x

М.Энхсайхан: Коронавирусыг өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манай алдаа

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өчигдөр орой "25-р суваг" телевизийн "Ам нээвэл" зочны ярилцлагад уригдаж, коронавирусын улмаас манай эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс гарах арга замын талаар ярилцсаныг уншигчиддаа хүргэж байна.

-Сүүлийн үед дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд эдийн засгаа аврахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Манай улсын Засгийн газар ч бас зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж байгаа боловч тэр нь төдийлөн үр дүнгүй, гал унтраах төдий юм шүүмжлэл гарч байна. Эдийн засагч хүний хувьд энэ талаарх таны бодол?

-Нэгдүгээрт коронавирусын аюулыг дутуу үнэлээд байх шиг харагдаж байна, ерөнхийдөө. Гэхдээ энэ үнэлгээ эмч, эмнэлгийн байгууллагууд болон онцгойгийнхонд хамаарахгүй. Тэд үргэлж халдвартай тэмцэж, гамшгийг сөрж ирсэн учраас аюулын мэдрэмж өндөр байгаа. Хамгийн гол нь улстөрчид, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд энэ аюулын мэдрэмж маш бага байна. Дутуу үнэлж байгаа учраас авч байгаа арга хэмжээнүүд нь ч гэсэн дутуу болоод байна.

Дэлхий нийт, Европын болон хөгжингүй орнууд коронавирусын сөрөг нөлөөг “дайны байдал үүсчихлээ” гэж үнэлж байна. Дэлхийн I, II дайны үед жишээ нь хамаг хүчээ хүн рүүгээ хандуулахаас өөр аргагүй нөхцөл байдал өөрийн эрхгүй үүсдэг. Тэр үүднээс би “хүн рүүгээ бодлогоо хандуулаач” гэдэг анхааруулгыг өөрийнхөө сайт болон нийгмийн сүлжээгээр өгсөөр байгаа. Өөрөөр хэлбэл, хүмүүсийнхээ цалин, орлогыг хамгаалаач ээ гэж байгаа юм. Зөвхөн төрөөс өгч байгаа цалин, тэтгэвэр, тэтгэмж биш, хувийн хэвшлийн өгч байсан цалин, орлогыг төр хамгаалах хэрэгтэй гэдгийг ойлгуулах гээд хичээгээд байна.

-Яаж хамгаалах вэ? ААН-үүд чинь орлогогүй болчихлоо. Хүмүүсээ халах уу, цомхотгох уу, эсвэл дампуурлаа зарлах уу л гэдэг сонголт дээр ирээд байна шүү дээ?

-Ямар ч байсан 2020 ны турш төр, хувийн хэвшил байхаас үл хамаараад бүх байгууллагуудын өгч байсан цалин, орлогыг төр хамгаалах ёстой. Тогтвортой байлгах ёстой. Тийм бололцоо байгаа юу гэвэл байгаа.

-Мөнгө байхгүй л гээд байна шүү дээ?

-Мөнгө байхгүй гэдэг чинь коронавирусын аюулыг дутуу үнэлж байгаагийн л илрэл. Дутуу үнэлсэн учраас хэдэн ААН-ийг хамгаалах тухай л яриад байна. Хүнээрээ дамжуулж ААН-ээ хамгаалах ёстой. Яагаад жишээ нь АНУ-д хүн болгонд 1000 ам доллар өгч байгаа юм? Тэр чинь популизм биш. Хүнээр нь дамжуулж жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм. Цалин, орлогогүй болчихсон хүн жишээ нь гэрийн хорионд суугаад байж чадах уу? Үр хүүхдээ тэжээхийн тулд гадагшаа гараад, ажил хайгаад янз бүрийн контактад орохоос аргагүй болно биз дээ.

Тиймээс эрүүл мэндээ хамгаалах бодлого, эдийн засгийн бодлого хоёр бие биенээ дэмжсэн байх шаардлагатай. Цалин авч байгаа хүн цахилгаан дулааныхаа мөнгийг төлж таарна. Цахилгаан дулааныхаа мөнгийг төлнө гэдэг чинь цахилгаан станцаа унагаахгүй гэсэн үг. Цалин авч байгаа хүн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хандана. Тэгэхээр эмнэлгүүдээ хамгаална гэсэн үг. Хүнсээ авч таарна, тэгвэл хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдээ хамгаална. Цалин орлогоо баталгаатай хамгаалж чадвал үр хүүхдэдээ, сургууль, боловсролд нь мөнгө зарцуулж таарна. Тэгвэл сургууль, боловсролын байгууллагуудаа хамгаалж чадна. Тийм учраас цалин орлогыг зайлшгүй хамгаалах ёстой.

