x

Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой

Жил бүрийн долоодугаар сарын 4-нд тэмдэглэдэг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр /англ. Independence Day/ бол 1776 онд Тусгаар тогтнолын Тунхаглалыг баталснаар америкчууд Их Британийн Нэгдсэн Хаант улсаас салж, тусгаар улс байгуулснаа зарлан тунхагласан өдөр юм.  

Долоодугаар сарын 4 буюу Монголын цагаар 5-ны ням гарагт Тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэх үеэр зарим газарт +40 хэмээс дээш халж, АНУ даяар халуу шатаж байсан боловч баярын үйл ажиллагаанд маш олон хүн оролцсоныг Ерөнхийлөгч Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа онцолжээ.  

1776 оны 6 дугаар сард одоогийн Виржиниа муж улсаас сонгогдсон депутат Ричард Хэнри Лигийн танилцуулсан тусгаар тогтнолын тухай тогтоолыг зөвшөөрөх эсэх асуудлаар Эх газрын Конгресст санал хураах үеэр колонийн эзэмшлийн 13 суурин газрын захиргаа /одоогийн муж улсууд/ мөн оны 7 дугаар сарын 2-ны өдөр Их Британийн Нэгдсэн Хаант улсаас албан ёсоор салан тусгаарлаж байгаагаа зарласан байна. Санал хураалтын дараа Конгрессын гишүүд Тусгаар тогтнолын тунхаглалыг удтал хэлэлцэн мэтгэлцсэний эцэст 7 дугаар сарын 4-ний өдөр түүнийг баталжээ. Энэхүү эрхзүйн чухал баримт бичиг нь АНУ байгуулагдах үндэс суурийг тавьсан билээ.

Тусгаар улсын төлөөх тэмцлийн эхлэл ба өрнөл

Түүх сөхвөөс, британичууд 16 дугаар зууны сүүлчээр Хойд Америкийг эзэмшилдээ оруулахаар оролдож эхэлсэн бөгөөд хэдэн арван жилийн турш олон удаа бүтэл муутай оролдлого хийсний эцэст тус тивийн эрэгт 1607 онд Форт Джеймс гэдэг /хожим нь Жеймстаун/ анхны колонийн суурингаа байгуулсан байна. 17 дугаар зуунд Нью-Гэмпшир, Массачусетс, Род-Айленд, Коннектикут, Нью-Амстердам /хожим нь Нью-Йорк/ Нью-Жерси, Пенсильваниа, Делавэр, Мэриленд, Хойд Каролина, Өмнөд Каролина, Жоржиа гэсэн 12 суурин бий болов. Суурингуудын эзлэх талбай өнөөгийн АНУ-ын газар нутгийн 10 орчим хувьд хүрч өргөжжээ. /Зураг дээр: Тусгаар тогтнолын тунхаглалын асуудлаар санал хурааж байгаа нь/

Колонийн суурингуудын оршин суугчид шашин шүтлэг, нийгмийн зиндаа, үндэс угсаагаараа ялгаатай байв. Британичуудаас гадна германчууд, ирландчууд, францчууд, голландчууд болон бусад үндэстний төлөөлөл хүн амыг бүрдүүлж байлаа. Энэ үед эх газрын Их Британийн зүгээс колониудыг маш хатуу чанд хянаж байв. Амбан захирагчдыг Их Британийн хаан томилж, худалдааг хянаж, зарим бараанд монополь тогтоож, гадаад харилцааг хянаж, колониудын хөгжлийг саатуулан барьж байлаа. Энэ нь колонийн суурингуудын оршин суугчдын дургүйцлийг төрүүлжээ.   

