x

Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойтой холбоотойгоор Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувдтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Энэ жил театрын 90 жилий ой тохиож байна. Таны хувьд театр амьдралын тань салшгүй нэг хэсэг. Анх театрт орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай Улсын драмын эрдмийн театр Монголын орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамгийн ахмад байгууллага. Ууган театрт тооцогддог. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Үнэн” жүжгээр хөшгөө нээж байсан түүхтэй театр. Бид ахмадуудынхаа байгуулж байсан театрт 90 дэх жилдээ уран бүтээлээ хийж буй уран бүтээлчид. Анх байгуулагдсаныхаа дараа 1963 он хүртэл драм, дуурь, балет, хүүхдийн театрууд нэг театртай байлаа. Үүнээс хойш театрууд мэргэжлээрээ салж, өөрийн байртай болж тусгаарлан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Манай театр 1981 онд Эрдмийн буюу академик цолоо авсан. Энэ бол манай ажлын онцлогтой дүйцдэг гэж би боддог. Яагаад гэхээр нэг жүжиг тайзан дээр тавихын тулд маш их судалгаа шинжилгээ хийдэг. Ер нь театрт уран бүтээл тавина, жүжигчид дүр бүтээнэ гэдэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн дээр ажилладаг. Одоо манай театрт үндсэндээ дээд мэргэжлийн жүжигчид, боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Найруулагчид, жүжигчид, зураачид дээд боловсролтой, залуу боловсон хүчин ажиллаж байна. Энэ жил 90 жилийн ойгоо угтаад зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Зөвхөн уран бүтээлчдийн хэлтэс гэлтгүй захиргаа, үйлдвэрлэлийн зэрэг бусад хэлтэс албадуудад ажиллаж байгаа хүмүүс, мөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Цаашдаа туслах мэргэжлийн ажилчдаар бүрэн хангах шаардлага театрт байгаа. Гэрлийн инженер, дууны инженер, нүүр будагч, оёдолчин зэрэг бүгд нэгдэж байж театр гэж байгууллага бий болдог. Тиймээс бүх төрлийн туслах мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх зорилгыг театр тавьж ажиллаж байна. Би 1973 онд театрт ажиллаж эхэлсэн.

1970-1973 онд Кино үйлдвэрт ажиллаж байгаад Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийг тавихад театрт Ларисагийн дүрд ирж ажилласан. Тэр жүжгийг тайзнаа тавьсны дараа орон тоогоор шилжиж ирж байлаа. Ийм л түүхтэй. Залуучуудтайгаа хамтраад одоог хүртэл ажиллаж байна.

-Тухайн үед таныг театрт ирэхэд алтан үеийнхнээс хэн хэн ажиллаж байв. Алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг их сургууль төгссөний дайны мэдлэг, чадвар хуримтлуулдаг гэж ярьдаг шүү дээ?

-Байлгүй яахав. Долгорсүрэн, Лхадолгор, Хандсүрэн, Цэвээнжав, Цэрэндулам гуай гэх мэтчилэн манай алтан үеийн ахмад уран бүтээлчид ажиллаж байсан. Алтан үеийнхэнтэй хамт ажиллах аз завшаан надад тохиолдсон. Тэднээс их юм сурсан. Ер нь манай жүжигчний мэргэжил гэдэг сургууль төгссөнөөр ч жүжигчин болчихгүй. Бүх амьдралынхаа туршид л сурч, судалж мэдэж байж л энэ ажлыг хийдэг болохоор залуучуудтайгаа, ахмадуудтайгаа хамт ажиллаад явж байна.

-Театрт ажилд ороод тухайн үедээ үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй дотно найз нөхөд байв?

-Бидний үеийнхэн гэвэл Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран гээд олон сайхан уран бүтээлчид бий. Манай үеийнхэн 1980-аад онд театрын бас нэг гол хүч, тулгуур багана болж явсан. Яг л одоо үеийн залуучууд шиг бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явсан үе бий. Одоо бол залуучууд маань бидний халааг аваад ажиллаж байна. Үе үеийнхэн энэ театрт хамт ажилладаг уламжлал юм даа.

-Театрын уран бүтээлийн төлөвлөгөө жилээр гардаг байсан гэдэг. Төлөвлөгөө биелүүлнэ гэдэг амаргүй ажил байв уу?

