x

Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ

“Лантуун дохио” ТББ-аас өчигдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтын гол зорилго нь хүчирхийллийн эсрэг нэгдэж бодитой ажил хийх талаар ярилцах, шийдэл олох, төр засгийн шийдвэрийг хүлээлгүй, хүн бүр өөрсдөөсөө эхэлж дор бүрнээ хараа хяналтаа сайжруулхыг уриалж “Хүчирхийллийн тэвчдэггүй ХҮН БАЙ” үндэсний хэмжээний акцыг эхлүүллээ. 

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан: “Бид өнөөдөр засгийн газарлуу хандсан 10 төрлийн шийдэл, шаардлагыг хүргүүлж байгаа. Таван намтай хүүхэд заардуулсан мэдээллээс хойш өнөөг хүртэл маш олон тэмцлийг харлаа. Төр засаг, хууль буруутай, хүчирхийллийн эсрэг хэн нэгэн тэмцээчээ, хэн нэгэн хийгээчээ гэдэг. Гэхдээ та өнөөдөр юу хийсэн юм бэ? Эцсийн бүлэгт бид хоёр хоноод мартсан. 

Өнөөдрийн арга хэмжээ бол энэ тэмцлийг өөрсөд рүүгээ хандуулмаар байна. Бид энэ бүхэнд буруутай. Хүчирхийллийг ийм болтол нь тэвчиж ирсэн бид нарын буруу. Бид хэнд ч найдах шаардлагагүй боллоо. Мундаг засгийн газар, эсвэл баатар гарч ирээд хүчирхийллийг алга болгохгүй. Ганц байгууллага үүнийг алга болгож чадахгүй. Та оролцож байж хүчирхийллийг зогсоож чадна. Бид өөрсдөө монгол хүүхдээ хамгаалах хэрэгтэй. Бид цагдаад, сайн төр засагт, сайн хуульд найдаж чадахгүй. Найдаад хэчнээн хүүхдээ алдсан билээ. Тэр хүүхдүүдийн амь эргэж ирэхгүй. 

Хүүхдүүд өдөр болгон хүчирхийлэлд өртөж байна. Сүүлдээ бид хүчирхийлэлд дөжирсөн араатан болж хувирлаа. Бид хүүхдүүдээ хайрлаж чадахгүй юм бол бидний хүүхдүүд, дараагийн үеийнхэн маань бидэнд гомдох болно. "Та яагаад тэр үед юм хийж чадаагүй юм бэ, яагаад бидэнд энэ нийгмийг үлдээсэн юм бэ?" гэх болно. 

Хүчирхийллийн эсрэг ажлыг мартчихсан сууж байхгүйн тулд, есөн настай хүүхэд, өмнө нь алдсан тэр олон бяцхан хүүхдүүдийн амийг үнэ цэнгүй болгохгүйн тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

2013 тавдугаар сарын 10-нд таван настай хүүхэд заазуурдуулсан гэх хэргийн мэдээлэл “Лантуун дохио” ТББ-д ирж байсан. Тухайн үед Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтраад энэ хэрэг дээр ажиллаж байлаа. Тэгэхэд энэ хүү заазуурдуулчхаад “Би бөх болно” гээд түргэний тэрэг дотор инээгээд ярьж байсныг түргэний эмч ил гаргаж тавьснаар олонд ил болж байсан. Дараа нь энэ айлд очиход үүнийг дамнасан маш олон хүчирхийлэл бий болсон байсан. Тухайн үед хүмүүс ээжийг буруутгаж байсан. Гэтэл хамгийн том хохирогч нь тэр ээж өөрөө байсан. Сошиалд гарсан мэдээлэл, бодит байдал хоёр хоорондоо ялгаатай байна. 

2014 оны гуравдугаар сарын 28-ны өдөр төрсөн эцэг, эх нь дөрвөн настай хүүхдээ зодоод алсан хэрэг гарсан. Тэр үед 18600 гаруй монголчууд талбай дээр цуглаад үүрийн таван цаг хүртэл жагсаж байсан. Зургаан жилийн өмнө. Гэтэл өнөөдөр ийм явдал өдөр бүр болж байна. Аймшигтай хэрэг гарах бүрд бид талбай дээр цуглаж чадахаа больсон. Мартдаг боллоо. 

