x

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хориг тавилаа

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас 2021 оны Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Их Хурал 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж,  2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол ардын нам төрийн дээр заларч, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудыг эрхшээн захирч, дарамтлан дарангуйлах замаар Үндсэн хуульт ёсыг эвдэх, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, бусниулах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн нэн зохисгүй, увайгүй, туйлын ноцтой, Монголын ард түмнийг илэрхий басамжлан доромжилсон үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь өдрөөс өдөрт ил болж, энэ бусармаг явдлыг Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн хуульчлан баталгаажуулж, Монгол төрийн үнэлэмжийг алдагдуулж, Монгол Улсыг дэлхий нийтийн өмнө гутаан, нэн гутамшигтай байдалд оруулж байгаад харамсаж байна.

Монгол ардын намын бодлогоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байсан Д.Одбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн нэгжийн даргаар ажиллаж байсан Г.Туулхүү, Монгол ардын намын захиалгаар томилогдсон Ж.Эрдэнэбулган, Монгол ардын намд удаа дараа үйлчилж, манах ёстой Үндсэн хуулиа илэрхий зөрчин, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг маргаан болгосон Д.Солонго нараас бүрдсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд, мөн л Монгол ардын намын бодлогоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн даргаар томилогдон ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын хууль бус дэмжлэг, оролцоотойгоор өнгөрсөн гучин жилийн хугацаанд тохиолдож байгаагүй, Монгол Улсын иргэний үндсэн эрхийн Үндсэн хуулийн баталгааг алдагдуулсан захиалгат шийдвэрийг гаргаж, Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн намын даргынхаа захиалсан шийдвэрийг хүлээн авч баталгаажуулсан бөгөөд одоо хууль болгож байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуульд огт нийцэхгүй, нэг хүнд зориулсан шийдвэр болсон, тодруулбал Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж дурдсан байдаг.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, Монгол ардын намын захиалсан шийдвэрийг ичгүүргүйгээр гаргасан бөгөөд энэ нь Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг илэрхий зөрчин гажуудуулж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга гэдэг хүн “дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн гаж хууль гаргах, цаашид ийм коммунист байдлаар хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлж, жишиг тогтоож өглөө.

Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн та бүхэн намын даргынхаа үүрэг, даалгаврыг бүрэн биелүүлж, шаардлага зорилгыг нь гүйцэлдүүлсэн. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг батлан хамгаалж байдаг Үндсэн хуулийг, Үндсэн хуульт ёсыг эвдэн бусниулах үйл ажиллагаагаа зогсоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаас хуулиа мөрдөж, сахин биелүүлэхийг шаардаж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хоригийг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 24 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 33 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 39 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 44 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 48 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 46 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top