x

Эрх баригч нам иргэдийн тэтгэврээс хумсалсан 100 мянгаа эргүүлж хэзээ төлөх вэ?

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, энэ сард УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай гэх мэт нийт 40 гаруй хууль, тогтоолын төслийг оруулсан хэлэлцэх асуудлын дараалалд ахмад настнуудын тэтгэвэртэй холбоотой хоёр чухал хуулийн төсөл багтсангүй.

Эхнийх нь өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард өргөн баригдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, хоёр дахь нь өнгөрөгч сард /2021.10.13/ УИХ-д өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн төслүүд.

Хоёр хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барьсан байдаг. Эхнийх нь өндөр настны тэтгэврийг НДШ төлсөн дараалсан долоон жилийн дунджаар тогтоохоор хуульд оруулсан 2018 оны өөрчлөлтийг буцааж, дараалсан таван жилийн дунджаар тэтгэврийг тогтоодог болох, хоёр дахь нь 2018 оноос хойш шинэ хуулиар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг буцаан олгоход чиглэсэн байна.

Сануулахад, УИХ 2017 оны дөрөвдүгээр сард төсвийн тодотгол хийхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн насыг 65 болгож нэмэгдүүлсэн. Үүнийгээ тухайн үед хууль тогтоогч нар монгол хүний дундаж наслалт нэмэгдсэнтэй (2005 онд эрэгтэй 62.1, эмэгтэй 68.6 байсан бол 2016 онд эрэгтэй 66.0, эмэгтэй 75.8 хүрсэн) холбон тайлбарлаж, үүний улмаас Тэтгэврийн сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж байгаа, ирэх 10 жилд сангийн алдагдлыг нөхөхөд 7,2 их наяд төгрөг шаардлагатай хэмээн танилцуулсан байдаг. Товчхон хэлбэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, тэтгэврийг хойшлуулах замаар сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, алдагдлыг багасгах арга замыг сонгосон гэсэн үг.

Үүний зэрэгцээ  тэтгэвэр тогтоохдоо НДШ тасралтгүй төлсөн таван жил буюу 60 сарын дундаж цалингаас хувь тогтоодог байсныг өөрчилж дараалсан долоон жил буюу 84 сарын дунджаар тэтгэврийг тогтоодог болсон билээ. Үр дүнд нь тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 100 мянга орчим төгрөгөөр буурсан дүн гарчээ. Тэтгэвэр тооцох хугацаа уртсах тусам тэтгэврийн хэмжээ буурдаг гэсэн үг.  

Гэтэл Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2015-2030 онд баримтлах үндсэн чиглэлд “Ахмад настан бүр орлогын наад захын баталгаат тэтгэврээр хангагдах”,

Монгол Улсын Засийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны Үндсэн чиглэлд “Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляци болон хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх”-ээр гэж тус тус заасан байдаг. Иргэдийн гар дээрх тэтгэврийн хэмжээ өсч байх ёстой цаг хугацаанд эсрэгээрээ буурч эхэлсэн гэсэн үг.

Тухайн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд тэдний шахалтаар тэтгэврийн насыг нэмэгдүүлж, тэтвэрийн хэмжээг бууруулсан байж болох ч тэр нь Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны Үндсэн чиглэлтэй зөрчилдсөөр өдийг хүрсэн байна.

Энэ шалтгаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх хоёр хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан боловч эхний төслийг УИХ-аар хэлэлцэлгүй бүтэн арван сарын нүүр үзэж байна. Хууль санаачлагч энэ тухай “Улс төрийн олон асуудал байсан учраас хэлэлцүүлж чадсангүй. Одоо намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна” гэсэн боловч лав энэ сарын хэлэлцэх  асуудлын дараалалд багтсангүй.

Хууль санаачлагчийн хийсэн судалгаагаар 2018 онд хууль хэрэгжиж эхэлнээс хойш 84861 иргэн дараалсан долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон байна. Энэ хугацаанд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ дунджаар 100 мянган төгрөгөөр буурчээ. Таван жилийн дунджаар тогтооход 600 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломжтой байсан иргэн долоон жилийн дунджаар тооцонгуут тэтгэвэр нь 500 мянга болж буурсан гэсэн үг.

Тиймээс долоон жилийг таван жил болгож бууруулсан тохиолдолд (үнэндээ бол хуучин байсан хэмжээнд нь авчирна гэсэн үг)  2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх хуулиар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг буцаан олгох, тэтгэврийн хэмжээг дахин тогтоох асуудал босч ирнэ. Тиймээс сүүлд өргөн барьсан Дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2018 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон 84.861 иргэний тэтгэврийн зөрүүг олгох, өндөр насны тэтгэврийн шинэчлэн тогтоох асуудлыг зохицуулах юм байна.

Уг нь бол яг одоо 2022 оны төсвийн тухай хуультай хамт, зэрэгцүүлээд хэлэлцээд явах ёстой, цаг үеийн яаралтай асуудал. Гэвч УИХ, Засгийн газар яагаад ч юм энэ хуулийн төслүүдийн хажуугаар нүдээ аниад алхах гэж байгаа бололтой. Хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард буюу 21 сарын өмнө тэтгэврийн хэмжээг 8,8 хувиар нэмэгдүүлж (500 мянгаас доош тэтгэврийг 30 мянга, 500 мянгаас дээш тэтгэврийг 25 мянгаар нэмэгдүүлсэн) бүрэн тэтгэврийн  доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг,  дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болсон статистик байна. Гэтэл шинээр тогтоолгосон 85 мянга орчим иргэний тэтгэврийг 100, 100 мянгаар хасаад явчихсан байх жишээтэй. Ингэж нэг гараараа өгөөд, нөгөө гараараа буцаж аваад байж болох юм уу?

Тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах нь төрийн бодлого, сан удирдаж байгаа нөхдийн менежментийн асуудал болохоос биш тэтгэвэр авагч нарын нуруун дээр буулгадаг ял биш байлтай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 14 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 39 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 52 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 55 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 58 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 17 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 2 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 3 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 14 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 10 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 43 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top