-Швед улсад жишээ нь хувийн хэвшлийнхээ өмнөөс цалингийнх нь тодорхой хувийг төрөөс олгож эхэллээ гэж байна?

-Коронавирус эдийн засагт сөрөг нөлөөтэй юм байна, эдийн засгаа хамгаалахын тулд хүнээр нь дамжуулах ёстой юм байна гэдгийг ойлгочихвол үүнийг хийхэд асуудал байхгүй. Хэн хийх ёстой вэ гэхээр УИХ хийх ёстой. Хамгийн түрүүнд төсвөө тодотгох ёстой. Цемент, элдэв шавар шохойнд зарцуулдаг мөнгөө хүн рүүгээ хандуулах ёстой. Хэрвээ санхүүгийн энэ бодлогыг УИХ нь зөв шийдээд, төсвийн тодотголоо хийгээд явчихвал Монголбанкны мөнгөний бодлого, араас нь худалдааны бодлого өөрчлөгдөөд явна. Бусад бодлогуудаа дэмжээд явж болно. Хамгийн эхний алхмаа хийж чадахгүй байна л даа.

-Төв банк өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд бодлогын хүүгээ ганц нэг хувиар бууруулж байна. Энэ нь дэмжлэг болж чадахгүй байна. УИХ нь Онцгой нөхцөлд үйлчлэх хуулиа батлаагүйгээс болоод бусад асуудал нь хүлээгдээд байна уу?

-Уламжлалт арга нэртэй ердийн хямралын үед авдаг арга хэмжээнүүдээ л аваад байна шүү дээ. Бодлогын хүүгээ бууруулна гэх мэт. Энэ бол коронавирусын үед ажиллахгүй. Өөрөөр хэлбэл нөлөөлөхгүй.

-Дайны нөхцөл гэдгийг манайхан ойлгохгүй байна. Ядаж л бодлогын хүүгээ нэг хувиар биш, бүр хоёр дахин бууруулах ёстой гэж зарим эдийн засагчид ярьж байна. Таны бодлоор?

-Дайны нөхцөлд байна гэдгээ манайхан ойлгочихвол хийх ажил нь их тодорхой болоод ирнэ. Хууль нь хүртэл өөр байх ёстой. Европын холбоо жишээ нь маш хүнд нөхцөлд байна. Италийн ерөнхий сайдын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Вирусын улмаас нэг ч хүний цалин, орлого тасалдах учиргүй. Нэг ч хүн ажлын байраа алдах ёсгүй” гэсэн. Хамгийн түрүүнд хүн рүүгээ хандаж байна. Европын холбоо бол асар их мөнгө гаргаж байгаа. Коронавирусын эсрэг зардалд төлөвлөөд, зарцуулалтыг нь нээлттэй болгоод ажиллаж байна. Хэрвээ мөнгө хүрэхгүй бол Цар тахлын бонд гаргана гэж ярьж байна. Тэр бондоороо Төв банкнаасаа мөнгө гаргаад хүмүүсээ дэмжинэ гэж байна. Бид ч гэсэн тэр хэмжээнд коронавирусын аюулыг ойлгох ёстой. Одоохондоо зөвхөн халдвар, өвчин талаас нь хараад уламжлалт аргаа л яриад байна. Тэр арга нь өнөөдрийн нөхцөлд ажиллахгүй.

-Сая Засгийн газраас банкны зээлийн хүү болон эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ бас нэг оролдлого мөн үү?

-Их инээдтэй юм болж байна. Засгийн газар нь Монголбанктайгаа зэрэгцэж зогсч байгаад хүмүүст “Гурван сарын хугацаанд зээлээ битгий төл өө” гэчихсэн. Тэгсэн хэрнээ банкуудад өгсөн удирдамж энэ тэр байхгүй. Зүгээр л популизм хийж амаараа ярьсан болохоос шийдвэр нь банкууд дээр очоогүй. Албан ёсоор шийдвэр гаргаагүй гэсэн үг. Тийм учраас банкууд хөдлөхгүй, хөдлөх бололцоо ч байхгүй. “Би үхэхээр чи үх” гэдэг шиг банкууд руугаа хэргээ чихсэн байдалтай л явж байна шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ асуудал Засгийн газраас өөрөөс нь эхлэх ёстой. Засгийн газар санхүүгийн бодлогоо бүтэн өөрчлөөд, хүн рүүгээ чиглүүлж чадвал дараа нь банкуудын ажил явна.

