x

АН-ын 100 сая юуных вэ?

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвших санал илэрхийлсэн гишүүдээсээ 100 сая төгрөг татан төвлөрүүлсэн асуудал хөндөгдөж байна. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод, цэвэр байлгах тэмцэл, хараа хяналт бол маш зөв зүйл бөгөөд, ийнхүү олны анхаарлыг татаж байгаа нь сайн хэрэг.

Тэгэхээр “100 саяын” гол асуудал юу вэ? Хэрэв үнийн дүнг их, бага гэж ярих гэж байгаа бол яг хэд байх нь зөв бэ? 50 сая уу, бүр багасгаад 20 сая уу? Нэг хувь хүнд, айл өрхийн хувьд 100 сая төгрөг гэдэг асар их мөнгө. Сайн ярьвал ихэнх айл өрхийн хувьд 20 сая ч байсан маш их мөнгө. Алба хаагчийн 2 жилийн цалин шүү дээ. 100 сая учраас болохгүй, 20 сая байсан бол болно гэх нь учир дутагдалтай. Их үү, бага уу биш, зарчим нь зөв үү буруу юу гэдгийг бид харах ёстой. Их унгасан ч өмхий, бага унгасан ч өмхий гэдэг.

Сонгууль гэдэг юм өртөг зардал ихтэй тухайд нурших нь илүүц. Тэрхүү зардлын тодорхой хувийг засгийн газар, тодорхой хувийг өрсөлдөж буй талууд өөрсдөө гаргах зарчмаар дэлхийн улс орнууд явж байна. Нийгэм дэх тоглоомын дүрмийг зохиож явахад шаардлагатай “улс төрийн зардал” юм. Энэ мөнгө тэнгэрээс буугаад ирэхгүй. Хувь улс төрчид гаргалцаад, дамжилцаад явна. Улс төрийг бизнес гэж харах хүмүүс олон байдаг нь харамсалтай ч, бүгд тийм биш. Насныхаа эцэст “би ид насандаа ирээдүйнхээ төлөө эрсдэл үүрээд, хөрөнгө мөнгөнөөсөө илүүчлээд, үзэл бодлынхоо төлөө тэмцэж явлаа” гэж ам бардам хэлээд сууж байхын тулд, хувь заяандаа эзэн байхын тулд, утга учиртай амьдрахын тулд энэ замыг сонгосон “үнэт зүйлтэй” хүмүүс бас бий! Эх орны хөвгүүд, охидоор их түүх маань дутдаггүй.

Манай оронд 90 оноос өмнө “улс төрийн зардал” байгаагүй биш, байсан. Байх байхдаа маш өндөр байв. Социалист нийгэмд тоглоомын дүрмийг нэг нам, тухайн үеийн МАХН өрсөлдөөнгүйгээр тогтоодог байсан ч, тэр нийгмийг тогтоон барих, залуурдах, ажиллуулж байхын тулд улсын төсвийн 5 төгрөг тутмын 1-ийг “үзэл сурталд” зориулж байж. Мөн тэр үзэл суртлын аварга машиныг саадгүй ажиллуулж эхлэхийн өмнө цуст цэвэрлэгээ хийснийг мартаж болохгүй. 30-аад онд идэр насны 4 эрэгтэй тутмынхаа нэгийг алж, цаазалж, нийтээр нь айлгаж байж (хүний алтан амиар хэмжигдэх зардал!!!) тэр аварга машин ажиллаж эхэлсэн.

