x

Covid-19 хэрхэн үхэлд хүргэдэг вэ?

Коронавирусийн халдвар авсан зарим хүмүүсийн биеийн халуун нь бага зэрэг нэмэгдээд эргээд буурдаг бол зарим нь амьсгалж чадахгүй болсны улмаас нас бардаг. Үүний учир юу вэ? Өвчтөний бие организмд чухам ямар процесс явагддаг вэ, өвчтөн амьсгалахад маш хэцүү болж, түүнд хиймэл амьсгалын аппарат залгасан ч гэсэн тус болдоггүйн учир юу вэ гэдэг талаар Данийн “Videnskab” сонинд энгийн хэлбэрээр тайлбарлан бичсэнийг орчуулан хүргэе.  

Зарим хүмүүст коронавирусийн хөнгөн шинж тэмдгүүд илэрдэг бол зарим нь нас барж байна.

“Коронавирус нь уушиганд тэр бүр гүн нэвтэрч чаддаггүй бөгөөд хэрвээ ингэж нэвтэрсэн бол таны амь насанд  аюул учирлаа гэсэн үг. Өвчтөнд хиймэл амьсгалын аппарат залгаж, шаардлагатай хүчилтөрөгчийг 100 хувь амьсгалын систем рүү шахсан ч гэсэн цусан дахь хүчилтөрөгчийн хэвийн түвшинг хангах боломжгүй болдог” гэж Орхусын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн багш Кристиан Вайсе ярьж байна.

Вирусийн өчүүхэн жижиг хэсгүүд бие организмд нэвтэрснээр ямар процесс явагддаг вэ? Нэмэлт хүчилтөрөгч шахаад байхад өвчтөний биеийн байдал улам дордоод байдгийн учир юу вэ?

Энэ нийтлэлдээ бид "эсүүдийн гүн" рүү нэвтрэх бөгөөд ингэснээр SARS-CoV-2 гэдэг нэртэй аймшигт вирус хэрхэн хүнийг хөнөөдөг болохыг мэдэх болно. 

Коронавирус эсүүдийг өөрийнхөө төлөө ажиллуулдаг

Коронавирус хэрхэн халдварладаг вэ гэдэг талаар өмнө нь тайлбарласан учраас уг сэдвийг энэ удаад орхиё.

Вирусийн өчүүхэн жижиг хэсгүүдийг агуулсан шингэний дуслууд нь нүд, хамар, амаар дамжин таны биед нэвтэрсэн бол та халдвар авчээ гэсэн үг. Жижиг хэсгүүд нь амьсгалын зам дахь эпители эсүүдэд шууд нэвтэрдэг ба вирусийг аль болох олноор нь хувилах тушаалыг шинэ эзэн нь болох эсүүдэд өгнө.  

Шинээр хувилагдсан вирусуудын үүрэг ойлгомжтой. Нэг л биш боллоо гэдгийг дархлааны систем илрүүлж мэдэхээс нь өмнө амьсгалын замын аль болох олон эсэд нэвтрэх нь хувилагдсан вирусуудын зорилго.

Харин дархлааны системийн хамгийн гол үүрэг бол уушигны гүнд байгаа эсүүдэд хүрэх боломжийг вируст олгохгүй байх явдал. Хэрвээ вирус тийшээ нэвтрэх аваас маш их хохирол учруулах болно.

Урилгагүй зочныг илрүүлсэн дархлааны систем түгшүүр зарлаж, вирусийн дайралтад өртсөн эсүүд дохиоллын бодис болох интерферон уураг ялгаруулахад хүргэнэ. Энэ уураг нь хамгаалалтын онцгой төрлийн хамгаалалтын эсүүдийг “программчлах” бөгөөд ингэснээр эдгээр эс нь вирусийн халдварт өртсөн бусад эсээ устгадаг байна. Ийм маягаар интерферон нь уушигийг бүхэлд нь дүүргэн эзлэх гэсэн зорилготой вирусийн замд саад учруулдаг болой. 

Толгой өвдөж, халуурч, ханиалгадгийн учир

Амьсгалын замын дээд хэсэгт байх үед нь коронавирусийг дархлааны систем дарж чадах аваас өвчилсөн хүнд халуурах, хуурай ханиалгах, толгой өвдөх гэх мэт хөнгөн зовиур, шинж тэмдгүүд илэрнэ. Вирус амьсгалын дээд замын эсүүдэд нэвтрэх үед л хүн ханиалгаж эхэлдэг гэж эрдэмтэд үзэж байна.

Коронавирусийн халдвар авсан зарим өвчтөн хамраараа амьсгалах үед вирусийн хэсгүүд биед нь нэвтэрч, салст бүрхэвчин дээр тогтсон байдаг учраас ханиадны шинж тэмдгүүд илэрдэг байна. Зарим өвчтөнд нойтон ханиалга илрэх ба ингэснээр дархлааны системд өртөн устсан халдвартай эсүүд гадагшилдаг хэмээн К.Вайсе ярилаа. 

Дархлааны систем интерферон уураг ялгаруулалтыг өдөөх үед биеийн халуун нэмэгдсэнээр хүн халуурч эхэлдэг. Биеийн хэм өссөнөөр тархин дахь цусны эргэлт эрчимжиж, улмаар толгой өвддөг байна. 