-Засгийн газар банкуудаа дэмжээд заавал байлгах нөөцийг нь хоёр хувиар буурууллаа. Үр дүнд нь 300 тэрбум төгрөг гараад ирлээ гэж яриад байгаа?

-Тэр бол түр зуурын асуудал. Банкууд өөрийнхөө чадамжаар нэг, хоёр сар тэсэх тухай л асуудал байхгүй юу. Гэтэл коронавирусын эдийн засагт үзүүлэх нөлөө 18 сар ба түүнээс дээш хугацаатай шүү гэдгийг анхааруулаад байгаа. Тэгэхээр бодлого маань сууриараа өөрчлөгдөх ёстой гэсэн үг. Яахав, сарвалзаад байна, зүтгээд байна гэдэг утгаар нь л энэ арга хэмжээнүүдийг зөвшөөрч байгаа. Түүнээс биш ахархан хугацаатай, үр дүнгүй зүйл. Тийм учраас том харсан бодлого явуул. Хүн рүүгээ хандсан бодлого явуул, бүх хөрөнгөө тийш нь дайчил. Хэрвээ тэр мөнгө чинь хүрэхгүй байгаа бол гаднаас тусламж ав.

Гаднаас тусламж авах эх үүсвэр нь бэлэн байж байгаа. ОУВС жишээ нь хөгжиж байгаа улс орнуудад тусламж үзүүлэх фондоо, яаж түргэн санхүүжүүлэх вэ гэдэг арга зүйгээ зарлачихсан, яаж энэ фонд руу хандах вэ гэдгийг хүртэл заагаад өгчихсөн байгаа. Ганцхан тийм мөнгө хэрэгтэй гээд хүсэлт тавихын тулд тооцоо судалгаа хэрэгтэй, бодлоготой байх ёстой. Тэр бодлогоо зохиож чадахгүй бол гаднаас мөнгө гуйж чадахгүй. Мөнгө гуйх чинь хүртэл өөрөө бодлоготой, дараалалтай. Тэрийгээ хийхгүй байгаа нь харамсалтай. Хийх л байх л даа. Гэхдээ заавал үхэл хагацал үзэж байж хийх гээд байдаг нь өөрөө буруу.

-Эхний ээлжинд тэвчиж болох зардлуудаа хэмнэе гээд УИХ дээр ажлын хэсэг гараад явж байна. 2020 оны төсөвт туссан зардлуудаасаа танахад дор хаяж 500 тэрбум төгрөг гарч ирнэ. Энэ мөнгөөрөө эдийн засгаа дэмжинэ гэж ярьж байна?

-Цемент, барилга байшингийнхаа зардлуудыг танахад хүн рүү харсан ажлаа хийчхэж чадна. Хүрэхгүй бол дараа дараачийнхаа мөнгийг гаднаас гуйхад хэн ч туслахад бэлэн байгаа. Коронавирусын аюулыг монголчууд л дутуу үнэлээд байгаа болохоос дэлхий нийт бол тов тодорхой үнэлээд, шуурхай арга хэмжээ аваад байна. Коронавирусыг зөвхөн өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манайхны хамгийн их буруу.

-УИХ, Засгийн газар бол “мөнгө хаана байна?” гээд хайгаад байх шиг байна. Аргаа бараад Ирээдүйн өв сангаасаа мөнгө гаргах, хуулийг нь өөрчлөх тухай ярьж байх шиг?

-Бүх бололцоог дайчлах ёстой. Гэхдээ хүмүүсийнхээ орлогыг төрийн, хувийн харгалзахгүй хамгаалах бодлого дээрээ эхлээд төвлөрөх чадвал энэ зохицуулалт ажиллана. Бодлого нь байхгүй зүгээр дэл сул мөнгө хаана байна, хэмнэе гэж гүйгээд, хэмнэсэн мөнгөө хүндээ зарцуулахгүй ААН, банкуудыг, хэсэг бүлэг хүмүүсийг дэмжих хэлбэр лүү явчихвал түүн шиг том алдаа байхгүй.

