-2020 он гэхэд 60 болон түүнээс дээш настнууд 5 хүртэлх насны хүүхдийн нийт тооноос олон болно-
ДЭМБ-ын мэдээгээр 2015-2050 онд 60-аас дээш насны ахмад настан дэлхийн бүх хүн амын 12%-аас 22% болж нэмэгдэхээр байна. 2020 он гэхэд 60 болон түүнээс дээш настнууд 5 хүртэлх насны хүүхдийн нийт тооноос олон болно. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 3.2 сая болж, настны тоо 273468 буюу нийт хүн амын 8,6 хувийг эзэлж байна.
Монгол Улсын хувьд наслалт дагасан өвчлөлийг судлах, ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой Герантологийн үндэсний төв байгуулагдаад ажиллаж буй юм.
Настны тоо өсөн нэмэгдэж буй үед настанд чиглэсэн насжилт судлал, настны эмгэг судлалын мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, настны бие махбод, сэтгэлзүй, нийгмийн болон эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээг ойлгодог, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх ур чадварыг эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Манай оронд энэ салбар шинээр хөгжиж буй цаашид настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд мэргэшсэн настны эмч төдийгүй олон улсын жишгээр төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтэн, мөн настны эмч-сэтгэл зүйч гэх мэт хосолсон мэргэжлийг эзэмших асуудал тавигдаж байна.
Настнуудад насжилт, настны эмгэг судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд шаардагдах эмчийн хэрэгцээг Америкийн Нэгдсэн улсын Насжилтын үндэсний төвийн (National Institute on Ageing) гаргасан зөвлөмжинд заасны дагуу 60 ба түүнээс дээш насны 5000 хүн амын дунд 1 настны эмч байна гэсэн зөвлөмжтэй харьцуулж үзэхэд өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 54 настны мэргэшсэн эмч, 108 сувилагч хэрэгцээтэй байна.
Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 тоот тушаал, Төвийн дүрмийн заалт “Ахмадын эмч, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх сургалт явуулах, Геронтологийн үндэсний төвийн сургалт эрхлэх журмын заалтын дагуу төв нь жил бүр настны эмч, сувилагч бэлтгэх төрөлжсөн мэргэжлийн сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. 2018 оны байдлаар улсын хэмжээнд мэргэшсэн настны эмч 26 байгаа нь шаардагдаж буй хэрэгцээний 48,1 хувийг эзэлж байна.
Иймд Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төвийн хувьд мэргэшсэн настны эмч, сувилагчийг мэргэшүүлэх сургалтыг явуулах эрх бүхий сургалтын бааз төв, сургалт эрхлэгч байгууллага болж өргөжүүлэх шаардлагатай байгаа юм байна.



