Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, хувийн хэвшлийнхэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх “Ногоон өртөө”-г өнөөдөр ашиглалтад орууллаа.
Энэхүү өртөө нь хамгийн олон буюу 15 автомашин нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд хүчдэлийн сонголтын хувьд хамгийн бага хугацаанд 5-30 минутад цэнэглэх боломжтой юм. Мөн шөнийн хөнгөлөлттэй тарифтай. Тус өртөөг ААНОАТ-ын тухай хуулийн дагуу татварын орлогын нэг хувь хүртэлх хэмжээний хандив, хөрөнгө оруулалтаар нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулжээ.
Ерөнхий сайд Н.Учрал нээлтэд үг хэлэхдээ “Ногоон өртөөг төсвийн хөрөнгөөр барих ёсгүй. Татварын нэг хувийг шинэ эдийн засаг, дэд бүтцэд хөрөнгө оруулахаар хуульчилна. Тоног төхөөрөмжийг нь гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Өртөөдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нь хувийн хэвшлээс шалтгаалах учраас төр зөвхөн бодитой хийгээд бодлогын дэмжлэг үзүүлнэ. Хэдэн цахилгаан цэнэглэгч тавьсан газар Ерөнхий сайд очлоо гэж шүүмжлүүлж байгаа. Гэхдээ би илүү олон удаа очно. Зөв, шинэ зүйлийг эхлүүлэхийн тулд Засгийн газар өөрийн биеэр очиж дэмжинэ. Монголын төр хэлсэндээ хүрдэг байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хамтын ойлголцол, зөвшилцөл дор Монгол Улсаа ногоон өртөөгөөр сүлжье” хэмээлээ.
Том оврын автомашин цахилгаан цэнэглэлтээр 100 км зам туулахад 6470 төгрөг, жилдээ 1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь автобензин машинтай харьцуулахад 3-5 дахин бага зардал аж. Засгийн газар “Ногоон чөлөөлөлт"-ийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, Монгол орны зам дагуу 150 километр тутамд нэг “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 түргэн цэнэглэх станцын сүлжээ бий болгох зорилт тавьжээ. Үр дүнд нь жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын гадагшлах мөнгөн урсгал, 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал бууруулах боломж бүрдэх юм. Дээрх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь ойролцоогоор 33 мянган янданг буулгасантай дүйцэхүйц үзүүлэлт болно.











