x

Ч.Отгочулуу: Нөөц боломж байсаар байхад өр тавьж, сонгуулийг санхүүжүүлэх гэж байна

Коронавирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, үүний эсрэг авч хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Дэлхий дахинд коронавирусийн тархалт эрчтэй явж байгаагаас эдийн засгийн хүндрэл бүх шатанд үүсээд буй. Үүнтэй холбогдуулан гадаад нөхцөл байдал ямар байгаагаас ярилцлагаа эхлүүлье?

-Коронавирусийн халдварын тархалтын үр дүнд дэлхийн эдийн засагт уналтын шинж тэмдгүүд ажиглагдаад эхэллээ. Нэгдүгээрт, хамгийн муу хувилбараар бодвол дэлхийн эдийн засаг хасахтай гарах нь. Уг нь 2-3 хувьтай өснө гэж байсан ч нэг хувьтай өсвөл их юм болох нь. Европын эдийн засгийн өсөлт ч их сулрах төлөв ажиглагдаж байна.

Дэлхийн эдийн засаг сулрахад хамгийн түрүүнд зэсийн үнэ унадаг. Хоорондоо шууд хамааралтай байдаг учраас тэр юм. Манай экспортын орлогын 40, улсын төсвийн орлогын 20-30 хувь мөн зэс болон түүнээс хамаарах салбаруудаас бүрддэг. Зэсийн үнэ тонн тутамдаа 6000 ам доллар ба түүнээс дээш байх таамаглалтай байсан ч өнөөдрийн ханш 5000-тай байна. Энэхүү зэсийн үнийн уналт нь “Оюу толгой”, “Эрдэнэт” үйлдвэрт цочир нөлөө үзүүлэхийн дээр улсын төсөвт том цоорхой үүсгэхээр байна. Хоёрдугаарт, БНХАУ-д маш олон үйлдвэрүүд хөл хорионд орсон. Хятадын үйлдвэрлэл саарвал манай улсын нүүрсний экспорт дагаад зогсчихдог.

Гэтэл нүүрс маань бас л экспортын 40 орчим хувийг дангаар хангадаг том салбар. Гуравдугаарт, Монголд хөл хорио тогтоосонтой холбогдуулан ААН-үүд, ялангуяа, жижиг ресторан, зочид буудал, бусад үйлчилгээний газруудын орлого тасарч эхэллээ. Үүнээс улбаалан салбар бүрд цомхотгол эхлэх хандлага ажиглагдаж байна. Учир нь ААН-үүд орлогогүй болохоор цалингаа тавьж чадахгүй шүү дээ.

-МҮХАҮТ-ын судалгаагаар одоогоор 6000 хүн цомхотголд орсон гэх мэдээлэл байна. Цомхотгол хийгдсэнээр ажилгүйдэл нэмэгдэж, улмаар ядуурал газар авна. Судалгаагаар ажилгүйдэл, ядуурлын түвшин хэдэн хувьтай байна вэ?

-Өнгөрсөн таван жилд нэг өссөн үзүүлэлт бий. Энэ нь ядуурал. Ядуурал дунджаар 20 хувьтай байсан бол өнөөдөр 10 нэгжээр өсч, 30 хувьд хүрээд буй. Ахиад бага зэргийн шок үүсэхэд 15 нэгжээр өсөх буюу 45 хувьд хүрэх магадлалтай гэсэн судалгаа оны өмнө гарсан. Иймд коронавирусийн шокийн үр дүнд ядуурал тодорхой хувиар нэмэгдэх нь лавтай боллоо. Харин ажилгүйдлийн тухайд, манай статистик их сонин. Ажил хайж, ажилгүйдлийн тэтгэмж авч байгаад дараа нь хасагддаг. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй ажилгүйчүүдийн статистик тоо бодит ажилгүйдлийг илэрхийлж чаддаггүй.

