x

Казахстан улс Монголд алт цэвэршүүлэх үйлдвэрийнхээ “ноу хау”-г үнэгүй нэвтрүүлнэ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын хуралдаан тус улсын Астана хотноо өнгөрсөн сарын сүүлээр амжилттай зохион байгуулагдсан билээ. Уг хуралдааны үеэр Казахстан Улсад суугаа Элчин сайд Л.Баттулгатай ярилцлаа.

-УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛСЭН УЧРААС ХӨГЖЛИЙН ХУРД НЬ ТҮРГЭССЭН-

-Элчин сайдын хувиар өнөөдрийн Казахстан орны хөгжил дэвшлийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Казахстан улсад нийгэм, эдийн засгийн хөгжлийг сүүлийн 25 жилээр тоймлож яривал илүү зохимжтой. Яагаад гэхээр, манай улс чөлөөт зах зээл рүү шилжсэн, Казахстан тусгаар тогтнолоо зарласан цаг хугацаа нь ижил шахам. Үндсэндээ манай хоёр улс нэг гараанаас гарсан. Өнөөдөр эргээд харахад Казахстан улс манайхаас хэд дахин хурдацтай хөгжчихөөд байна. Энэ оны тухайд, Казахстаны эдийн засаг таван хувийн өсөлттэй яваа. Манай улс ч гэсэн иймэрхүү тоон үзүүлэлттэй байгаа. Төв Ази дотроо хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ерөнхийлөгч Назарбаев 2050 он гэхэд дэлхийн хөгжсөн 30-аад орны тоонд орно гэж том амбицтай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж байна. Гол нь Казахстан улс эдийн засгаа хэрхэн хөгжүүлж буй туршлагаас манай улс суралцах хэрэгтэй. ЗГХК-ын хуралдааны үеэр энэ асуудлыг нэлээд их хөндөж ярилаа. Тухайлбал, Казахстан манайхтай адилхан уул уурхайн баялаг ихтэй. Уул уурхайн салбарт эднийх зөв бодлого хэрэгжүүлсэн учраас хөгжлийн хурд нь түргэн байгаа юм.

-Уул уурхайн салбарт зөв бодлого хэрэгжүүлсэн гэдгийг жаахан тодотгохгүй юу?

-Эднийх хөгжлийн чиглэлд 7-8 сан ажиллуулдаг. Тэдгээрээс хамгийн том сангууд болох Үндэсний хөгжлийн сан, “Самрук-Казына” санг онцлон нэрлэж болно. Үндэсний хөгжлийн сандаа ирээдүйд зарцуулагдаж болох мөнгөө хадгалдаг. Эх үүсвэр нь, газрын тос болон хийн орлогоос бүрддэг актив. Энэ сандаа бараг л гар хүрдэггүй. Ирээдүйд хүүхдүүд нь хэрэглэнэ гэж тооцоод, онцгой тохиолдолд хөрөнгө гаргасан ч эргүүлээд хийчихдэг юм байна. Нөгөө “Самрук-Казына” буюу баялгийн сандаа хуримтлагдсан активыг эргэлтэд оруулдаг. Манайхаар бол Төрийн өмчийн хороо шиг газар. Төрийн өмчийн үйлдвэрүүдийнхээ 51-100 хувийг эзэмшиж, холбогдох санхүүжилтүүдийг нь хийж явдаг сан юм. Ер нь төрийн өмчит байгууллага яаж үйл ажиллагаа явуулдаг, хэрхэн үр ашигтай ажилладаг жишгийг эндээс судалбал их зохимжтой хэлбэр юм гэж харагддаг. Энэ сангийн үйл ажиллагааг Д.Сумъяабазар сайд тухайлан судалж, биечлэн танилцсан байгаа.

-Стратегийн чухал салбарууддаа “Самрук-Казына”-аас хөрөнгө оруулалтыг нь хийдэг гэж ойлгож болох уу?

