x

Р.Амаржаргал: Нүцгэн тоо худал хэлдэггүй

Р.Амаржаргал: АН ялвал санхүүгийн мөлжлөгийг зогсоож, Эрдэнэт үйлдвэр зэрэг төрийн өмчит компаниудын хувьцааг монгол хүн бүрд эзэмшүүлнэ

Миний биеийг АН ялсан тохиолдолд Ерөнхий сайдаар томилох тухай намын шийдвэрийг та бүхэн сонссон байхаа.

С.Эрдэнэ дарга улстөрчийн төдийгүй төрийн хүний ноён нуруу гаргаж, урд өмнө байгаагүй жишиг, улс төрийн соёл тогтоолоо.

Миний хувьд энэ бол том итгэл, бас том хариуцлага. Улс орны эрх ашгийн үүднээс “хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай” гэдгийг ухамсарлан намын шийдвэр, журмын нөхдийнхөө итгэлийг хүлээн авч байна.

Өнөөгийн нөхцөл байдал цаашдын шийдэл, гарцын талаар байр сууриа илэрхийлье.

Нэг.  Цар тахлаас үүдэлтэй хямрал нь Монголын эдийн засаг бүр мөсөн сөхөрч, элгээрээ хэвтэх үү, үгүй юу гэсэн асуулт тавихад хүргээд байна.

Бодит байдал ямар болчихоод байгааг сонгуулийн хөөсрөл, хэнээрхэл халхлаад тэр болгон олж харахгүй байна. Карантин дуусаад л “гялалзуулаад өгнө” гэж ойлгоод байх шиг байна. Тийм амар биш ээ.  Ковид 19, дээр нь ган зуд нэрмээс болбол тун ч хүнд байдалд орохоор байна. 

Би зарим нэгэн тоо дурдъя. Нүцгэн тоо худал хэлэхгүй. Эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувиар уналаа. Экспорт -38.5 хувь, импорт -13.5 хувь, гадаад худалдааны нийт эргэлт -28.5 хувь,  аж үйлдвэрийн үйлдвэрлэл -27.3 хувиар уналаа. Аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, агаарын тээвэр тун хүнд байна. Эдгээр тооны цаана бодит хүн, айл өрх, ахуй амьдрал, амьжиргаа байгаа.

Өнгөрсөн 4-р сард ажилгүйдлийн санд хандсан хүний тоо 43 хувиар нэмэгдэв. Хандаагүй хэд байгаа билээ? Хөдөлмөр эрхлэлтийн тоог сүүлийн үед нийтлэхгүй нууж байна. Бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо цөөрсөн гэдгээр өөрсдийгөө хуураад сууж байна. 

МҮХАҮТ одоогийн байдлаар 100 мянган хүн ажилгүй болсон бөгөөд цаашид ч өснө гэж зарлаж байна. 

Ядуурал 28.4%, өрхийн орлого жоохон л буурахад ядуугийн эгнээнд орох хүний тоо сараас сард нэмэгдэж байна. 6, 7 сарын статистик мэдээгээр ядуурлын түвшин тавин хувиас даваад гарахад гайхахааргүй боллоо. 

Улсын төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөгт хүрлээ.

Ний нуугүй хэлэхэд сонгуулийн дараа тэтгэвэр, цалингаа тавьж чадахгүй байдалд хүрээд байна.

Гадагш нь гаргаж худалдаагүй байхад дотоодын зах зээлд махны үнэ 20 мянга давчихлаа. 

Төлбөрийн баланс, валютын ханш, ГШХӨ зэргийн тоог дурдахаас ч айж байна.

Албан ёсны статистикт тулгуурлан бодит нөхцөл байдлыг та мэдэж байх ёстой. Нүцгэн тоо худал хэлдэггүй юмаа.

Цар тахлаас үүдэлтэй энэ хямралыг давах 5.1 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэж өнөөгийн ЗГ зарласан. Гэтэл эдийн засаг нь 10.7 хувиар агшлаа. Нэг бол энэ их мөнгийг зарцуулаагүй, та биднийг хуурч байна. Эсвэл Засгийн газрын хөтөлбөр огт үр дүнгүй, байгаа онохгүй байна. 