Тиймээс хөдөлмөрийн оролцооны аргаар тооцсон статистик харахаар огт өөр дүр зураг харагддаг. Хэдэн жилийн өмнө хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 70 хувь нь албан ба албан бус ямар нэг байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бол 50 хувьд хүрч буурсан байсан. Гэхдээ энэ бол мөн л коронавирусийн шокоос өмнөх дата шүү. Залуучуудын дунд далд ажилгүйдэл улам өсөх хандлагатай байна. Тэртэй тэргүй эмзэг байсан ажилгүйдэл, ядуурал вирусийн нөлөөгөөр улам муудах нөхцөл үүсээд байна.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусийн эсрэг арга хэмжээ, эдийн засгаа барих шийдвэрүүд нь энэ ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодит нөлөө үзүүлж чадах уу. Үүнээс өмнө Засгийн газарт, ялангуяа Ерөнхий сайдад эдийн засгийн ямар нэг арга хэмжээг авах эрх мэдэл байхгүй гэж эдийн засагчид шүүмжилж байна?

-Монгол Улс Үндсэн хуулиа дээдэлсэн хуулийн засаглалтай улс юм. Үндсэн хуулийн дагуу аливаа бодлого боловсруулах, хууль батлах эрх нь гагцхүү УИХ-д байдаг. Үүнд төсөв, мөнгөний бодлого бас орно. Хэрэгжүүлэх чиг үүрэг нь мөнгөний бодлогын хувьд Монголбанканд, сангийн бодлого талаасаа Засгийн газарт бий. Манай Ерөнхий болон Сангийн сайд нарын хэлж байгаа үг, үйлдэл өөр хоорондоо авцалдахгүй, зөрөөд байгаа нь үнэн.

Нэгдүгээрт, Монголбанкны өмнөөс ярих эрх ямар ч сайдад байх ёсгүй. Хоёрдугаарт, УИХ-аас төсвийг хасч, танаж, батлаагүй байхад өмнөөс нь Ерөнхий сайд ярьж болохгүй. Эдийн засгийн ямар ч онцгой нөхцөл байдал үүссэн байлаа төрөө, хуульт ёсоо дээдэлдэг үндсэн зарчмаа л барих нь зүйтэй. Маш олон орон яг ийм байдлаар дарангуйлал руу явсан жишээ бий. Дарангуйлагч Гитлер жишээ нь эдийн засгийн хямралыг ашиглаж, парламентынхаа эрх мэдлийг хумих замаар ардчиллаа булшилсан шүү дээ.

Тиймээс коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралыг бид төрийн эсвэл ардчиллын хямрал болгож огт болохгүй. Ингэхийн бол урт хугацаандаа манай улсад маш сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй.

-Ерөнхий сайдын гаргасан долоон шийдвэр хөрсөн дээр хэр зэрэг буусан, байгаа оносон арга хэмжээнүүд вэ? Бас Монголбанк зээл тэглэсэн ч юм шиг, үгүй ч юм шиг?

-Монголбанк зээлийн ангиллыг бууруулахгүй гэж зарласан. Энэ нь зарим хүмүүст зээлээ төлөхгүй байж болно гэж буруу ойлголт өгсөн байх. Хамгийн гол нь энэ арга хэмжээг Монголбанкныхан өөрсдөдөө зориулж хийсэн байх. Учир нь Төв банк мөнгөний бодлогоо УИХ-аар батлуулдаг. Жилийн дараа ажлын гүйцэтгэлийн дүнгээ тавиулна. Тэгвэл ажлын гүйцэтгэлийг хэмждэг нэг нэгж нь чанаргүй, муу зээл байдаг. Чанаргүй, муу зээлийн хэмжээ өсөөд байвал Монголбанканд ашиггүй.