18 дугаар зууны дунд үе гэхэд колониудад ХАА, аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж, өөрсдийгөө хэрэгцээт бүтээгдэхүүнээр хангах боломжтой болов. Энэ үед нийгэмд үндэсний бүрэн эрхт байдал, үндсэн эрх, эрх чөлөөний талаарх Соён гэгээрлийн эрин үеийн үзэл санаа цэцэглэж байлаа. Үүний сацуу Лондоны зүгээс татварын бодлогыг чангатгаж, Их Британийн элитүүдийн зүгээс колонийн суурингуудын оршин суугчдын эрхийг үл тоомсорлох болжээ.

 

Зураг дээр: 1775 оны 6 дугаар сард Англи, Америкийн цэргүүдийн хооронд болсон Банкер-Хиллийн тулалдаан  

1756-1763 оны Долоон жилийн дайны дараа Британийн захиргаанд дургүйцэх хандлага газар авч, үймээн самуун дэгдлээ. Шалтгаан нь, эх газрын захиргаанаас цэргийн зардлыг нөхөхийн тулд улсын тэмдэгтийн хураамж болон зарим импортын бараанаас гаалийн татвар авахаар шийдвэрлэсэнтэй холбоотой байв. Үүнийг эсэргүүцэн 1765 онд колонийн суурингийнхан “бидний эрхийг зөрчлөө” хэмээн Британийн хаанд гомдол мэдүүлжээ. Удалгүй тэмдэгтийн хураамжийг цуцлуулж чадсан боловч Британийн парламент илүү хатуу, ялгаварлан гадуурхсан шинжтэй татварын ба засаг захиргааны хуулиудыг баталсан байна. Үүнийг эсэргүүцэгчид Их Британийн захиргааны эсрэг хүч хэрэглэсэн ажиллагаанууд явуулж эхэлсэн нь 1770 оны Бостоны хядлагад хүргэв. Мөн 1773 оны Бостоны цай уулт гэдэг эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, улмаар 1775 онд Тивийн Конгресс байгуулагдав. Тус Конгресс Их Британид дайн зарлаж, Жорж Вашингтоноор удирдуулсан байнгын армийг байгуулжээ.

Улмаар дээр дурдсанчлан, 1776 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Британийн 26 колониос 13 нь Их Британиас салан, тусгаар тогтнож байгаагаа зарласан Тунхаглалыг баталсан байна.

Дайн 1783 оны 9 дүгээр сарын 3 хүртэл үргэлжилсэн бөгөөд Парисын энхийн гэрээ байгуулагдсанаар Их Британи улс АНУ-ыг хүлээн зөвшөөрчээ.

Тусгаар тогтнолын Тунхаглалд гарын үсэг зурах ёслол 1776 оны 8 дугаар сарын 2-нд болсон бөгөөд гарын үсэг зурсан бүх 56 хүний нэрс АНУ-ын түүхэнд бичигдэн үлджээ. Тэдний дурсгалд зориулсан хөшөөг Вашингтонд босгож, тэдний тухай өгүүлсэн олон тооны ном хэвлэгджээ.

Тэдгээр 56 хүнээс 5-ыг нь англичууд “урвагч” хэмээн баривчилж, буудан хөнөөсөн бол 9 нь тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр авсан шархны улмаас нас барсан байна. Хувь заяаны хачирхалтай тохиолоор тэдний хоёр нь болох АНУ-ын ерөнхийлөгч асан Томас Жефферсон, Жон Адамс нар Тунхаглалыг баталснаас хойш яг 50 жилийн дараа буюу 1826 оны 7 дугаар сарын 4-нд нас баржээ.

Өдгөө Тусгаар тогтнолын тунхаглалын эх бичвэр нь Вашингтон дахь Үндэсний архивт, инертийн хийгээр дүүргэсэн сум үл нэвтрэх хайрцганд хадгалагдаж байдаг. Өдрийн цагаар эх бичвэрийг архивын зааланд байрлуулан олон нийтэд үзүүлдэг ба шөнө болоход хонгилын давхар луу буулгадаг ажээ. 

