АНУ-ын сансар судлалын агентлаг NASA 1972 оны «Аполлон»-ы дараахан анх удаа хүнийг Сарыг чиглэсэн нислэгт оролцуулах «Артемида-2» аяныг 2026 оны хоёрдугаар сард эхлүүлж магадгүй гэж мэдээллээ. Анх ирэх оны дөрөвдүгээр сард нисэхээр товлогдсон байсан энэхүү түүхэн нислэгийг хоёр сарын өмнө урагшлуулан хийх боломжтой болжээ.
«Артемида-2» бол хүний оролцоотойгоор Сарыг тойрон нисээд дэлхийд буцаж ирэх эхний аялал бөгөөд дөрвөн сансрын нисэгч оролцоно. Тэднийг АНУ-ын «Орион» хөлөг болон шинэ үеийн SLS пуужин тээвэрлэж гарах юм. NASA-аас мэдээлснээр, нислэгийг хоёрдугаар сарын 5 эсвэл дөрөвдүгээр сарын 26-нд хийхээр сонголт үлдээсэн бөгөөд эцсийн хугацааг багийн аюулгүй байдлаас шалтгаалан тодорхойлно. Хөөрөх, Сарыг тойрон нисэх, буцаж ирэх ажиллагаанд тус бүр таван өдөр зарцуулахаар тооцоолжээ.
Энэхүү нислэгийг Саран дээрх хүний эргэн буулт хийхийг зорьж буй «Артемида» хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. «Аполлон»-ы дараа тавь гаруй жил зогсонги байдалд орсон сарны аяллыг дахин эхлүүлэх энэхүү төсөл нь сансар судлалын шинэ эрин үеийг нээхээр хүлээгдэж буй.
«Артемида-2»-ын нисэгчдийн бүрэлдэхүүнийг 2023 онд зарлажээ. Багийг NASA-гийн астронавт Рид Уайсмен ахалж, түүний хамт АНУ-аас Виктор Гловер, Кристина Кук нар, Канад улсаас Жереми Хэнсен оролцоно. Хэнсен энэ удаа анх удаа сансарт нисэх бол багийн бусад гишүүд өмнө нь нэг удаа сансрын аялалд оролцож байжээ. Тэдний дундаас Кристина Кук нь сансарт нийт 328 хоног ажилласан бөгөөд эмэгтэй нисгэгчдийн хамгийн урт хугацааны дээд амжилтыг тогтоосон туршлагатай сансрын нисэгч юм.
SLS пуужин-өндөрлөгчийн угсралт одоо дуусах шатандаа явж байгаа бөгөөд энэ аравдугаар сар гэхэд бүрэн бэлэн болно гэж NASA мэдээллээ.
Ингэснээр хүн төрөлхтөн Сарыг чиглэсэн нислэгээ дахин сэргээж, хагас зуун жилийн өмнөх «Аполлон»-ы түүхэн аяллын залгамж халааг «Артемида» үргэлжлүүлэх гэж байна.
Эх сурвалж: NASA
Сэтгэгдэл (2)