Тиймээс л жилийн эцэст нэрээ цэвэрлэх, статистикийг гоё харагдуулахын тулд уг журмыг гаргасан гэж дүгнэж байна. Түүнээс зээлдэгчийн нуруун дээр ирж байгаа ачааллыг бодитоор бууруулах талаасаа биш болов уу. Мөн Засгийн газраас зарлаад буй ЖДҮ-ийг дэмжих бодлого нь амьдрал дээр байгаа оносон юм одоогоор алга. Төсвийн бодлого уг нь ард түмний өмч байдаг. Гэтэл манай сайд, дарга нар төсвийг өөрсдийнхөө хувийн өмч адил аяглаад байх юм.

Тухайлбал төсөвт таналт хийхгүй гээд байна. Гаднаас өр тавьж, ирээдүйд татвар төлөх иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбумаар барих ямар ч шаардлага байхгүй. Мөн аялал жуулчлалын салбар ойрын 2-3 жилдээ сэргэхээргүй байхад зарим суманд нэг хөшөө, цогцолбор босгоно гээд улсын төсвөөс 5.7 тэрбум төгрөг гаргана гэж байгаа нь утгагүй. Засгийн газар энэ мэт тэвчиж болох зардлаа танахгүй байгаад асуудал байна.

Манайд коронавирус тархаад ирэхэд эмнэлгүүд бэлэн биш байгаа нь бодит үнэн. Тэгэхээр эмнэлэг гэх мэт зайлшгүй зүйлдээ хөрөнгөө чиглүүлэхийн оронд усан оргилуур барих хэрэггүй. Иймэрхүү шүүмжийг өгч байгаа хүмүүсийн зөв шүү дээ.

-Сангийн сайд төсөв тодотгохгүй гэдгийг зургаа дахь удаагаа хэлсэн. Яагаад ингээд “гүрийгээд” байгаа юм бол?

-Энэ жилийн төсөв маань ард түмэнд биш, харин сонгуульд зориулж баталсан төсөв юм. Сонгуульд дахин нэр дэвших УИХ-ын гишүүд өөрт нь ажиллах компаниудад зориулж бүтээн байгуулалт нэртэй үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж тусгасан мөнгөнөөсөө татгалзаж чадахгүй байгаа юм. Уг нь 2-3 их наяд төгрөгөөр үр ашиггүй, талаар нэг тараасан хөрөнгө оруулалт хийж байхаар төсвөө таначих хэрэгтэй. Татвар төлөгч нарт нэмэлт дарамт учруулахгүй гэсэн үг. Нөгөө талаас ингээд орлого сулраад ирэхэд нь НӨАТ, НДШ-ийг чөлөөлж болох хувилбар байна. Учир нь зардлаа эхэлж танаж байж, орлогоо танах хэрэгтэй болно. Улмаар ЖДҮ-ийг НДШ, НӨАТ-аас урт хугацаанд чөлөөлөх хэрэгтэй.

Засгийн газрын гоё, гоё үгтэй хоосон амлалтууд нь хэрэгжилтийн буюу дунд шатандаа маш их бэрхшээлтэй байна. Асар том хүнд суртлын аппараттай ААН-үүд тулгарч байна. Заавал нэг татварын байцаагчаас зөвшөөрөл авч, үнэлгээ гаргуулах гэх мэт хүнд суртал хэвээр байгаа учраас дээгүүрээ хэчнээн үлгэрийн сайхан зүйл яриад доод шатандаа хүнд суртлын бетонон ханыг нэвтэлж чадахгүй байна л даа. Бусад улс орныг харахад, эдийн засгаа сэргээх том цогц арга хэмжээ авч байна.

