x

П.Очирбат: Манайх ул боовон дээр атга орос чихэр тавиад хүмүүст бэлэглэж байлаа

Арвандолдугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай цагаан сарын тухай цөөн хором хөөрөлдлөө.

-Сайхан өвөлжиж байна уу. Сар шинэдээ сайхан шинэлэх гэж байна уу?

-Сайхан. Манайх энэ жил зусландаа шинэлэх гээд бэлтгэлээ базаачхаад байж байна. Эрүүл цэнгэг агаарт, хотын утаа, түгжрэл, бухимдлаас хол хэд хоног сайхан амарч, баярлаж байгаад ирнэ дээ.

-Танайх цагаан сараа хэр өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг вэ. Хүн их ирдэг үү?

-Ерөнхийлөгч, сайд байхад замбараагүй олон хүн ирдэг байсан. Одоо бол ная дөхсөн болохоор дотны хэдэн хөгшид, хүүхэд, дүү нар, ойр дотны найз нөхөд л ирнэ шүү дээ. Ёслоод, золгоод, идэж уугаад явцгаана. Зуу гаруй л хүн ирдэг байх.

-Таны хүүхэд ахуй цагт цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв. Сэтгэлд тань тод үлдсэн дурсамжаа хуваалцаач?

-Таван настай байхад маань аав өөд болсон. Бага нас минь өнчин өрөөсөн байдалтай өнгөрсөн болоод ч тэр үү их л энгийн, борог амьдралтай байсан санагддаг. Найман нас хүртлээ хурга, тугал эргүүлж, аргал түлээнд явах гээд тэр үеийн олон хүүхдийн адил ажил хөдөлмөр эрхэлнэ. Элбэг дэлбэг байсан эсэхийг мэдэхгүй байна. Том болсон хойноо ээжээсээ нэг удаа “Манайх ер нь хоол хийж иддэг байсан юм уу” гэж асууж байсан. Ерөөсөө зуны цагт сүү цагаан идээ, өвлийн цагт мах голдуухан иддэг байсан болов уу. Хувцас хунар ч нэг их өмсөхгүй. Хүрээнд орж ирээд л хоол унд, хувцас хунарын талаар ойлголттой болж байлаа. Цагаан сар хийхээ больчихсон, хориотой байлаа. Хөдөө байж байгаад төвд ирэхээр хөдөөний цагаан сар их гоё санагдана.

-Нээрээ нэгэн үе цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” нэртэй хөдөө орон нутагт л тэмдэглэдэг байсан гэлцдэг шүү. Яагаад ингэх болсон юм бол?

-1952 онд шиг санагдаж байна. Улс орон даяар цагаан сардаа бэлтгэж байх үед маршал Х.Чойбалсан өөд болсон юм. Монголчууд одоо ч төрөл садан, ойр дотны хүн нь өөд болбол тэр жилдээ цагаан сар хийдэггүй шүү дээ. Яг түүн шиг “Маршал нас баржээ” гээд л идээ будаагаа хураасан. Маршал бол нэг айлын хүн биш. Бүх монголын хүн учраас улс даяар идээ будаагаа хурааж, цагаан сар хийгээгүй. Түүнээс хойш л төв суурин газрынхан цагаан сар хийхгүй гэдэг болсон. Шинийн нэгний өглөө сонин уншлагад суулгана. Битүүний орой номын дугуйлантай. Айл хэсүүлэхгүй гэж тийм онцгүй хорио, цээр тогтоогоод байсан юм. Гэхдээ маршал амьд сэрүүн ахуйдаа бол цагаан сараар хөдөө гадаа явж, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлдэг байсан.

-Энэ хорио цээр хэзээ үгүй болж, эмх цэгцэндээ орсон бэ?

