Нийслэлд Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү цэвэрлэгээний хүрээнд дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллагын цэвэрлэгээг хариуцан ажиллаж, иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарах юм.
Цэвэрлэгээний ажлын чиглэл
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх
- Хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх
- Аж ахуйн нэгж, байгууллагуудын цэвэрлэгээний үйл ажиллагааг идэвхжүүлэх
Нийслэлийн Захирагчийн ажлын алба (УБЗАА) жил бүр "Бүх нийтийн их цэвэрлэгээ" зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд нийт зургаан удаагийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн гэж УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Аж ахуй нэгж, иргэдийн оролцоо
- Байгууллагууд өөрсдийн орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх
- Хайс, хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж, өнгө үзэмжийг сайжруулах
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бүх нийтийн цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Эх сурвалж: НЗДТГ, УБЗАА