Германчууд ЖДҮ-тээ хязгааргүй, хүүгүй, барьцаагүй зээл олгох, америкчууд мөнгө тараана, япончууд нэг талдаа хэрэглээг дэмжих зорилгоор мөнгө тараах бол нөгөө талдаа үйлдвэрлэгч нартаа хүүгүй зээл өгнө гэх мэт дорвитой хөрсөн дээр буусан дэмжлэг үзүүлж чадаж байна. Харин манай дарга нар баталсан төсвөө яаж хуваарилж авах вэ гэдэг дээрээ анхаарч байна. Тэгээд шүүмжлээд байгаа хүмүүсийн амыг хаах гэсэн өнгөц арга хэмжээ авч, түүнийгээ гоёчлон сурталчилж байна.

-Зэс, нүүрс, үүний рояалти гээд бүх том орлого тасарчихаар улсын төсвийн орлого хэдэн их наядаар тасрах эрсдэлтэй байгаа вэ. Дээрээс нь ААН-үүдийг НДШ-ээс зургаан сараар хөнгөлчихлөө. Энэ нь бас л төсвийн орлогын нэг хэсэг шүү дээ. Төсвөө тодотгохгүйгээр яг яаж бүрдүүлэх гээд байгаа юм бол?

-Миний ойлгосноор хоёр тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл авах юм байх аа. Одоо 11 их наядын төсөвтэй гэхээр улсын төсвийн тал хувь нь байгаа биз. Эрх баригч нам анх “Өр төлбөр нэмэхгүй. Зээл нэмэхгүй” гэсэн амлалт өгч гарч ирсэн. Тэр үед Засгийн газрын гадаад өр 4.5 орчим тэрбум ам.доллар байсан бол одоо долоон тэрбумд хүрсэн болсон. Үүн дээр нэмээд ахиад хоёр тэрбум ам.долларын зээл авах юм бол есөн тэрбум ам.долларын гадаад өр зээлтэй болно. Татвар төлөгчид л төлнө. Уг нь ингэхийн оронд төсвийн хөрөнгөөр хийгдэх үр ашиггүй, ичгүүртэй гэж хэлэхэд багадмаар, тойргийн усалгаанд зориулсан усан оргилуур, хөшөө, дурсгалыг больчих хэрэгтэй.

Манай зарим эдийн засагчид тооцоо гаргасан байна билээ. Төсөвт тэвчиж, танаж болох зүйлээ ангилбал нийт 700 тэрбумаас 1,200 тэрбум төгрөг хэмнэх боломж байна гэж. Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалт 2-3 их наяд төгрөг байгаа. Тултал нь хэмнэе гэвэл ийм боломж байна. Гэлээ гэхдээ огцом агшааж болохгүй, хийх ёстой ажлууд нь явж байх л хэрэгтэй. Гол нь үр ашиггүй, тэвчиж болох зардлуудыг л танах зайлшгүй шаардлагатай.

-Төсвийн орлого таван их наяд төгрөгөөр тасарна гэдэг тааз тоо юу. Үүн дээр алдагдалтай төсөв бас нэмэгдэж таарах байх?

-Нүүрс, зэсийн үнийн хэлбэлзлээс маш их зүйл шалтгаална. Жижиглэн худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбар нам зогсолт хийгээд эхэллээ. Эд НӨАТ-ыг бүрдүүлдэг гэдэг утгаараа чухал салбарууд болно. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогын ихэнх хувийг “Оюу толгой”, нүүрсний үнэ, НӨАТ гэдэг хэд гурван зүйл бүрдүүлж байгаа.

“Оюу толгой”-н далд уурхай вирустэй холбоотойгоор зогсонги байдалд орчихлоо. Нүүрсний бас зогсонги, үнэ нь яах нь тодорхой бус байна. Гурав дахь эх үүсвэр болсон НӨАТ бас нам зогсчихлоо. Тэгэхээр төсвийн орлого ихээр тасарна байх. Гэтэл 2020 оны төсөв угаасаа хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан шүү дээ. Таны хэлснээр тав дээр нэмэх нь хоёр гээд нийт долоон их наяд төгрөгийн орлого сох дутвал яах вэ. Асуудал нэлээд хүндэрнэ, жинхэнэ сүйрэл болно. Тиймээс л яаралтай төсвийн тодотголыг хийх ёстой. Үнэхээр ард түмний төлөө, улс орныхоо эдийн засгийн төлөө төсвийн тодотголоо хийх л ёстой. Даанч улстөрчдийн бэртэгчин, амиа бодсон, дахин сонгогдох гэсэн эрх мэдлийн төлөөх шуналаас болж хүнд байдалд орох гээд байна.