Буцаад яриандаа оръё. Энэ удаагийн сонгуульд нэг хүнээс хэдий хэмжээний зардал гарах вэ? Жишээ нь 120 мянган сонгогчтой, 50 мянган өрхтэй нэг тойрог байна. Айл бүрт суртачилгааны материал 2 удаа оруулна гэж бодвол нийт 100 мянган ширхэг материал хэвлэх болно. Нэг бүрийг нь 1000 төг гэвэл 100 сая, 2000 төг гэвэл 200 сая төгрөг зөвхөн энэ брошурт хэрэгтэй. Сонгуулийн хуулиар зөвшөөрөгдсөн самбарын тоо 450. Нэг самбарын үнэ хэдээр гарахав, материал нь мод уу, төмөр үү гээд явна. Түүнийг 450-аар үржүүлье (хэрэггүй мянга, мянган самбарын үйлдвэрлэл!).

Айлуудад материал оруулж өгөх хүмүүс, самбар тогтоож суурилуулах хүмүүс хэрэгтэй. 200 сонгогч тутамд нэг сонгуулийн ажилтан, ухуулагч ажиллуулж болохоор хуулинд заажээ. Тэгэхээр 600 хүн. За ийм олон хүнээр яахав, талаар нь юмуу, 60 хувьтай болгоё. Үүнээс 100 орчим хүн нь ямар ч цалин урамшуулал авахгүй сэтгэлээрээ ажиллах хүмүүс, үлдсэн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал авна гэвэл 100 сая. За цалин өгөх, өгөхгүй бүх хүнийг нийлүүлээд өдөр бүрийн хоол, унаанд нь мөнгө шаардагдана. Үүн дээр хороо бүрт ядаж нэг штаб гэж бодвол 15 штабын түрээс. Машин тэрэг, бензин, утас, ТВ нэвтрүүлэг, ярилцлага, сайт, сонин дээрх сурталчилгаа, уулзалтууд...

Үндэсний аудитын газар энэ бүхнийг тооцоолоод сонгуулийн зардлын хууль ёсоор хүлээн зөвшөөрөх дээд хязгаарыг тойргоос хамаарч 600-700 сая төгрөг байна гэж тогтоожээ.

Манайх шиг нэг хүнд 4000 долларын ДНБ ногддог хөгжиж буй жижиг эдийн засгийн хувьд арай л ахадсан зардал юм. Мэдээж тухайн нэр дэвшигч бага зардлаар сурталчилгаа хийж болох ч, хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй одоогийн эрх баригчид хуулиар олгогдсон боломжийг тултал ашиглах биз. Хүч тэнцвэргүй тулаан явагдана гэсэн үг.

Хөрөнгөжсөн, баяжсан, төсвийн мөнгийг, хүн хүч, сувгуудыг тултал ашиглаж чадах эрх баригчдын хувьд сонгууль өндөр зардалтай байх тусмаа ашигтай. Тэд бас томоохон компаниудтай урьдчилан тохирч, заримыг нь айлгаж, “дээрэмдэж” чадна. Суудлаа алдахгүйн тулд өндөр босготой, хэн мөнгөтэй нь ялах тоглоомын ийм дүрмийг чухамхүү засаг барьж буй олонхийн бүлгийн УИХ-ын гишүүд, МАН-ын дарга У.Хүрэлсүх монголын ард түмэнд тулган хүлээлгэсэн юм! Уул нь сонгуулийн зардлыг хэд дахин багасгах боломж бий, тэр тухайд тусдаа өгүүлье.

Нэр дэвшигчээс гарах зардлын тухайд тийм байдаг байж. Тэгвэл намд өгч байгаа “100 сая” юуных вэ? Аливаа нэр дэвшигчээс гарах зардлыг үндсэнд нь хоёр хувааж болно. Нэг нь дундаа нийлүүлээд гаргадаг нийтлэг зардал. Жишээ нь намаас хийх рэйтингийн судалгаа, мөрийн хөтөлбөр боловсруулах судалгаа, хэлэлцүүлэг зохиох, улс төрийн акциуд, гишүүдээ идэвхжүүлэх ажлууд, намаас нэгдсэн байдлаар гаргах сурталчилгаа гэх мэт. Үүнээс зарим үйл ажиллагаа нь сонгууль болохоос олон сарын өмнө явагдаж эхэлдэг буюу 

тэр үеэс шаардагдана. Нөгөөх нь тухайн нэр дэвшигчээс өөрөөс нь шууд гарах зардлууд. Энэ хоёр зардлын харьцаа янз бүр байж болно. Сурталчилгааны материалыг намаас төвлөрсөн байдлаар явуулна гэвэл дундын зардал ихэснэ. Хувь нэр дэвшигч өөрөө өөрсдийгөө болгоно гэвэл дундаа нийлүүлэх зардал багасна.