-1990 оноос хойш үндэсний уламжлалаа сэргээх зорилгоор хот хөдөөгүй битүүлдэг, шинэлдэг болсон. Нэг хэсэг хориотой байж байгаад зөвшөөрсөн болохоор иргэдийн дунд цагаан сарыг хэт туйлшруулан тэмдэглэх болсон тал бий. Хөгшин, залуу хот хөдөөгүй данхар том ууц шүүс тавих, бэлэг сэлтээр өрсөлддөг болжээ. Гэтэл ерээд оноос өмнө ууцыг зөвхөн өндөр настай айлууд л тавьдаг байлаа шүү дээ.

-Бусдын дайтай цагаан сар гаргах гэж хичээж, өр зээл тавьдаг болоод байна л даа?

-Тэгэлгүй яах вэ. Ёслол хүндэтгэлийн төдий зүйлийг эд барааны өрсөлдөөн болгочихлоо. Авгай хүүхнүүд нь “Айл амьтад аятайхан юм өгч байхад манайх яах юм” гэдэг илүү зан гаргадаг болж. Хүнд өгч байгаа бэлэг сэлт нь нөгөө хүндээ хэрэг болохооргүй, эдэлгээ муутай, нүд хуурсан Эрээний эд зүйлс байна. Гэтэл манай хөдөөнийхөн дээхнэ үед хүүхдэд дугуй боов, дээр нь хөлдөөсөн хольсон тос тавиад өгдөг байлаа шүү дээ. Хаврын цагт хүүхэд хонинд явахдаа өвөртөлж яваад идчихнэ. Дал наяад онд бол хүүхдэд дэвтэр, харандаа эсвэл нэг төгрөг бэлэглэдэг болсон. Айлын эхнэрт дээлийн эмжээр, хоргой, эрчүүдэд “Хар морьт” гээд хатуу хайрцагтай узбек тамхи бэлэглэдэг байлаа. Энэ мэтээр тухайн хүүхдэд, хүнд хэрэг болохуйц, өөрсдөдөө хүндрэл багатай энгийн зүйлсээр гарыг нь цайлгана. Одоо бодоход тэр үед монголчууд байгаагаараа, энгийн, үнэн санаанаасаа харилцдаг байжээ гэж бодогддог. Одоо нэг үеэ бодвол хүмүүсийн амьдралын түвшин сайжирч байна. Үүнийгээ дагаад чанартай юм бие биедээ өгчихсөн гэсэн бодолтой, чадалтай хүмүүс ч их болж.

Гэхдээ бас тийм чадалгүй хүн ч байна. Тэтгэврийнхээ хэдээр амьдардаг хөгшид, тогтмол орлогогүй залуучууд зээл аваад л цагаан сараа тэмдэглэж байгаа шүү дээ. Цагаан сарын дараа хаврын уртад дараа нь юу идэх билээ, яах билээ гэдгээ бодохгүй юм. Цагаан сарыг л аятайхан гаргая гэсэн хэтрүүлэг, туйлшрал байна. Битгий ийм байгаасай. Зүгээр л тавгийн идээ засчихаад, хэдэн буузтай байхад болно шүү дээ. Манайх Ерөнхийлөгч байсан айл гэхэд нэг жилийн цагаан сараар ул боовон дээр атга орос чихэр тавиад хүмүүст бэлэглэж байлаа. Тэр битгий хэл тавь, жараад онд хотынхон баадантай явдаг байсан шүү дээ. Түүндээ боовоо хийгээд айл хэсээд явна. Баадан дүүрэхээр гэртээ хариад баадангаа суллаад явах жишээтэй.

Түүнийг санаад ийм бэлэг хүмүүст өгч үзсэн. Шар тосонд хайрсан, сайхан ул боов, амттай чихрийг хүн идчихдэг л байхгүй юу. Эрээний таарах таарахгүй оймс өгснөөс хувь илүү шүү дээ. Ийм хэрэглээ талаасаа, энгийн зүйл өгөхөд анхаармаар санагддаг.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 1 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 3 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 6 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 7 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 9 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 12 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 29 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 30 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 37 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 38 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 4 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 4 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 5 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 10 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 11 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 12 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 14 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 15 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 25 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 18 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top