2016 онд хоёр мянган км зам тавьж, мянган том жижиг үйлдвэр босгож санхүүжүүлээд, 82 мянган айлыг ипотекийн зээлд хамруулан орон сууцтай болгож, эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгдүүлж, иргэдийн өмч, хашаа байшинг үнэд хүргэсний төлөө АН өмнөх сонгуулиар “хангалтгүй” гэх үнэлгээ авсан. 

Өнөөдөр бид чадна гээд 65 суудал авсан МАН хүчээ нэгтгэж чадсангүй. 200 км зам хуулаад, иргэн болгоноо 28 сая төгрөгийн өрөнд оруулаад зогсохгүй хар жагсаалтад нэмж орууллаа.

Епропын холбооны хар жагсаалтад нэмж орууллаа. 

Ганц ч татвар нэмэхгүй гэж байсан МАН 9 төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгөний хадгаламжаас хүртэл татвар авдаг болов. 

“Цар тахлын нөхцөлд засгийн газарт нөөц хувилбар байх ёстой. Хурдан хэрэгжүүл, төсвийн тодотголоо яаралтай хий, саарал жагсаалтаас гадна хар жагсаалт гэж буй, түүнд нэг орчихвол гарахад” хэцүү шүү гэдгийг өнгөрсөн 1-р сард миний бие эрх баригчдад сануулж л байсан. 

Үнэндээ Ардын нам улс төрийн явцуу эрх ашгаа нэгдүгээрт тавьж, ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялах, миний дараа галав юүлсэн ч яахав мэтээр аашилж буй нь илт байна. 

Товчхондоо эдийн засгийн байдал тун эвгүй байна. Энэ нь даамжирвал нийгмийн тогтворгүй байдал ч үүсэх вий гэж санаа зовж байна. 

Хоёр.  УИХ-ын сонгуульд оролцож буй намуудын мөрийн хөтөлбөрт цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван гарах тухай огт хөндөөгүй нь тун харамсалтай. Ганцхан АН тодорхой төлөвлөгөөг мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Нэг нь нөгөөдөө тээг тавиад байвал бүгдээрээ улам л намагт живнэ. Тиймээс сонгуулийн дараах  эдийн засгийн нөхцөл байдлын талаар хариуцлага үүрч буй хүчнүүд нэн яаралтай зөвлөлдөх хэрэгтэй байна. Би үүнд бэлэн. Нээлттэй шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэлсэнчлэн “монгол ялах” цаг үе одоо л ирлээ.

Гурав. Цар тахлаас үүдэлтэй хямралаас гарах гарц шийдлийг 100 хоногийн дотор олж хэрэгжүүл гэсэн даалгаварыг АН, түүний олон мянган гишүүдээр дамжуулан, Монгол Улсын иргэд надад ногдууллаа. Зүйрлэвэл, миний бие эрчимт эмчилгээний баг ахалж, сэхээнд буй эдийн засгийг аврах үүрэг ногдож байгааг ойлгож байна. Миний хувьд ажлаас айх юм алга. Мэддэг чаддаг бүхнээ дайчлан ажилланаа.

Дөрөв. АН мөрийн хөтөлбөртөө хямралыг гэтлэн давахын тулд ямар арга хэмжээ эхний 100 хоногт авах шаардлагатайг бие даасан нэг бүлэг болгон оруулсан. Та бүхэн танилцсан байх. Тэр бүгдийг энд давтаад яахав. 

Бидний баримтлах гол бодлого, зарчим нь: аль болох иргэдийн нуруунд нэмэлт ачаа үүрүүлэхгүйгээр хямралыг даван гарах ёстой гэж үзэж байгаа бөгөөд ИРГЭДийн хувьд :

 -Амьжиргааны орлого тасалдахгүй

Ажлаасаа халагдахгүй

Орон байрнаасаа салахгүй байх ёстой

БИЗНЕС эрхлэгчдийн хувьд:

-Бизнес нь дампуурахгүй       

-Намаар нь ялгаварлахгүй

-Хүнд суртлаас ангид байлгах... 

 Ийм л бодлого зарчмын төлөө АН дотоод гадаад бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно. 

Тав. Мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулан уулзалт хийх явцад гарсан санаа, саналыг бид хүлээн авч байна. 

Нэн түрүүнд буюу эхний 100 хоногт: Давтан хэлье эхний 100 хоногт

1. Төсвийн тодотголыг хийж, төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлнэ.

2. Хэмнэсэн мөнгөө ААН-ийн орлогыг дэмжихэд чиглүүлнэ.

