Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Санамж бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Зам, тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий нар гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналт, зохицуулалтыг сайжруулах, болзошгүй усны ослоос хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хор хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана.
Мөн усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэх, болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.