-Гаднаас санхүүжилт олж ирээд, түүнийгээ ААН-үүддээ хүүгүй зээл маягаар өгвөл нэг төрлийн дэмжлэг биш үү? Бага хүүтэй, урт хугацаатай зээл ч юм уу. Зүгээр өгнө ч гэж байхгүй байх л даа?

-Дайны байдал гэж ойлговол зүгээр өгсөн ч болно. Зарим оронд цалин, тэтгэвэр гэх мэт хүн рүүгээ хандсан бодлого дээр хувийн хэвшилдээ хүүгүй зээл олгож байна. Дайны байдал гэж үзэж байгаа учраас дараа нь тэр асуудал шийдэгдэнэ. Хүүтэй байх уу, хүүгүй байлгах уу, хэнд нь өгөх вэ гэдгийг шударга байлгах зарчмууд бас байна. Үүн дээр толгой өвдөх юм байхгүй. Тэртэй тэргүй хувийн ААН-үүдэд өмнө нийгмийн даатгал төлсөн түүх нь байгаа. Үүнийг нь хараад хуваарилалтуудыг хийх бүрэн бололцоотой.

-Ядаж л НДШ болон орлогын албан татвараа авахгүй байж болох уу?

-Их жижигхэн зүйл шаардаад байна л даа. Ийм арга хэмжээ эдийн засагт нөлөөлөхгүй. Сар, хоёр сарын тухай л яриа болоод байна шүү дээ. Би бол наад зах нь 18 сарын хүндрэл яриад байна. Судлаачид, эрдэмтдийн хэлж байгаагаар халдварт өвчин ганц давалгаагаар явахгүй, ахиж давтагдана гэж байна. Эхний давалгаан дээр тайвшралгүй, 2-3 давалгаа явна гэдгийг харж чадвал бодлого тогтвортой, холыг харсан байх ёстой.

-Эрүүл мэндийн салбараа хамгийн түрүүнд дэмжих ёстой байх. Гэтэл “Уушиг орлуулах аппарат оруулж ирэх гэсэн чинь мөнгө байхгүй” гээд өмнөх ярьдгаа л яриад байна шүү дээ?

-Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эрүүл мэнд, онцгойгийнхонд санхүүжилтийг максимальный төлөвлөх ёстой. Дараа нь төсвийн бололцоо байвал хүмүүсийн цалин, орлогыг хэвшил харгалзахгүй олгох ёстой. Цаана нь жаахан мөнгө үлдвэл хүнсний үйлдвэрлэл болон наад захын шаардлагатай үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Дээр нь үндсэн хэрэглээний хүнс, эм, эмийг бүтээгдэхүүнийг бүгдийг нь импортын татваргүй болгох хэрэгтэй. Зах зээл дээр дутагдаж байгаа үндсэн бараануудыг оруулж ирэхэд хувийн хэвшлээ дайчилж ажиллуулах ёстой. Хил дээр элдэв бэрхшээл учруулдаг хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Татварыг нь тэглэчихэд л тэнд байгаа хүнд суртал байхгүй болчихно. Үүнийг хийх боломжтой.

Яагаад би үүнийг зоригтой хэлж чадаж байна гэхээр 1996 онд Ерөнхий сайд болоод үүнээс дутахгүй хүнд нөхцлийг амсаад, туулаад ирсэн. Тэр шилжилтийн үед Монгол Улс өлсгөлөнд байсан шүү дээ. Түүх давтагдаж ирж байна. Тийм учраас би үүнд анхаарал хандуулах гэж оролдоод байна л даа. Удаан ч гэсэн үг маань хүрэх байх. Хүргэхийн тулд дуугарч байх нь хамгийн чухал.

-УИХ-ын ажлыг хэсэг дүгнэлтээ гаргах байх. Тэрнээс шалтгаалаад ээлжит бус чуулган хуралдах, хуралдахгүй нь шийдэгдэх байх. Арай л удаан ажиллаад байна аа даа?

-Бусад орны туршлагаас харахад ерөөсөө хурд хэрэгтэй л гэж байна. Түүнээс гадна коронавирусын дараа ерөөсөө эдийн засаг, бизнесийн харилцааны загварчлал ч гэсэн өөрчлөгдөх байх. Улс орон өөрөө өөрийгөө тээж явахгүй бол болохгүй юм байна, харилцан хамаарлаа багасгах ёстой юм байна гэх мэтчилэн. Манайхны бас нэг алдаатай бодол нь коронавирус тэгсгээд арилчихна, түүний дараа худалдаа, эдийн засгийн уламжлалт харилцаа маань эргээд сэргээд ирнэ гэж ойлгоод байна. Тийм юм байхгүй.

