x

У.Хүрэлсүх: Хил дамнасан авто болон төмөр зам, эрчим хүчний шинэ коридор бий болгоход хамтран ажиллахаар тохиролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтэй өчигдөр ганцаарчилсан уулзалт хийсний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтын мэдэгдэл хийсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэлдээ айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгааг онцлоод, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан шинэ шатанд гаргахад талууд хамтран ажиллахаар тохиролцсон тухай хэллээ. Мөн дараагийн шинэ зууны хамтын ажиллагааны зураглалыг гаргасан нь түүхэн ач холбогдолтой байлаа хэмээн тодотголоо. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа ОХУ-д хийж байгаадаа баяртай байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл хөтөлбөрийн талаар нэлээд санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо гэж үзэж байна.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл, эх орны дайны он жилүүд, энх цагийн бүтээн байгуулалтын үед Монгол, Оросын ард түмэн хамтдаа байж, харилцан туслалцаж, хамтдаа хөгжиж ирсэн гэгээн сайхан уламжлалыг хоёр улсын төрийн тэргүүнүүд бахархан тэмдэглэж, бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн үзэл баримтлалд нийцсэн яриа хэлэлцээг хөгжүүлэхээ илэрхийллээ. 

Бүтэн зууны туршид ойр дотно, сайхан хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн манай хоёр орны найрамдал, нөхөрлөл бол улс орны харилцааны түүхэнд ховорхон тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай, түүхэн уламжлалт харилцаа билээ. 

Ерөнхийлөгч В.В.Путиний 2019 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь манай хоёр орны иж бүрэн стратегийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэх үндэс суурь болж байгааг хоёр орны төрийн тэргүүн нар дахин нотоллоо. 

Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг харилцан ярилцлаа. 

Ази, Европын хооронд дамжин өнгөрүүлэх "Транзит Монгол" болгох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам эрчим хүчний шинэ коридор бий болгох идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд ажиллаж ирсэн сайхан уламжлал байдаг. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийлье. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний дэвшүүлсэн Их Евроазийн түншлэл байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшаа үргэлжилж байна. Миний бие өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд сэтгэл хангалуун байна" хэмээв.

Сэтгүүлч Б.Бадамгарав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top