-Ер нь тэгж ойлгож болно. Тухайлбал, Казахстаны төмөр зам, агаарын зам, цахилгаан холбоо гээд төрийн өмчийн олон байгууллага байна. Хөгжиж буй орнуудын жишгээс харахад төрийн өмчит байгууллагуудын зохистой харьцааг их зөв түвшинд барьсан  байдаг. Манай улс 1990 оноос хойш эдийн засгийн болоод улс төрийн ардчиллаа зэрэг явуулсан орон юм билээ. Гэтэл Казахстан яг БНХАУ-ын жишгийг дагасан. Эхлээд эдийн засгийн ардчиллаа түлхүү хөгжүүлээд, араас нь улс төрийн ардчиллаа явуулсан туршлагатай юм байна. Манайх шиг жижиг орны хувьд эдийн засаг, улс төрийн ардчиллыг зэрэг явуулахад алдаа, оноо их гардаг юм шиг санагддаг. Казахстан улсын хөгжиж ирсэн түүхийг харахад шүү дээ.

-Улс орныг тодорхойлдог тухайлсан салбарууд байдаг. Яг Казахстаны хувьд тэр нь юу байна вэ?

-Казахстан улс яг манайхтай адилхан. Уул уурхайн салбар нь тэргүүлэгч чиглэл болж, сайн хөгжсөөр ирсэн. Үүн дотроо газрын тос, хийгээрээ сайн хөгжиж буй орны тоонд ордог. Мөн ураны олборлолт, боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Ураны олборлолтыг байгальд ямар ч хор хөнөөлгүй байх техник хэрэглэж байна. Уг нь яг манайхтай зэрэгцээд ураны салбараа хөгжүүлэх чиглэл барьсан юм билээ. Бас зэс, хар төмөрлөг, нүүрсний салбар нь нэлээд сайн хөгжиж байгаа оронд багтаж байгаа. Уул уурхайн салбартаа орчин үеийн техник технологи хэрэглэж байгаа нь анхаарал татдаг.

-Сая ЗГХК-ын хуралдаанаар Казахстан “Таукен” алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монголд барих асуудал яригдлаа. Та энэ ажлын яг бодит байдлаар биеллээ олох боломжийг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сая алт, мөнгө цэвэршүүлдэг “Таукен” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монголд уг үйлдвэрийг байгуулах асуудлаар ЗГХК-ын хуралдааны тогтоолд албан ёсоор тусгуулж өгсөн байгаа. “Таукен” үйлдвэр нь жилдээ 20 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх хүчин чадал бүхий технологи ашигладаг юм байна. Манай улс өнөөг хүртэл алтаа гадагшаа гаргаж цэвэршүүлдэг тул эдийн засгийн хувьд алдагдалтай байгаа юм. Алт нь өөрөө аливаа орны валютын нөөцийг тогтвортой байлгах эх үндэс учраас дотооддоо цэвэршүүлэх, төв банкин дахь алтны нөөцийг нэмэгдүүлэх нь ихээхэн чухал байдаг. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих асуудлаар манай улс хэд хэдэн орноос үнэ авсан ч Казахстан улс тэднээс хоёр дахин хямд үнэ санал болгож, ноу-хау нэвтрүүлэлтээ үнэгүй хийх нөхцөл тавьсан юм билээ. Тэгэхээр ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

-Манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Арева” Казахстан улстай амжилттай хамтарч, байгаль орчинд хор хөнөөлгүй ажилладаг гэж танилцуулагдаж байна. Гэтэл манайд “Арева” маш их шүүмжлэл хүлээдэг. Казахстан яг ямар байдлаар эднийхтэй хамтарсан байна вэ?

-Казахстан улсын ураны нөөц урагшаа Алматы чиглэлд байдаг. Арева эднийхээс шар нунтаг гаргаж авч байгаа. Энэ технологийг манайхаас ирж үздэг. Гол нь туршлагыг нь сайн судлах ёстой юм билээ. Гол нь орчин үеийн маш сайн технологийг Арева оруулж ирсэн байна лээ.