1870 онд АНУ-ын Конгресс 7 дугаар сарын 4-ний өдрийг үндэсний баяр хэмээн зарласан бол 1941 онд бүх нийтийн амралтын өдөр болгожээ.

250 жилийн ойг тэмдэглэсэн нь

Тусгаар тогтнолын өдөр бол улсын хэмжээний баяр тул шуудан, шүүх зэрэг төр засгийн байгууллагууд болон иргэд бүх нийтээрээ амардаг. Баярын үеэр америкчууд гэр бүлээрээ аялан зугаалж, цэргийн парад үзэж, баярын жагсаалд оролцдог. Ингэхдээ тэд АНУ-ын төрийн далбааны улаан, цагаан, цэнхэр өнгөтэй хувцас өмсөж, баярын гоёл чимэглэлд эдгээр гурван өнгө голлодог. Мөн  салют буудсаны дараа төрийн дуулал болон эх орны сэдэвт дуунууд эгшиглэнэ.

Энэ онд тохиож буй Тусгаар тогтнолын 250 жилийн ойг Америк даяар өргөн дэлгэр нижгэр тэмдэглэлээ. Нийслэл Вашингтонд +38 хэм, Балтимор хотод +40 хэм, Нью-Йорк хотод +33 хэм хүртэл халж, зүүн эргийн хотуудад агаарын чийгшил өндөр байсан хэдий ч баярын арга хэмжээнд олон зуун мянган хүн оролцлоо. Вашингтоны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хуран цугларсан олны өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ “Америк мөрөөдөл эргэн ирлээ! гэв.

Үүний дараа цэцэрлэгт хүрээлэнгийн дээгүүр Ерөнхийлөгчийн Air Force One шинэ нисэх онгоцыг дагалдан F-22 Raptor сөнөөгч онгоцууд нисэн өнгөрлөө. Мөн Нью-Йоркийн Гузон голд дарвуулт завинуудын парад болох үеэр Францын уран нислэгийн Patrouille de France бүлгийн байлдааны онгоцууд нислэг үйлджээ.

Мөн түүхэнд үзэгдээгүй өргөн хэмжээний ёслолын буудлага хийнэ гэж Д.Трамп амласны дагуу Вашингтон хотын 10 талбайгаас 850 мянган ширхэгг сумаар буудсанаар салютын шоу 40 минут үргэлжилжээ.

Эцэст нь нэгэн сонирхолтой ёслолыг дурдая. 250 жилийн өмнө Тусгаар тогтнолын Тунхаглалыг хэлэлцэн баталж байсан Пенсильвани муж улсын Филадельфи хотын Индепенденс-холл буюу Тусгаар тогтнолын ордонд бямба гарагт ирээдүйн америкчуудад зориулсан цаг хугацааны капсул буюу битүүмжлэгдсэн савыг булж байрлуулах ёслолын ажиллагаа боллоо. Түүнийг 250 жилийн дараа гаргаж ирэх ёстой бөгөөд Америкийн муж улс бүрээс өөрсдийн онцлогыг харуулсан зүйлсийг уг саванд байрлуулахаар илгээжээ. Тухайлбал, Аляскаас алмааз эрдэнэ, Невадагаас казиногийн жетон буюу хасаа, Калифорнигаас 2276 онд тус муж улс ямархуу төрх байдалтай байх вэ гэдгийг хиймэл оюунт Claude туслахаар таамагласан хувилбарыг тус тус илгээсэн байна.

 

 

МОНЦАМЭ агентлаг

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 13 цаг 48 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 14 цаг 8 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 14 цаг 14 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 15 цаг 4 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 15 цаг 6 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 15 цаг 18 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 15 цаг 20 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 17 цаг 29 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 19 цаг 14 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 19 цаг 17 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 19 цаг 30 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 20 цаг 22 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 21 цаг 39 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 45 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 21 цаг 51 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 22 цаг 10 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 22 цаг 17 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 23 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 22 цаг 30 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 22 цаг 38 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top