Дөрвөн хүүхэд тоглож байгаад усанд үйж нас барахад зул өргөх ажлын хүртэл хорьж байсан. Одоо хариуцлага хүлээсэн хүн алга байна. 

Өнөөдөр бид хүүхдийн асуудлыг надад ямар хамаатай юм, надад ирэх биш дээ, манайх хамгаалалттай хотхонд байгаа юм чинь, манайх гүүрний цаана байгаа юм чинь гэж бодож ерөөсөө болохгүй. Бид нийгэмд амьдарч байгаа л бол хүн нэг бүрд хамаатай. Тийм учраас хүчирхийлэлд өртөж байгаа, жалганд байгаа, хоол ундгүй байгаа, хүчирхийлэлд өсөж байгаа тэр хүүхдүүд ирээдүйд, маргааш танай хүүхэдтэй автобусанд цуг сууж, нөгөөдөр танай хүүхэдтэй найзлаад, цуг кино үзээд, танай хүүхдийн амьдрах орчин болно гэдгийг бид яагаад ухаарахгүй байгаа юм бэ? Эргээд танай хүүхэдтэй нэг гэр бүл болохыг ч үгүйсгэхгүй. Тэр хүүхдүүд багаасаа хайр авч чадахгүй, хүчирхийлэгч болж өсөх юм бол яах вэ? Амиа бодсон өнцгөөс нь ярьсан ч танд хамаатай зүйл байгаа биз дээ?

Яагаад бид нүдээ аньж суусан юм бэ? Бид муу мэдээнээс хол байхыг хүсдэг болж. Муу мэдээг маш хурдан гүйлгээд өнгөрөөчхөж болно. Гэтэл хүүхдийн байгууллагынхан дуртайдаа тэр мэдээтэй зууралдаад байгаа юм биш. Адилхан сэтгэл шаналж яваа. Бид хүчирхийллийн хажуугаар нүдээ аниад өнгөрснөөрөө алга болохгүй байна шүү дээ. Нүдээ аних бүрд хүүхдүүд хохирч байна. Тийм учраас бид тэр муутай нүүр тулахаас өөр аргагүй болсон байна. 

Дандаа хар бараан зүйл ярьж байдаг гэдэг. Гэтэл нийгэм өөрөө хар бараан байна. Хотын төвөөс хойшоо гараад 2 км явахад л амьдрал тэнгэр газар шиг ялгаатай байна. 

Тэнд хүүхдүүд маань өнөөдөр хогийн цэг шиг юман дээр амьдарч байна. Тураалтай, тархины даралттай. Үүнийг хараад бид дасаж байна. Хүний амьдрал баян, ядуу байна. Дэлхийн бүх улс оронд байгаа. Гэхдээ энэ бол нийгмийн тэгш боломж, тэгш хүртээмжийн тухай асуудал. Энэ хүүхдүүдэд үнэхээр хөгжих орон зай, ном унших газар алга. 

Бид зургаадугаар сарын 1-нд Ид шидийн орон-2-т номын сан нээгээд наймдугаар сарын 2-н гэхэд 350 хүүхэд бүртгэлтэй уншигч болоод дор хаяж 10-аас дээш ном уншчихсан байсан. Бид ном уншдаггүй гэж хэлдэг. Хүүхдүүд тэрүүгээр цангаж байгаа. Бид жаахан л орчин бүрдүүлээд өгөх ёстой.

Тэрний оронд хөшөө, хаалга барьдаг. Бид банхрын хөшөө бариад нярайн эндэгдэл буурлаа гэж ярьдаг дүүргийн засаг даргатай улс шүү дээ. Тэр шүтээн нь яагаад одоо хамгаалахгүй байгаа юм? Бид дандаа хүүхдээс хулгай хийдэг. Хүүхдэд очих нийгмийн халамжаас бид хулгайлж байна. Хүүхдийн хамгийн сүүлийн идэх будааг нь хүртэл хороон дээрээс хулгайлж байна. 

