Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй нийслэлийн Түргэн тусламжийн төвд “Хэвлийгээр хүчтэй өвдлөө” гэсэн дуудлага урьд шөнө буюу арванхоёрдугаар сарын 11-ний 01.10 цагт өгчээ. Дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч, тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна.
Гэвч өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир түргэний эмч өвчтөнийг эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас түргэний эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учирсан байна. Түргэний эмчийн гар нь гэмтэж, гипсдүүлсэн бөгөөд тархи нь доргиж, эмнэлгийн тусламж авч байгаа гэдгийг НЯТТ-өөс мэдээллээ.