3. Шинээр нэмэгдсэн 9 төрлийн татварыг цуцална.

4. НӨАТ-ыг 10-аас 5% болгон бууруулна.

5. Ажлын байр хадгалсан, шинээр буй болгож байгаа аливаа төслийг дэмжинэ. Том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, жишээ нь, Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор парк, гурван улсыг хамарсан “Талын зам” төсөл зэргийг үндэсний аж ахуйн нэгжүүдийн шууд оролцоотойгоор, тэдний эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьж хэрэгжүүлнэ. 

6.  Санхүүгийн салбар дахь хүүгийн мөлжлөгийг яаралтай зогсооно. Бизнес эрхлэгчид, малчид, эмч, багш нар ер нь монгол хүн бүр зээлийн хүүгийн боол байж таарахгүй.

7. Нийтийн өмчийн хэлбэрийг дэмжиж, “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” зэрэг төрийн өмчит компаниудыг хувьцаат хэлбэрт шилжүүлж, Монгол хүн бүрд хувьцааг эзэмшүүлнэ. Баялгийн тэгш хуваарилалт, өсөлтийг өрх бүрд хүртээх зарчмыг тууштай баримтална.

8. ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, барьцаагүй зээлийг олгож эхэлнэ.

9.  Хар, саарал жагсаалтаас энэ намартаа багтаан гаргаж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дахин сэргээнэ. Хууль иргэд, эрх мэдэлтэн хоёрт ялгаатай үйлчилдэг байдлыг таслан зогсоож, шударга ёс, хуулийн засаглалыг жинхэнэ утгаар нь тогтооно 

Энэ бүгдийн эх үүсвэрийг та сонирхож байгаа байх. 7-7,5 тэрбум ам.долларын экспорттой, гурван сая иргэнтэй эдийн засаг мөнгөгүй гэж байхгүй. Хуваарилалтыг л зөв хийх хэрэгтэй.  Төсвөөс хуйвалдан, хулгайлагчдыг зогсоож, цээрлүүлэн, төсвийн шудрага, зөв хуваарилалтыг хийх болно. Энэ бол эдийн засгийн гэхээсээ улс төрийн сонголтын асуудал. 

Бас нэгэн зүйл. Хэрэв миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг халж солихыг урьтал болголгүйгээр төрийн албаны залгамж шинж чанарыг хадгална. Хүнс, хөдөө аж ахуйн яамыг хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн яам болгон өөрчлөн зохион байгуулна. Түүнчлэн Шинжлэх ухаан, инноваци, өндөр технологи, өрх, гэр бүл, хүүхэд, залуучуудын бодлого, спортын хөгжил хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг тус тус эмхлэн зохион байгуулна.

Засгийн газрын багийг бүрдүүлэхдээ мэрит зарчимд тулгуурлан мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагатай бөгөөд эх оронч, үнэнч шударга, өндөр ёс суртахуун, хариуцлагатай, ард түмний итгэл даах хүнийг багтаа урьж ажиллана.

Хямралыг даван туулах явцдаа үндэсний эдийн засгийн ирээдүйг давхар бодож ажиллах ёстой юм. Санасан бодсоноо хэрэгжүүлж чадвал 2024 онд ДНБ  74 их наяд төгрөг, экспортын  орлогыг 14 тэрбум долларт хүргэж, ядуурал, орлогын тэгш бус байдлын асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл хямралыг шийдэх явцдаа өсөлтийн найдвартай орчин, хөрсийг бүрдүүлнэ.

Эцэст нь нэг зүйлийг онцлоё. ҮХНӨ-өөр Ерөнхий Сайдын эрх гэхээс илүү үүрэг хариуцлага нь нэмэгдэж байна гэж би ойлгож байгаа. Энэ нөхцөлд АН ард түмнээрээ зөвхөн хууль тогтоогчдоо төдийгүй Засгийн газраа давхар сонгуулах гэж байна.

Тиймээс Өсөлтийн засгийн газрыг  дэмжиж ард түмэн, сонгогч та бүхэн Ардчилсан Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж саналаа өгөөч хэмээн чин зүрхнээсээ хүсч байна.

БИ хийсэн ажлынхаа бүх хариуцлагыг энэ биеэрээ ард түмнийхээ өмнө хариуцах болно.

Монгол Улс маань өсөн дэвжиж, өнө мөнхөд орших болтугай

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top