-Бараг л дөрөвдүгээр сарын 30 гэхэд бүх юм жигдэрчихнэ гэж ойлгоод байх шиг?

-Наадах чинь алдаа. Хамгийн том алдаа. Эдийн засаг эргэж тийм хурдан сэргэхгүй. Хятадын байдал арай жаахан дээрдлээ гэж яриад байна. Гэтэл дотоодынх нь халдвар багассаны дараа үйлдвэрүүд нь сэргэж байна уу гээд үзэхээр ерөөсөө 10-15 хувиар л сэргэж байна. Тэр үзүүлэлт 50, 100 хувь болтлоо өдий. Манайх жишээ нь нүүрсээ гаргаж эхэллээ л гэж байна. Гэтэл хуучин гаргаж байсан хүчин чадалдаа хүртэл бас өдий. Тийм бололцоо байхгүй. Эрэлт нь багасч байна.

Коронавирусын эдийн засагт үзүүлж байгаа нөлөө нь эрэлт, нийлүүлэлт хоёрт хоёуланд нь цохилт өгч байна. Аюулыг мэдэж байгаа улс орнууд “юу ч болоо билээ” гээд хэмнэлтийн горимд шилжчихдэг. Хэмнэлтийн горимд шилжихээр нийлүүлэлт багасаад, илүүдэл болоод эхэлдэг. Тэр хэмнэлтийн горимд шилжиж байгаа сэтгэл зүйг удирдах арга нь хүмүүсийнхээ цалин, орлогыг хамгаалах явдал. Юмаа мэдэж байгаа орнууд бүгд тэгж хийгээд байхад бид тэгж бодохгүй байгаа нь хамгийн харамсалтай.

Нэг зүйлд битгий хуурт гэж би хэлмээр байна. Дэлхийн эдийн засаг 4-5 хувиар унах юм байна. Хятадын эдийн засаг 1-2 хувиар унах юм байна гэж яриад байгаа. Энэ бол макро эдийн засгийн үзүүлэлтээр тооцсон уналт. Түүн дотор хүмүүсийн харилцаа, бие биендээ түүхий эд нийлүүлдэг нийлүүлэлтийн харилцааг тооцоогүй. Тэр нуралт тийм хурдан босч ирэхгүй. Босч ирсэн ч хуучнаараа босч ирэхгүй. Тийм учраас хохирол нь их урт хугацаанд. Өвчин өөрөө олон давалгаатай циклээр явах учраас эдийн засгийн үр дагавар нь маш ноцтой. Их хариуцлагатай байгууллагуудын судалгаагаар “2020-2022 онд маш хүнд байдал үүснэ. 2023 оноос нэг хонгилын үзүүр дэх гэрэл харагдах байх” гэж байна. Том судалгаанууд тэгж гарч байгаа. Тэрийг олж харахгүй, үзэхгүй бол бид асар буруудна.

-Засгийн газар бол банкуудтайгаа зөвшилцөх гээд, та нар минь хүүгээ бууруулаач энэ тэр гээд гуйгаад байна. Бизнес эрхлэгчид болохоор “Банкуудыг гуйх биш, хуулиар хатуу үүрэг өг” гэж байна. Тэгэх боломжтой юу?

-Боломжгүй. Коронавирус хүмүүс, ААН-үүдэд цохилт өгөхөөсөө гадна банкуудад цохилт өгч байгаа. Гэтэл яахаараа банкуудаас мөнгө нэхээд сууж байх юм. Тэдэнд ч гэсэн мөнгө байхгүй, цохилт авчихсан учраас. “Форс мажор” буюу давагдашгүй хүчин зүйл гэж бид ярих дуртай. Гэтэл коронавирусын үед давагдашгүй хүчин зүйл гэдэг ойлголт байхгүй. Бүгдээрээ цохилт авчихсан учраас бүгдээрээ давагдашгүй хүчин зүйлд орчихсон. Нэгэнд нь ч давуу тал байхгүй гэсэн үг. Нэгэнд нь давуу тал бий болчихоод нөгөө тал нь “давагдашгүй хүчин зүйл” яриад нөхөн олговор авдаг байсан бол өнөөдөр тийм юм байхгүй.

-Хэрвээ та өнөөдөр Ерөнхий сайд байсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах байсан бэ?

