БНСУ-ын “Ханнара” төрийн бус байгууллага Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Их Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 1000 ширхэг нарс мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд бодит хувь нэмэр орууллаа. Тус байгууллага нийт 1500 нарс мод хандивласны үлдсэн 500-г нь Хужирт суманд тарихаар төлөвлөжээ.
“Ханнара” ТББ нь 2010 оноос хойш Өвөрхангай аймагтай тасралтгүй хамтран ажиллаж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал, “Алтан хонх” уралдааныг зохион байгуулж, шалгарсан багш, сурагчдыг БНСУ-д аялуулсан, нарийн мэргэжлийн эмч нарын багийг илгээн зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн, мөн Ганданпунцоглин хийдтэй хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа өрнүүлж, амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд дэмжлэг үзүүлсэн зэргээр олон талт ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ.
Энэ удаагийн мод тарих үйл ажиллагаанд тус байгууллага 10 мянган ам.долларын хөрөнгө хандивласан бөгөөд эхний ээлжийн 1000 нарсыг Арвайхээр сумын ЗДТГ-тай хамтран “Их Монгол” цэцэрлэгт хүрээлэнд тарьсан байна. Өмнө нь 2019 онд мөн тус хүрээлэнд 3000 улиас болон 4 метр өндөртэй 70 нарс мод тарьж байжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит үр дүнтэй санаачилга болж байгаа юм.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Ханнара” ТББ