Италийн прокурорууд 1990-ээд оны Босни-Герцеговиний дайны үеэр зарим баян иргэд Сараевод очиж, бүслэгдсэн энгийн иргэд рүү буудахын тулд өндөр төлбөр төлдөг байсан гэх “снайперийн сафари” нэртэй аймшигт явдлын хэргийг шалгаж эхэлжээ.
Энэхүү хэрэг Италийн сэтгүүлч, зохиолч Эцио Гавацценигийн гомдлоор үүссэн бөгөөд тэрээр “зэвсэгт сонирхолтой чинээлэг хүмүүс хамгаалалтгүй иргэдийг агнах зорилгоор мөнгө төлж байжээ” хэмээн мэдүүлсэн байна. Зарим мэдээллээр эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн амь бүрэлгэхэд хүртэл өөр өөр “үнэлгээ” тогтоож байсан аж.
1992-1996 оны хооронд үргэлжилсэн Сараевогийн бүслэлтэд 11 мянга гаруй хүн амиа алдсан бөгөөд хот Сербийн хүчнүүдийн байнгын мэргэн буудагч, миномётын галд өртөж байв. Италийн эсрэг терроризмын прокурор Алессандро Гоббис энэхүү баримтыг “хүний амь хөнөөсөн хэрэг” гэж үзэн мөрдөн шалгалт эхлүүлсэн байна.
Гаваццени мөрдөн шалгах явцдаа 2022 онд Словенийн найруулагч Миран Зупаничийн “Sarajevo Safari” нэртэй баримтат киног үзсэний дараа дахин энэ сэдэвт анхаарлаа хандуулжээ. Уг кинонд АНУ, Орос, Итали зэрэг орноос ирсэн хүмүүс мөнгө төлөн энгийн иргэд рүү буудаж байсан тухай нотолгоо дурдагддаг.
Харин тухайн үед Сараевод байсан Британий цэргүүд “ийм зүйл бодитоор болж байсан гэдэг нь эргэлзээтэй, логистикийн хувьд бараг боломжгүй байсан” гэж BBC-д ярьсан байна. Тэд үүнийг “дайны үеийн хотын домог” байх магадлал өндөр гэж үзэж байгаа ч Миланы прокурорууд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: BBC.com