-Би санал болгоод, бичээд л байгаа. Өнөөдөр ч бас нийгмийн сүлжээнд тавьсан. УИХ хамгийн түрүүнд төсвөө тодотгооч ээ, хүн рүүгээ хандсан бодлогод шилжээч ээ гэж. Төсвийн бодлого зөв тодорхойлогдож байж дараа нь мөнгөний бодлого зөв гарч ирнэ. Мөнгөний бодлого нь төсвийн бодлогоо дэмжиж хийгддэг болохоос биш Монголбанк, арилжааны банкууд руугаа заагаад “Тэг, ингэ” гээд суудаггүй. УИХ нь, Засгийн газар нь ажлаа хийхгүй бол хэн ч ажлаа хийхгүй.

-Төсөв тодотголоо гээд олигтой эх үүсвэр гарч чадах уу? Одоо бол нэг 500 тэрбум төгрөгийн тухай л яриа яваад байгаа шүү дээ?

-Чадах уу, чадахгүй юу гэдэг яриа байх ёсгүй. Чадна гээд л ажлаа хийх ёстой. Түүний төлөө төр байдаг, УИХ, Засгийн газар байдаг.

-Хоёр их наядын алдагдалтай төсөв баталчихсан байгаа шүү дээ?

-Алдагдалтай төсөв баталсан гэдэг чинь тэр алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хаа нэг газар нь төлөвлөсөн л байгаа. Тэр их үүсвэрээ хүн рүүгээ хандуул. Цемент шохой битгий болго.

-Улс орнууд эдийн засгаа хамгаалахын тулд бонд босгоод эхэллээ гэж байна. Манайх харин Тавантолгойн орд дээр IPO  хийнэ гэж яриад, тэр нь улстөржсөн маргаан болоод дууссан. Аргаа ядаад Засгийн газар нь “энэ удаад хойшлууллаа” гэж байх шиг байна. Нөхцөл байдлыг та юу гэж харж байна?

-Тэр бол коронавирусгүй үеийн яриа. Коронавирустай үед магадлал байхгүй. Үнэндээ байхгүй учраас “байхгүй” гэж хэлсэн байх. Угаасаа мөнгө нь босохгүй юм чинь. Яагаад гэвэл бүх улс орнууд өөрсдөө санхүүгийн хүнд байдалд орчихсон байгаа. Болохгүй бол тэр Европын холбоон дээр яригдаж байгаа Цар тахлын бондын тухай ч дотроо бодож, болгоож байхад гэмгүй.

-Манайх Цар тахлын бонд гаргах боломжтой юу?

-Бүх улс орнууд бонд гаргаж өр үүсгэх замаар энэ хүндрэлээс гарах бодлого явуулна гэдгээ зарлаад байгаа. Европын мөнгөтэй улс орнууд ярьж байхад яагаад бид ярьж болохгүй гэж. Байгаа эдийн засгийнхаа бүтэц, хүчин чадлыг хамгаалж авч үлдэж чадсан нь коронавирусын дараах бизнесийн ертөнцөд арай түргэн босч ирэх бололцоо үүснэ.

Үргэлжлэл бий

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.40.27)
    Үнэн шүү. Эдийн засаг талдаа ямар ч арга хэмжээ авсангүй. Хурд, шийдэл үнэндээ алга.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Ta bitgii hutsaa. Ta mongoliin turd heden jil ajilsan bilee? Unuugiin mongoliin baigaa baidal ediin zasgiin tuvshin bol ta bolon tanii nuhudiin ajiliin ur dun bizdee? Ter yariad bga uls ornuud shigee uls bolgochihguu yugaa hiij yawsiim? (14.203.214.96)
    M.Enkhsaihan tanaa
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Ene hun amid baisiinmu (66.181.161.125)
    Bi
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Иргэн (49.164.76.210)
    Эрдэмтэн эмч эдийн засагчдын хаа зөвлөгөөг аваачжээ.энхсайхан чинь. Монголын хамгийн сайн эдийн засагч маш холыг хардаг ерийнхий сайд байсан хүн шүү.даанч монгол улс энэ хүний толгойг ашиглаж чадаагүй улс төрийн золиос болсон хүн.ард түмэн өөрсдөө дандаа хулгайч нарыг сонгочихоод араас нь гонгиноод бх юм.одоо бас баахан хулгайч нар сонгогдох гээд дугаарлаад бж бна.өөрсдиынхөө боловсролыг дээшлүүлж хэрсүү ухаантай бгаач.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара... БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дах...
Top