Дэлхий даяар хямарч байхад манайд зээл өгөх гаднын орон тэр бүр олдохгүй. Учир нь бүх улс асуудлаа шийдэж чадахгүй өөрсдийгөө яая гэж байхад юун бидэнд туслах. Хуучин жижиг улс хямрахаар том улс нь тусалдаг байсан. Харин одоо том улсууд өөрсдөө хямралтай байна. Дээр нь гаднын, ялангуяа, Хятадын эдийн засгийн өсөлтөд найдалтгүй болсон. Энэ зун нэлээд хүндэрнэ байх гэж харж байна. Гэхдээ эрх баригчид сонгуульд ялахын тулд байгаа жаахан валют, төсвийн нөөцөө цөлмөж хаяад маш хүнд эдийн засгийг үлдээгээд явах байх.

-2021 оноос бондын өр төлбөр хийгдэх ёстой. Том төслүүд гацчихсан байна. Одоо ямар бодлого явуулбал хамгийн оновчтой вэ?

-Тийм, 2021 оноос эхлэн жил бүр 1-2 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Тэр үеийн ханш болох 3000 төгрөгөөр үржигдээд 6-7 их наяд төгрөг буюу төсвийнхөө бараг 70 хувийг гадаад өрөндөө явуулна гэсэн үг. Тэгэхээр яаж амьдрах вэ. Өнөөдөр дотоод нөөц боломж байсаар байхад нэмж өр тавьж, сонгуулиа санхүүжүүлэх гээд байгаа нь харгис бодлого. Дайны хажуугаар дажин гэгчээр популизм илүү гай тарьж мэдэхээр байна. Бусад орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар шуурхай бодлого явуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг зээлээс чөлөөлөх амлалт өгч байна.

Зарим орон тусдаа чартер онгоц илгээж, том хөрөнгө оруулагчдыг нутагтаа авчирч байна. Ингэж байж эдийн засгийн шокуудыг хөнгөлнө. Дэлхий даяар маш олон Хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэлгээ уналттай байна. Тэндээс суларч байгаа мөнгө хаашаа явах вэ. Зарим нь алт, зарим нь эрсдэл багатай орнууд руу, эсвэл шинэ бизнес рүү явна.

Дэлхийд хэдэн их наяд ам.доллар эргэлдэж, тэр дунд ийм эрсдэлтэй үед хямд хувьцаа авах, боломж хайж яваа бизнесменүүд цөөнгүй байдаг. Нэг ёсондоо 150-300 тэрбум ам.доллар эрсдэл үүрсэн хөрөнгө оруулалтад зарцуулагдах боломжтой. Зөвхөн геологийн салбарт л гэхэд 300-750 сая ам доллар бэлэн байна гэсэн судалгаа байдаг. Энэ мөнгийг эх орондоо татахын тулд улс орнууд хоорондоо өрсөлдөж байна. Одоо Америк, Хятадын төрийн бондод хөрөнгө оруулдаг цаг өнгөрсөн байна. Мөнгө унтдаггүй. Банканд байршуулахаар ашиггүй учраас шинэ бизнес рүү эрсдэлд дуртай хүмүүс хөрөнгө оруулалт хийж байна. Үүнийг Монголд татах боломж бий.

-Коронагийн дараах дэлхий ертөнц ямар байх бол, эдийн засаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ?

