АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сард БНСУ-д айлчлах үеэрээ хүлээн авсан бэлгийнхээ хариуд Ерөнхийлөгч Ли Жэ Мёнд Цагаан ордны тусгайлан бүтээсэн алтан түлхүүр бэлэглэсэн гэж Ли Жэ Мёны Тамгын газрын дарга Кан Хун Шик лхагва гарагт мэдэгджээ.
БНСУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Кан Кён Ва 12 дугаар сарын 17-нд Цагаан ордонд албан ёсоор итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Д.Трамп түүнд түлхүүрийг гардуулан өгсөн байна.
Гэрэл зургаас харвал, “Цагаан ордны түлхүүр” гэсэн үгийг сийлсэн түлхүүрийг ерөнхийлөгчийн ордны зураг бүхий модон хайрцагт байрлуулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч БНСУ-ын Элчин сайдтай ярилцах үеэрээ Ли Жэ Мёнтой харилцах харилцаагаа сайшааж, “Тэр надад үнэхээр таалагддаг” гэж хэлснийг Кан Хун Шик эш татсан байна.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын өмнө 10 дугаар сарын сүүлчээр Д.Трамп зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод айлчлах үеэр Ли Жэ Мён түүнд эртний Шилла хаант улсын Чонмачон алтан титмийн хуулбарыг гардуулж, Өмнөд Солонгосын төрийн дээд одонгоор шагнасан юм.
Д.Трамп энэхүү алтан түлхүүрийг тусгай зочдод зориулсан ёслолын бэлэг болгон өөрийн биеэр зохион бүтээсэн гэдгээрээ алдартай. Өмнө нь уг бэлгийг Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Японы Ерөнхий сайд асан Таро Асо, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, хөл бөмбөгийн од Криштиану Роналду нарт гардуулсан байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хун Шик хэлэхдээ, энэхүү түлхүүр нь хоёр улсын хоорондын бат бөх харилцааны бэлгэдэл болно гээд, “бид Солонгос-АНУ-ын холбоотны бат бөх ирээдүйг үргэлжлүүлэн бүтээх болно” хэмээн нэмж хэлжээ.

Эх сурвалж: Yonhap