Амиа алдсан есөн настай охины ар гэрийнхэнтэй хоёр цагийн өмнө уулзсан. Үнэхээр шоконд орсон байдалтай байна. Хүмүүс ээжийг буруутгасан. Бодит байдалд тэр ээж маш хүнд хорионд байгаа. Сэтгэцийн өөрчлөлттэй болтол нь зодчихсон. Олон жил хүчирхийлэл, дарамтанд байсан ээж. Гэрээсээ ч гарч чадахгүй. Бидний Фэйсбүүкээр шүүж байгаа шиг хүчирхийллийн чөтгөрийн тойргоос хүн тийм амархан гарчихдаггүй юм. Тэр дотор байгаа айдас, өөрийнхөө эрхшээлд оруулаад олон жил нохойн гөлөг мэт хүчирхийлж байгаа энэ амьдрал бидний бичиж байгаа шиг санаагаар болдоггүй. Маш их асуудал байна. Бид өнөөдөр хохирогчийг шууд буруутгаж байна. 

Энэ айл 2019 онд аймшигтай зодуулаад хүчирхийлэгчийг цагдаад өгсөн. Цагдаа авч яваад маргааш нь тавиад явуулсан. Маргааш нь гарч ирээд “яасан их цагдаа дууддаг хулгайч вэ” гээд бүр “алсан” гэж байгаа юм. Нөхцөл байдал ийм байна. 

Хэн нэгнийг буруутгахаас өмнө та яг юу хийсэн бэ? Үүнийг зогсоохын төлөө ямар алхам хийсэн бэ? Үүнийг бид бодож тунгаах цаг үе ирсэн байна. Бид олон жил нийгмийн сүлжээгээр тэмцлээ хийлээ. Одоо бид сошиалыг амьдрал руу оруулж ирэх цаг болсон. Гудамж руу гаргаж ирж, өөрсдөө манлайлж, өөрсдөө зогсоохгүй бол хэнд ч найдах хэрэггүй болсон. 

Энэ аяныг Монгол Улс даяар зохион байгуулмаар байна. Ганцхан “Лантуун дохио” ТББ зохион байгуулах шаардлага байхгүй. Бид бүх файлыг, бүх зааврыг нь задгайгаар тавина. Өөрийнхөө хороонд, аймаг сумдаа зохион байгуулчих. Өөрийнхөө хүч хүрэх газраа зохион байгуулчих. Орцноосоо эхэл. Энэ постерыг өөрийн хүрч болох газрууддаа тавья. Автобусны буудал, дэлгүүр, орцны үүдэнд наагаарай.

Та өөрийгөө хүчгүй гэж битгий бодоорой. Ганцхан хүний үйлдэл ямар том өөрчлөлт хийсэн жишээг бид ярина. Тиймээс эр эмийн хооронд илжиг болж ороод ч хамаагүй хүчирхийллийг зогсооё. Төрийн төлөө оготно боож үхэх биш, тэр оготно тэрийг өөрчилнө. Хүн болгон илүү зоригтой, 10 хүний хэмжээнд нөлөө үзүүлж чадах юм бол бид монгол хүүхдүүдээ хамгаалж чадна.

Дэлхийд иргэний хяналт оролцоог сайжруулахгүйгээр хүчирхийллийг давсан нэг ч тохиолдол байдаггүй. Хэчнээн мундаг төр байгаад, хууль байгаад та хажуу талынхаа айлыг мэдээлэхгүй бол, та өөрийнхөө хүүхдэд үлгэр дуурайл үзүүлэхгүй л юм бол ямар ч нэмэр байхгүй. 

Хөршгүй хүчирхийлэл гэж байхгүй. Заавал байдаг. Зээлээр юм өгөөд байдаг дэлгүүр, худаг, хөрш гурав хамгийн ойрхон мэдээлэгч. Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн шинж тэмдэг мэдэгддэг шүү. Дип дап хийгээд, яах аргагүй сэжигтэй юм харагддаг.