Эл үе шат голдуу 4-6 хоног үргэлжлэх бөгөөд энэ үед эмчийн тусламж шаардлагагүй. Гэхдээ өвчтөн гэртээ байж, гэрийнхэнтэйгээ биеэр хүрэлцэхээс аль болохоор зайлсхийх ёстой ба ариун цэвэртээ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж эмч нар зөвлөлөө.

Дархлааны системийн өгсөн "тушаал"-ын дагуу интерферон уураг халдварлагдсан бүх эсийг устгаж дууссаны дараа биеийн халуун буурч, тухайн өвчтөн эрүүл болдог. Ингэснээр халдвар авсан ихэнх хүмүүсийн хувьд өвчин нь илааршдаг болохыг судалгааны дүн харуулж байна.

Өвчин ноцтой хүндэрсэн үед

Гэтэл зарим өвчтөний хувьд халуурах, ханиалгах, толгой өвдөхөөс гадна амьсгалын замын хурц хэлбэрийн ноцтой шинж тэмдгүүд илэрдэг байна.  

Эдгээрийн нэг нь маш хүчтэй уушигны хатгалгаа бөгөөд энэ үед уушигны эдүүдэд их хэмжээний шингэн хуримтлагдсанаар хүчилтөрөгч цусанд нэвтрэх боломжгүй болдог.

Дархлааны систем вирустэй маш муу тэмцэж байгаа эсвэл биед нэвтэрсэн вирусийг “анзаараагүй” байж болох учраас амьсгалын замын хурц хэлбэрийн шинж тэмдэг үүсэх урьдчилсан нөхцөл үүснэ.

Энэ тохиолдолд вирусууд эсүүдэд чөлөөтэй тархаж, улмаар уушигны цулцанд хүрдэг байна. Альвеол буюу цулцан гэдэг нь уушигийг нэвт гарч буй сувгуудын төгсгөл дээр орших жижигхэн хүүдийнүүд юм. Бидний сорж амьсгалж буй агаар хүчилтөрөгчийн хамт эдгээр хүүдий рүү очдог.

Цулцангуудын ачаар хүчилтөрөгч нь жижиг судсуудаар дамжин биеийн бүх эд эсэд очдог ба эсүүд ашиглагдаад хэрэггүй болсон бодис болох нүүрсхүчлийн хийг судсаар дамжуулан цулцан руу илгээнэ. Ийм солилцоог диффузи гэж нэрлэдэг. 

Дархлааны систем аюулыг хэтэрхий оройтож илрүүлсэн нь

Вирусууд цулцанд аль хэдийнэ хүрчихсэний дараа дархлааны систем вирустэй тэмцэж эхлэх үед хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хийн солилцоо алдагдаж болзошгүй.

Интерферон ба бусад дохиоллын бодисууд нь дархлааны системийн цэргүүд болох лейкоцитуудыг идэвхжүүлэх ба лейкоцитууд нь вирусээр халдварлагдсан эсүүдийг устгаж эхлэх ба хүний организм гэмтлийг засах гэж оролдоно. Засахын тулд жишээ нь, хүчилтөрөгч цусанд очдог цулцангийн ханануудад сорвижсон эд эсийг бий болгодог ажээ.

Бие организмын энэхүү “үйлдэл зорилго” нь зөв боловч сорвижсон эд эсүүд нь хүчилтөрөгчийг судас руу нэвтрүүлэхгүй, нүүрсхүчлийн хийг судаснаас гаргадаггүй учраас хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн солилцоо явагдахад илүү их цаг хугацаа шаардагддаг байна. 

“Энэ процесс уушиганд хэдий чинээ удаан явагдана, амьсгалахад төдийчинээ хүндрэлтэй болдог. Цус хүчилтөрөгчөөр дүүрэхгүй байгаа учраас хүн агаарыг хурдан хурдан сорох ба ингэсээр байгаад бие организмд хүчилтөрөгч нэвтрэхээ больдог” хэмээн К.Вайсе тайлбарлалаа.

Уушиган дахь шингэн амьсгалахад саад учруулна

Үүнтэй зэрэгцээд коронавирус нь уушигны эдүүдийг үрэвсүүлж эхэлнэ. Цулцангуудын эргэн тойрон дахь судсууд маш нимгэн учраас тэдгээрт нүхнүүд бий болж эхлэх ба үрэвслийн улмаас үүссэн шингэн нь уг нүхнүүдээр цулцан руу нэвчин орно. Үүний улмаас амьсгалахад улам хүндрэлтэй болж, өвчтөнд хиймэл амьсгалын аппарат залгахааас аргагүйд хүрдэг. Улмаар биеийн эсүүд хүчилтөрөгчийг хүлээн авах боломжгүй болж, үрэвсэл бүх биеэр тархан, дархлааны систем вирустэй тэмцэж чадахгүй болсноор өвчтөн нас бардаг.

Хэдийгээр COVID-19-ийн халдвар нь маш их хүндрэл өгдөг боловч уг өвчнөөс үүдэлтэй нас баралтын түвшин харьцангуй доогуур гэж үздэг. Харьцуулваас, САРС буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 10 хувь нь нас баржээ. Харин Данид коронавирусийн улмаас нас барагсдын тоо нийт өвчилсөн хүмүүсийн 0,3-1 хувь байх төлөвтэй.  

Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/science/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 56 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 18 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 21 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 59 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 13 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 18 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 20 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 27 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 33 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 40 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top