Зам тээврийн ослыг бууруулах зорилгоор НҮБ-аас зохион байгуулдаг дэлхий нийтийн “Хичээх өдөр”-ийг Монголын цагдаагийн байгууллага тав дахь жилдээ зохион байгууллаа.
Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.3 сая хүн ам насаа алдаж, 50 сая хүн бэртэж гэмтдэг шэсэн судалгаа гарсан. Харин Монгол Улсад жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг байна.
Энэ жилийн хувьд уг өдрийг долоо хоног зохион байгуулж, Монголын Замын хөдөлгөөний дүрмийг иргэдэд сурталчлахаараа онцлог аж. Мөн өнөөдөр 11.00-11.05 цагт орон даяар замын хөдөлгөөнийг хаалаа. Энэ нь зам тээврийн ослоор нас барж, гэмтэж байгаа хүмүүст хүндэтгэл үзүүлж буй арга хэмжээний нэг юм. Түүнчлэн осолд өртөж эвдэрч, хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж, иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлж байгаа аж.
Тээврийн цагдаагийн албанд өдөрт 350-400 ослын дуудлага ирдэг бөгөөд энэ тоо хэрхэн өөрчлөгдөж, “Хичээх өдөр”-ийн үр дүнг маргааш /2018.11.29/ олон нийтэд мэдээлнэ.



