийн гайхамшигтай нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд манай нөхдүүд маш сайн ажилласан гэж би боддог. Зөнөсөн өвгөн худлаа ярьж, биеэ магтаж байна гэж бодох вий... Ялангуяа Бяраагийн Чимид тэргүүтэй хуульчид дээд зэргийн хүчин чармайлт гаргасан. Миний хувьд, миний охин тухайн үед Москвагийн Их сургуулийн Хуулийн ангийг болоод Марксизм Ленинзмийн оройн дээд сургуулийг онц төгссөн хүүхэд байв. Охиноосоо би засаглалын тухай тайлбарыг хэрэг болгон сонсдог, охин харин аав аа, ер нь улс орнуудад Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалын хэлбэр байдаг. Энэ хоёр аль аль нь сайн, муу талтай гэж тайлбарлаж өгдөг. Парламентын засаглалд олон намын төлөөлөл оролцдог, олон үзэл бодлыг уралдуулдаг, дотроо задрах нь их амархан. Харин Ерөнхийлөгчийн засаглал нэгдмэл нэг байдаг. Алийг нь сонгож, яаж хийх нь Монгол төрийн асуудал гэж тайлбарлаж байсан. Манай нөхөд ч парламентын засаглалтай байх хуулийн төсөл  хийсэн байсан. Бид харин яагаад Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй вэ гэдэг асуудал тавьсан хэрэг. Яагаад гэвэл, жижигхэн Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь олон намууд олон янзын санал гаргаж, эрчимтэй хөгжлийн замд саад болно, нөлөөлнө гэж үзсэн. Ингээд 1992 оны нэгдүгээр сарын 3-наас 11, 12 хүртэл найм, ес хоног зөвхөн Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу, аль тогтолцоог нь авах вэ гэдэгт маргаж, хууль батлах хэлэлцүүлэг цаашаа явж чадахгүйд хүрсэн. Өө, ийм маягаар явбал Ардын Их Хурал таръя гэдэг ийм саналыг хүртэл зарим депутат тавьсан. Үүнээс болоод дахин ярилцаж, тохиролцоонд хүрсэн. Энэ бүгд зөвхөн улс орны ирээдүйн төлөөх маргаан байсан болохоос бус хувь хүний бодол байгаагүй гэж би боддог...

Хамгийн гоё нь Үндсэн хууль бол маш богино богино өгүүлбэрээр бичсэн, ямар ч хоосон утга, давхар санаа байхгүй, ерөөсөө За, Үгүй гэдэг утгыг тодорхой илэрхийлсэн эх хууль болсон.  Бид энэ хуулийн төслөө бүлэг бүлгээр нь бус заалт болгоноор нь хэлэлцэж, санал хураагаад явдаг байлаа. Энэ үеийн маргаан, янз бүрийн юмнаас болж АИХ-ын дарга Ж.Уртнасан “Та нар ийм замбараагүй, энэ янзаараа Үндсэн хуулиа баталж чадахгүй. Би ийм хурлыг даргалах боломжгүй” гээд гарч хүртэл явж байлаа. Гэхдээ олонх депутатууд аль болохоор яаж ийгээд Үндсэн хуулиа баталъя гэдэг бодолтой байсан учир парламентын засаглалтай байхыг сонгосон. Одоо энэ засаглалын хэлбэрээ төгс утгаар нь хэрэгжүүлж, улс орноо авч явах нь л хамгийн чухал, анхаарал хандуулах асуудал болж байна...

Эцсийн эцэст та бүхэн яг ямар хууль баталчихаа вэ гэж асуувал аль нэг улс төрийн хүчний давамгайлах чанар байхгүй, ямар ч нам, эвсэл, олон нийтийн сонирхол байхгүй, ард түмнээсээ сонгогдсон, ард түмний төлөөлөл болсон депутатууд Үндсэн хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэн, баталсан. Үндсэн хуулийн төслийг баталсан бүрэлдэхүүн Монголын оюуны шилдэг потенциалиуд гэж би боддог. Хурал дээрээ үгийг нямбай сонсоно, дэмий үймж, шуугина гэсэн юм байхгүй, ийм л байлаа. Бид 76 хоног болно гэж огт төсөөлөөгүй. Хуучин АИХ хуралддаг байсан шиг сайн бол 3-4, за ихдээ 7-8 хоног болно биз гэж бодсон. Гэтэл юу вэ, 76 хоног хэлэлцэхэд хөдөөгийн малчин хүн ч босоод үгээ хэлдэг, аймаг, сум нэгдлийн дарга ч үгээ хэлдэг байсан. Их идэвхтэй сайн үгээ хэлдэг байсан хүмүүсийг би сайн санаж байна...

АИХ-ын депутатууд Үндсэн хуулийг хэлэлцэн, баталсан танхимдаа 30 жилийн дараа цуглав

-Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй даган мөрдөх нь дарга ч бай, жирийн иргэн ч бай иргэн бүрийн журамт үүрэг шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулиа хүн бүр дагаж мөрдөх талаар та хойч үедээ юу гэж захиж сургах вэ?

-Ерөнхий боловсролын хичээлийн дунд сургуулийн хичээлийн программд Үндсэн хууль, органик хуулиар дөрөв, тавдугаар ангиас эхлээд “Хуулийн цаг” хичээл орж, хүүхэд үеэс нь хуулийн мөн чанарыг таниулдаг, зөв ойлгож, даган мөрддөг тийм боловсролын систем тогтоогоосой гэж дотроо бодож явдаг. Монголын залуу үе хуулийн хүрээнд ажиллаж, амьдарч сурах нь монголчуудын хамгийн түргэн урагшаа хөгжих боломжийг бүрдүүлж өгнө шүү. Тийм учраас залуу үеэ Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүгдийг нь мэддэг, харьцуулж үздэг, тийм оюуны потенциальтай болгохын тулд хууль зүйн хичээлийг аль болох бага ангиас эхлэн оруулж, мэдүүлэн таниулах ёстой юм. Хууль мэдэхгүй хүн түүнийг мөрдөх, цаашаагаа өөрийнхий амьдралыг авч явах зам мөрөө зөв сонгож чадахгүй аюул тулгардаг. Залуу үе маань хуулиа сайн мөрдөөрэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 12 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 12 цаг 55 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 12 цаг 57 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 12 цаг 58 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 13 цаг 0 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 13 цаг 2 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 15 цаг 50 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 15 цаг 54 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 15 цаг 55 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 15 цаг 56 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 15 цаг 56 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 15 цаг 57 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 15 цаг 59 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 16 цаг 0 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 17 цаг 46 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 17 цаг 56 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 17 цаг 57 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 17 цаг 58 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 17 цаг 59 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top