-Тэр үед улсаас тавих жүжгийг төлөвлөөд, гарах зардлын төсвийг гаргаад өгчихдөг байсан. Тэрнийхээ хариуд “орлого тэдэн төгрөг ол” гээд төлөвлөгөө тавьчихдаг. Би 1973 оноос хойш өнөөг хүртэл ажиллахдаа манай театр төлөвлөгөөг давуулан биелүүлнэ үү гэхээс тасалж байсан түүх бол мэдэхгүй. Уран бүтээлийг яг цаг тухайд хийдэг. Орлогын төлөвлөгөөг ихэвчлэн давуулж биелүүлдэг. Бүх ард түмний социалист уралдаанд манай театр эхний гурван байраас ухарч байсан удаагүй шүү.

-Төлөвлөгөөт энэ их ажлын хажуугаар дэлгэцийн томоохон бүтээлд ажиллана гэдэг бас л амаргүй ажил санагдаж байна. Хатуу салхилга баттай үед хувийн уран бүтээлийн ажлыг хэрхэн зохицуулдаг байв?

-Бүх юм төлөвлөгөөтэй, бодлоготой. Театрын уран бүтээлийн хажуугаар кино уран бүтээлд тоглох бололцоотой бол чөлөөлж өгдөг. Бололцоогүй бол чөлөө өгдөггүй байсан. Тийм хууль театрт одоо ч бий. Тийм учраас театрынхаа ажлыг амжуулахын хажуугаар бололцоо гарвал кино уран бүтээлд ажилладаг байсан. Хамгийн урт хугацаагаар (хоёр жил) ажлаас чөлөөлөгдөж явсан дэлгэцийн уран бүтээл бол “Мандухай сэцэн хатан” кино байсан.

-Та “Мандухай сэцэн хатан” кинонд 41 настай байхдаа тоглож байсан гэдэг. Бүтэн хоёр жил ажлаас чөлөөлөгдсөн гэхээр асар өргөн хүрээтэй баг ажиллажээ?

-Тийм 40 настай л байсан байх. Нэг жил бэлтгэл, нэг жил яг кино зураг авалтаа хийсэн байдаг.

-“Мандухай сэцэн хатан” киног одоо ч Монголын ард түмэн огшиж үздэг. Одоо үзээд сууж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Тухайн үед залуу уран бүтээлч хүний хувьд алдах онох зүйл бишгүй л байсан болов уу?

-“Мандухай сэцэн хатан” киноны талаар элэгдтэл хуучиртал зөндөө л ярьсан. Кино гэдэг чинь тамгалагдаад л гарчихдаг. Араас нь засах аргагүй байдаг. Театрын онцлог нь засаж болно, нэмж болно, шинээр юм олж болно. Киног тэгэх арга байхгүй. Ямар болсон түүгээр нь хүлээж авахаас өөр боломжгүй. Одоо “Мандухай сэцэн хатан” киног үзээд нэг их тэгдэг байж, ингэдэг байж гэдэггүй. Сэтгэлд хүрэхгүй байгаа хэсэг байлгүй л яахав. Нэгэнтээ чиний чадал тэр, хийсэн чинь тэр. Тэрийг байгаагаар нь хүлээж авах аргагүй ш дээ, тийм ээ. Тэрнээс би тэр хэсэгт ингээд хийх байсан юм, тэгээд болоогүй юм гээд зарлаад гүйгээд байх зүйлгүй.

-Та залуу уран бүтээлчдэдээ хандаж юу зөвлөж, хэлдэг вэ?

-Тийм юм хийх гэсэн юм хэлээд, зөвлөөд өгөөч гэвэл мэдээж чадах чинээгээрээ туслахыг бодно. Би нэг их ийм шавьтай гэж ярих дургүй. Жүжигчний мэргэжил сурч болдог, сургаж болдоггүй. Хүн өөрөө хэнээс ч хараад сураад өөрийгөө баяжуулаад боловсруулаад л байвал жүжигчин болно. Ямар ч алт шиг багш байгаад тэрнээс өөрөө л юм авч чадахгүй бол тухайн багш чиний сэтгэл зүрх, оюун ухааныг орлоод ажиллахгүй учраас өөр арга чарга байдаггүй. Зүгээр өөрийнхөө мэдэх, чадах зүйлийг хэлдэг, тусалдаг. Тэрийг багш гэж үнэлэх нь тухайн хүний л асуудал. Тэр хүн л миний шавь гэж бодоод багшаа гэж үнэлж байвал тэгээд л боллоо. Надаас дөрөв, таван жил юм сураагүй бол би хичнээн багш гэж бархираад яахав дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.23.177)
    олон хүний өвөр дамжсан газрын наймаачин
    2021 оны 09 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 9 цаг 31 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 9 цаг 44 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 9 цаг 51 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 9 цаг 57 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 10 цаг 43 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 10 цаг 49 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 11 цаг 4 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 11 цаг 19 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 12 цаг 32 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top