Бидний хамгийн их хүндэлж байх ёстой бяцхан иргэд бол хүүхдүүд, бид хүчирхийллийг тэвчдэггүй хүн байхыг уриалж байна. 

“ХҮН БАЙ” ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАМЖ

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход иргэний, эцэг эхийн хяналт оролцоог нэмэгдүүлэх ХҮН БАЙ аяны агуулга, удирдамж 9 АЛХАМ.

Зорилго: Хариулагатай иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүчирхийллийг таслан зогсоох, хүүхдэд ээлтэй хөрш, сургууль, гэр бүлийн орчинг бүрдүүлэхэд иргэдийг уриалах, төр иргэний нийгэм, аж ахуй нэгж байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад нөлөөлөх

Бидний хийж чадах зүйлс:

1. Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргуудыг ашиглаж, хүүхдийн өмнө зөв үлгэр дууриалал үзүүлдэг байх;

2. Томчууд хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж эцэг, эх, багш нягт хамтын ажиллагаатай байж, хоорондын харилцаа холбоог сайжруулах;

3. Бүх төрлийн хүчирхийлэл, хууль бус үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрөлгүй хариуцлагатай, оролцоотой иргэн байж холбогдох байгууллагад ЗААВАЛ мэдээллэх;

4. Хамаатан, садан, айл хөрш эргэн тойрондоо сонор сэрэмжтэй байж хөршийн холбоог сайжруулах, хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх;

5. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага, төр, хувийн хэвшил, иргэдийн нягт хамтын ажиллагааг эхлүүлж олон нийт рүү чиглэсэн олон талт ажлуудыг өөрсдөө санаачлан хэрэгжүүлж, бүх талын хамтын ажиллагааг сайжруулах;

6. Хүүхэд хамгааллийн чиглэлээр ажиллаж буй ТББ , олон нийт, төр засгийн зүгээс иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцох боломжийг нээж өгч хамтын ажиллагааг сайжруулахад бүхий л дэмжлэгийг үзүүлэх;

7. Жолоо барихдаа хүүхдийг гарцан дээр хүндэлж, дуут дохио дуугаргахгүй утсаар ярихгүй байж хүүхдийн аюулгүй байдлыг үргэлж нэгт тавих;

8. Өөрийн амьдарч буй орон нутаг, сум хороондоо ХҮНБАЙ хөдөлгөөнийг эхлүүлж ямар нэгэн бүтээлч алхам хийн бусдад сэрэмжлүүлэг түгээх. Жишээ нь гудамжны зураг, дуу уран бүтээл, нийтлэл мэдээ;

9. Хүчирхийллийг шууд таслан зогсооход өөрсдийн хувь нэмрээ оруулж хүүхдийн утас 108, хүчирхийллийн эсрэг утас 107 утсыг таниулан сурталчлах, олон нийтэд ач холбогдлыг нь таниулахад хувь нэмрээ оруулах;

Иргэдийн бодит оролцоо, хариуцлагатай байдал, зөв хадлага одоогийн нийгэмд дутагдсаар байна. Хариуцлагатай төр, иргэнийгбий болохыг хүлээн суух биш өөрөөсөө эхлэн хариуцлагатай хувь хүн байж, нийгмийн асуудалд бодитоор дуу хоолойгоо өргөн, хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалан ажиллахад бүхий л хувь нэмрээ оруулах нь хүүхдэд ээлтэй нийгмийн бүтээхэд том нөлөө үзүүлж байна.

Хэвлэх эх файлыг татаж авах холбоос: https://we.tl/t-D02XGSnCpO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө 38 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ 38 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа 47 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ 49 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ 50 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 50 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ 55 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна 4 цаг 31 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв 4 цаг 33 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ 4 цаг 36 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 36 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана 4 цаг 39 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 40 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 40 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 6 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно 6 цаг 59 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ 7 цаг 3 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 7 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо 7 цаг 14 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ... Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэ... Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хант... “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шин... Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ
Top