-ИРГЭДЭД ХЯЛБАРШУУЛСАН АРГААР ИРГЭНШИЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР НЬ ЯРЬЖ БАЙНА-

-Нэгэн үе Баян-Өлгий аймгийн казак иргэд олноороо энэ улсад ирж суурьшиж байсан. Энэ нүүдэл одоо нэлээд саармагжаа юу даа?

-Сүүлийн жилүүдэд нэлээд зогсонги байдалд орсон. 1990 оны үед Монголын 90 мянга орчим иргэн нүүж ирсэн тоон судалгаа байдаг. Зарим нь нутаг буцсан ч байдаг. Хоёр орны хооронд иргэдийг хялбаршуулсан аргаар иргэншил олгох асуудлаар Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийгдэж байгаа. Ойрын үед холбогдох шийдвэр гарчих болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Элчин сайдын яаманд иргэд голдуу ямар асуудлаар хандаж байна вэ?

-Иргэншлийн асуудлаар хандах нь түгээмэл гэж болно. Сүүлийн үед нэлээд багассан. Сардаа 4-5 иргэний хүсэлт ирдэг.

-Казахстаны иргэд Баян-Өлгий аймагт жуулчлах тохиолдол хэр их байдаг вэ?

-Одоохондоо манай хоёр оронд зам тээврийн харилцаа бараг байхгүйтэй адилхан, жуулчлахад ихээхэн хүндрэлтэй. Энэ асуудлыг ЗГХК-ын хуралдаанаар ч сөхөж ярилцлаа. Агаарын тээврийн асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ер нь агаарын болон зам тээврийн асуудлаа хоёр орон шийдчихвэл эдийн засгийн хувьд ч ихээхэн өгөөжтэй. Манай хоёр улсын хил ердөө 58 км-ын зайтай мөртлөө Астана хотод ирэхийн тулд Бээжин, Москвагаар дамжин ирж байгаа. Тиймээс шууд нислэг нээх зайлшгүй шаардлагатай байна. Казахстанаас авиа компаниудаа санал болгож байгаа. Манай талаас ч мөн тодорхой чиглэлд агаарын шугам нээх саналууд яригдаж байгаа юм билээ. Зам харилцаагаа нээснээр Европын орнуудын дамжин нислэг ч хөгжих боломжтой.

-Сая ЗГХК-ын хуралдааны үеэр “Евроази”-ийн эдийн засгийн гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар Казахстанаас дэмжлэг хүссэн. Хариугаа хэрхэн илэрхийлсэн бэ?

-ЗГХК-ын хуралдааны үеэр манай улс Казахстан улсад сая “Евроази”-ийн эдийн засгийн гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг албан ёсоор тавилаа. Гишүүн орнууд тухайлсан байдлаар дэмжээд яваа юм. Нийтдээ таван орон байдаг. Үүн дээр Казахстан улсыг бас дэмжээч ээ гэсэн саналаа тавьсан. Энэ чиглэлд ажлын хэсэг гарч ажиллахаар яригдлаа. Үндсэндээ сая дэмжинэ гэдгээ илэрхийлсэн, маш чухал асуудал шийдэгдлээ гэсэн үг. Одоо ажлын хэсгийн хүрээнд илүү нарийн яригдана гэсэн хүлээлттэй байна. Манай хоёр улсын хооронд одоо гадаад худалдаа бараг байхгүй. Баян-Өлгий аймгаас жижиг тэргээр бараа зөөдгийг эс тооцвол шүү дээ. Тиймээс хоёр орон бодлогын хүрээнд энэ асуудлаа авч хэлэлцэж, шийдэлд хүрэх шаардлагатай байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 36 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 37 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 39 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 43 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 45 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 46 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 9 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 17 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 18 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 21 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 23 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 28 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 29 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 31 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 30 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 31 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 32 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top