АН-ын хувьд намын нийтлэг зардлыг 100 сая байхаар тогтоогоод, бусад зардлаа яаж гаргахаа тойрог дээр хамт дэвших хүмүүс, аймаг, дүүргийн намтайгаа ярилцаж шийдэх зарчмыг ҮБХ-ны хурлаараа баталсан. Тойрог бүрт өөр өөр гэсэн үг (гэснээс, урд өмнөх сонгуулиудад нэр дэвшчихээд, баахан хүнийг ажиллуулж, бөөн ажил болгочихоод мөнгөө төлөхгүй зугатсан тохиолдлууд гарч байсан юм билээ. Тиймээс зардлын тодорхой хэсгийг урьдчилан байршлуулахыг зарим орон нутагт шаардах нь бий). Миний хувьд зарим асуудал дээр өөр санал гаргасан боловч олонхиор баталсан учир нуршихыг азная.

Харин эрх баригч нам нэр дэвшигчдээсээ “нэг ч төгрөг авахгүй” гэж зарласан нь нэгдсэн журмаар гарах намын үйл ажиллагааны зардлыг, ер нь тэгээд сонгуулийн зардлыг хаанаас гаргах юм бэ гэдэг зүй ёсны асуултыг дагуулж байна. Улс төрийн нам гэдэг компани шиг баялаг бүтээж, ашиг үйлдвэрлэдэггүй. Тэгэхээр өөрийн эрхгүй төсвийн хөрөнгө мөнгө, төрийн байгууллагуудын нөөц бололцоо, албан хаагчдыг дайчлан ашиглах юм байна гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

АН харин улс төрийн намуудаас анх удаа ҮБХ-ыхоо хурлаар ил тод зарлачихлаа. Дээр дурдсанчлан 100 сая гэдэг дундаж цалин орлоготой харьцуулахад аварга тоо, тэглээ гээд нэг айлын амьжиргааг харгалзаж үзээд 5 сая болгох ёстой байсан уу? Үлдсэн том зардлыг яах вэ? Хулгайлах уу? Эрх баригчид энэ асуултад хариулахгүй байна.

Өнөөдөр шударга хөдөлмөрөөр мөнгө олж, сайхан орон байр, машин тэрэг, тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө зоорьтой болсон залуучууд цөөнгүй байна. 200 саяын машинаа зарж, хавь ойроосоо хандив дэмжлэг аваад энэ хэдэн луйварчдаас салъя гэх залуу хүн Монголд байх ёсгүй гэж үү? “100 саяын асуудлыг” нэг өрхийн дундаж цалин, орлоготой харьцуулж ярих нь Монголын төрийг нэг л айлын амьжиргаагаар дүйцүүлэн үнэлж байгаа хэрэг.

76 гишүүний асуудал бол 76 хувь хүний ч юмуу, өрхийн асуудал биш, Монгол улсын, монгол үндэстний өнгөрсөн, одоо, ирээдүйн асуудал юм. Нэр хүнд нь уначихаад байгаа болохоос биш, уул нь төрийн 76 баганын асуудал юм. Түг түмэн айлын амьдрал ахуй, төлөөлөл, дуу хоолойны асуудал учраас мянга, мянган хүн сонгуулиар материаллаг болон оюун санааны хувьд оролцож, өөрийн сонголтыг баталгаажуулахын тулд дэмжиж, тэрхүү үйл явцын нэг хэсэг нь болж байдаг билээ.

