Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Тайванийн нөхцөл байдлын талаарх Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн мэдэгдэлд нийгмийн сүлжээгээр дамжуулан зохисгүй тайлбар хийсэнтэй холбогдуулан Японы Засгийн газраас Хятадын талд эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү мэдэгдсэн байна.
Т.Санаэ өнгөрсөн баасан гарагт парламентын хурлын үеэр мэдэгдэхдээ, Тайваний эсрэг цэргийн хүч хэрэглэсэн урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсвэл үүнийг “Японы үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хямрал” гэж үзэх үндэстэй гэжээ.
Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Шюэ Жянь дээрх мэдэгдэлд тайлбар хийхдээ "дур зоргоороо аашилдаг бохир толгой"-г эргэлзэлгүйгээр тасдах хэрэгтэй гэж бямба гарагт олон нийтийн Х сүлжээнд бичжээ.
Даваа гарагт Кихара сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, тэрбээр нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн энэхүү бичлэгийн талаар мэдээлэлтэй байсан гэдгээ хэлжээ. Уг мэдэгдлийн зорилго тодорхойгүй байгаа хэдий ч БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хүний хувьд ийм тайлбар хийх нь маш зохисгүй гэж тэрбээр хэлсэн байна.
Японы Засгийн газар Хятадын талд хандан уг тайлбарыг нэн даруй устгахыг шаардсаны дараа нь устгажээ.
Хятадын Ерөнхий консул өмнө нь ч мөн зохисгүй үг хэлж байсан аж. Японы Засгийн газар Бээжингээс зохих хариу арга хэмжээ авахыг удаа дараа хатуу шаардаж байсан гэдгийг Кихара онцолсон байна.
Түүний хэлснээр, Японы Засгийн газар Хятадын талаас энэхүү ээлжит мэдэгдлийн талаар тодорхой тайлбар өгөхийг хүсэх ажээ.
Эх сурвалж: NHK