-Дэлхий даяар интернэт, зайн бас дата серверийн бизнес хүчээ авахаар болчихлоо. Коронавирусийн дараах дэлхий ертөнц цахилгаан эрчим хүч, интернэтээс илүү хамааралтай болно. Иргэд нь гэрээсээ ажлаа хийдэг, бас компьютер, зурагтаар бүх мэдээллээ авдаг эдийн засагтай болох нь. Үүний цаана кабел, цахилгаан, интернэтийн хэрэгцээ маш их болно. Тэгэхээр Монголд зэс бас газрын ховор элементийн нөөц байгаа учраас үүндээ хөрөнгө оруулалт татаж, үүнийгээ боловсруулж сурах хэрэгтэй. Коронагийн дараах бизнесийн загвар, ерөнхий суурь шийдлүүд тэс өөр болно.

Манай улс мэдээж зэс, газрын ховор элемент дээр суурилсан эдийн засаг руу хүссэн, хүсээгүй явна. Манай улс жижиг, авсаархан учраас вирусээс тусгаарлаад байх боломжтой. Ердөө нэгхэн олон улсын чанартай онгоц буудал, бас цөөн хэдэн хилийн боомтуудтай шүү дээ. Тиймээс л коронавирусийн дараах дэлхий ертөнцөд хэрэгтэй нөөц боломжуудаа зөв зохион байгуулах л хэрэгтэй.

-“Оюу толгой”-н төслийн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл манайд ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-2019 онд “Оюу толгой” 330 сая ам.долларын орлого төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ бол нэг их наяд төгрөг. Шууд бус ханган нийлүүлэгчээ оруулбал төсөвт оруулж буй хувь нэмэр нь бүр өсөөд явчихна. Хэрэв далд уурхай ашиглалтад орвол экспортынх нь хэмжээ 4-5 дахин өснө. Үүнийг дагаад манай рояалти, татвар, валютын орлого өсч, гадаад өрөө төлөх чадвартай болно. Коронагийн энэ үед тусдаа бодлогоор дэмжиж төслийг хөдөлгөх л хэрэгтэй.

Гэтэл дээр нь арбитрын асуудал гээд л... Мөн “Тавантолгойн” цахилгаан станцыг яаралтай барих хэрэгтэй. Бүх шийдэл нь бэлэн болчхоод байхад л их удаан гацаагаад байх юм. Бариад эхэлчихвэл коронагаас болж ажилгүй болсон олон зуун ажиллагсад, инженерүүд ажилтай болно. Нэг гэж голохгүй ажлын байр бүрийн араас чичрээд дайрах хэрэгтэй.

-“Саарал жагсаалт”-аас энэ онд гарна гэж байсан ч талаар болж байх шиг байна?

-Этиктэй, ёс суртахуунтай, харилцан ашигтай ажиллах хүсэлтэй хөрөнгө оруулагчийг “Саарал жагсаалт” үргээдэг. Нэр хүндээ боддог хөрөнгө оруулагч ийм жагсаалттай оронд очоод байдаггүй. Авлигажсан, мөнгө угаасан бизнестэй хутгалдах эрсдэл нь өндөр болдог учраас энэ жагсаалтаас манай улс яаралтай гарах хэрэгтэй. Уг нь төр засаг санаачилгатай ажиллавал үүнээс гарахад тийм их асуудал байхгүй шүү дээ. Гэвч сонгуулиас өмнө амжихааргүй л боллоо.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 3 цаг 20 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 3 цаг 30 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 4 цаг 32 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 4 цаг 50 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 4 цаг 50 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 4 цаг 58 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 5 цаг 10 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цаг 24 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 5 цаг 27 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 5 цаг 40 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 5 цаг 44 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 5 цаг 57 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 6 цаг 33 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 8 цаг 47 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 8 цаг 50 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 9 цаг 58 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 10 цаг 55 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 11 цаг 29 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 12 цаг 22 мин ОРОС дахь АЛЛАГА 13 цаг 19 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top