Түүнээс биш, зөвхөн их мөнгөтэй хүн л өөрөөсөө их мөнгө гаргаж улс төр хийгээд байдаг бол бидний ирээдүй бүрхэг юм. Манайд ийм гажуудал газар авч байгаа нь харамсалтай ч, бид засах ёстой. Мөнгө олдог хүн мөнгөө ол, бизнесээ хий. Улс төрд манлайлагч хүн бусдынхаа дэмжлэгийг ав, итгэлийг нь хүлээж ажилла. Уул нь ийм л зарчим хэрэгжих ёстой. Хэрэв 100 саяыг төлсөн хүн дэлгүүрт бараа авдаг шиг хариу юм авна, эсвэл мөнгөө өсгөж буцааж олно гэх байдлаар нэр дэвшигч нь ч, сонгогчид нь ч харж байгаа бол бидэнд ирээдүй байхгүй.

Ардчилсан намын асуудлыг хангалттай ярьлаа. Гэснээс АН-ын биш, сайн танихгүй хэдэн залуу АН-ын туг хажуудаа тавиад хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэд бол өөр санаа зорилготой, өөр уран бүтээлийн нэгдэл, хамтлаг гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Хэрэв хөрш айлын хүн миний гэр бүлийн талаар мэдэгдэл хийгээд унавал сэтгэцийн өвчтэй юм болов уу гэж бодохсон.

Одоо манай олон нийт эрх баригчдаас асуух хэрэгтэй. Та нар намынхаа үйл ажиллагааны санхүүжилтийг яаж шийдэж байна?? Намын дарга У.Хүрэлсүх та нэр дэвшигчдээс нэг ч төгрөг авахгүйгээр хаанаас “мөнгө ургуулах” гэж байгаа вэ? Хэрэв төсвийн хөрөнгө мөнгө, нөөц бололцоог дайчлах гэж байгаа бол тэр хамгийн бузар, бохир үйлдэл. Бохир мөнгө холилдсон улс төр эргээд бохир мөнгийг бий болгож, нийгмийг бүхэлд нь бохиртуулж, хөгжлийг хойш татна гэдгийг монголын ард түмэн хэлүүлэлтгүй мэднэ.

М.Тулгат /НИТХ-ын төлөөлөгч/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно 49 мин Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ 1 цаг 16 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгоно 1 цаг 23 мин Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна 1 цаг 30 мин Баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оман улстай хамтран ажиллана 1 цаг 35 мин Д.Гандулам: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн 1 цаг 44 мин Трампын татвараас болж Франц дарсны экспортлогчид €1 тэрбумаар хохирно 2 цаг 3 мин Novo Nordisk Европын хамгийн үнэтэй топ-10 компанийн жагсаалтаас хасагдав 2 цаг 4 мин Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зээлд хэрхэн нөлөөлөв? 2 цаг 13 мин Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ 2 цаг 20 мин Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал 2 цаг 36 мин Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлдэх биш, бодлого болж гарах учиртай 2 цаг 45 мин Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна 2 цаг 52 мин Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв 2 цаг 55 мин АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав 3 цаг 1 мин Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал 3 цаг 5 мин Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 3 цаг 13 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт Монгол, Австралийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 3 цаг 17 мин Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ 3 цаг 24 мин Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 4 цаг 22 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байн... Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ ЗАЛБИРАЛ Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ... Цаг агаараас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрги... Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ Б.Энхжаргал ДАШТ-ий халз буудлагын төрөлд алтан медаль хүртэ... “Тур де Франс” уралдаанд П.Ферран-Прево түрүүллээ “Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатны 462 айлын о... ОПЕК+ олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан 10 ойн түймрийг унтраахаар аж... Хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодорно Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал ЭТТ: Өнгөрөгч сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 болжээ
Top