Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль шилдгүүдээ тодруулж, хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөлөө.
Энэ удаагийн наадам нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, Монгол Улсад зохион байгуулж буй НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай” конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж байгаагаараа онцлог байв.
Фестивальд нийслэл, аймгуудын 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчилжээ.
Хаалтын ёслолын үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, долоон ай савын хүрээнд шилдэг өвлөн уламжлагч 21 хүнд шагнал гардууллаа. Мөн хамгийн ахмад настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулж шагнал гардуулсан юм. Мөн шилдэг аймаг, нийслэлийн баг хамт олныг шалгаруулж нийт таван багт шагнал олгосноос тэргүүн байрын шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан гардууллаа.
Сайд Ж.Алдаржавхлан фестивалийг хааж хэлсэн үгэндээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, өвлөн уламжлагчдад гүн талархал илэрхийлж, “НҮБ-ын конвенцын хуралд оролцож буй 300 гаруй төлөөлөгч фестивалийн үйл ажиллагаатай танилцаж, монголчуудын соёлын өвийн гайхалтай баялаг, дахин давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий үнэт зүйлстэй нэг дор танилцах ховор боломж олдсонд баяртай байгаагаа тодотголоо. Энэ бол дэлхий дахин бидний соёл биет бус өвийн баялаг байдлыг хэрхэн үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм” хэмээн онцолсон юм.
Цаашид энэ фестивалийг олон агуулга, хэлбэрээр баяжуулж, цар хүрээг нь улам бүр өргөжүүлэн дэлхий дахинд нүүдэлчдийн нэрийн хуудас болсон олон улсын томоохон үйл ажиллагаа болгон хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллахаа салбарын сайд илэрхийлэв.














