Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны 1 сарын 1-нээс 1 хувиар нэмэгдэнэ. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдох аж.
Шимтгэлийг ийнхүү 2020 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь Нийгмийн даатгалын сан болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсонтой шууд холбоотой гэнэ. 2008 онд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 10 жилийн хугацаанд энэ тоо 410 мянга болтлоо өссөн. Тодруулбал, 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхгүй байгаа юм байна.
Жилд дунджаар 30 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна. Гэтэл Нийгмийн даатгалын санд жилд дунджаар 2 их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэлээ.
Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг бид дагаж байгаа юм байна. Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно гэж үзжээ. Одоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 2.7 иргэний шимтгэлээр нэг хүний тэтгэврийг олгож байна.




Сэтгэгдэл (1)