x

Мөнгө тархийг орлодоггүй

МӨНГӨ ТАРХИЙГ ОРЛОДОГГҮЙ

Форэст Гамп гэж аугаа кино бий. Үзээд ханашгүй. Мань Гамп нэлээдгүй зүүлэг нэгэн. Оюуны хомсдолтой биш гэхэд юутай ч дутагдалтай. Гэхдээ их зөв сайхан хүн. Тэр нөр хөдөлмөрөөрөө тэрбумтан болж Форбэс сэтгүүлийн хавтсан дээр хүртэл гарчээ. Америк бол гуйлгачинд ч эрдэнэс атгуулдаг аугаа бололцооны орон. Ингэж ч их суртчилдаг. Эрх чөлөө юуг ч юу ч болгож хувиргадаг аж. Ухаан хомс Гамп хүртэл тэргүүн баян болж байна. 

Энэ бол америк мөрөөдөл. Амьдрал дээр тэр бүр тохиолдохгүй л байх. Гэхдээ л жар далаад оны үед дэлхийн хамгийн баян гэгдэж байсан Харолдсон Л. Хант ердөө дөрвөн жилийн боловсролтой, нэн ядуу нэгэн байжээ. Тэрээр нефтийн их орд гарах хэсэг эзгүй газрыг хөзрийн мөрийгөөр хожиж баяжих гараагаа эхэлсэн гэдэг. Өнөөдөр дөрөв хуваагдчихаад дөрвүүлээ дэлхийн хамгийн том компанид тооцогдож буй Вол Мартын гэр бүлийн эхийг тавигч ядуу зүдүү амьдрал туулж явсаар өөрийн нэг насандаа хорвоогийн хамгийн мөнгөтэй эр болсон. Америкт ийм жишээ их бий. ХХ зуунд өөр олон газар ийм хүмүүс олноор төрсөн. Эднийг сэлфмэйдмэн буюу өөрөө өөрийгөө босгосон хүн гэж нэрлэдэг.

Баячууд, ядуучуудын хооронд мөнхийн зөрчил байсан. Өнө эртнээс хэн баян байв? Мэдээж эрх барих язгууртнууд. Цэргийн эрхтэн нар. Эд бол цаанаасаа баян байх учир жанцантай улс. Хүлээн зөвшөөрөгдсөн. Гэтэл худалдаачид гэж өөр нэг баян давхрага байв. Урьдын цагт үйлдвэр, үйлчилгээ гээд өнөөгийнх шиг юм байсангүй. Мөнгөний эргэлт хийж болох ганц салбар нь арилжаа наймаа. Иймээс чухамхүү худалдаачдыг бүгдээрээ үзэн яддаг байлаа. Нийтээрээ шүү. Есүс тэднийг сүмээс хөөхийг шаардаж байв. Күнз, Будда, Мохамэд нар ч тэдэнд талтай хандаж байсангүй. Чухамдаа худалдаа наймаа их эрхэлдэг учраас жүүд үндэстнийг бусад нь гадуурхана. Маркс мөнгөтэй хүмүүсийг хүйгээр нь устгахыг шаардаж байлаа. Онолыг нь дагасан манайд өнөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйг панзчин авгай л гэхээс өөрөөр нэрлэж байсангүй.

Мөнгөтэй хүмүүсийг оюунтнууд үздэггүй байлаа. Өрөндөө баригдсан Бальзак “Гобсэк” зохиолоо өлөн нойтонгоороо туурвина. Дантэ, Гоголь нар тэднийг хуйхалж байлаа. Аугаа эрдэмтэн Галиллэй, да Винчи, зураач Рэмбрандт, ван Гог, хөгжмийн зохиолч Моцарт, Бетховэн, сэтгэгч Вольтэр, Диогэн, Достоевский гээд үе үеийн оюунтнууд ядуу зүдүү, мөнгөний мөнхийн гачаалтай, хөөгдөж туугдсан, гадуурхагдсан хүмүүс байлаа. Оюуны гайхамшигт тэсрэлт мөнгө болж хувирдаггүй байв. Да Винчиг ХIХ зуун болтол хүмүүс мэддэггүй байлаа. Бүтээл нь хэдхэн баячууд язгууртны хүрээнд эргэлдэнэ. Копэрник нарыг зогсоож дэлхийг эргэлдүүлсэн нь эргээд ямар ч баялаг болсонгүй, харин ч гай гамшиг дагуулав. Вольтэрийн хэрүүл түүнийг эх нутгаасаа амь тэмцэн зугтаахад хүргэжээ. Лобачевский геометрийн бүхэл бүтэн цоо шинэ огторгуй нээснээрээ юун мөнгө олох, галзуугийн больницод хүргэгдсэн. Хорвоог оюунтнууд хөтөлдөг, гэвч тэд гуйлгачин явах заяатай аж.

Оюун эзэмшигчдийн зүгээс мөнгө эзэмшигчдийг хүлээн зөвшөөрсөн эхний сартваахи нь Адам Смит байлаа. Чөлөөт худалдаа нь нийгмийн хөгжлийг урагшлуулах мотор мөн болохыг тэрээр нээжээ. Ингэхээр худалдаачид гэдэг тийм ч муу хүмүүс биш бололтой. Магадгүй сайн ч хүмүүс байх. Торгоны зам, Бритиш Ийст Индиа компанигүйгээр дундад зууны хөгжил байх ч байсан юм уу? Наймаачдыг учиргүй хүндэтгээд байхаа байг гэхэд чөлөөт худалдааг өөрийг нь боож хаагаад байхгүй бол энэ нь Үндэсний баялаг болдог аж. Ингээд чөлөөт худалдаа буй болсноор Аж үйлдвэржилтийн хувьсгал боллоо. Нийгэмд гагц арилжаа наймаа төдийгүй үйлдвэр үйлчилгээ гээд үй түмэн бизнесийн салбар шинээр нээгдэх нь тэр. Мөнгөтэй хүн олширлоо, мөнгийг хэн ч эзэмшдэг болов. Харин ч цаанаасаа мөнгөтэй байх заяатай язгууртан, сүм хийдийнхэн, цэргийн эрхтэн дархтанууд удаа дараагийн хувьсгалаар түлхэн унагагдав.

Хэзээ ч мөнгөн утгаар үнэлэгддэггүй байсан оюун ухаан “зах зээлд” гарлаа. Дюма, Толстой нар зохиолоороо амьддаа асар их мөнгө хийсэн анхны оюунтнууд байв. Пикассо бүтээлээ тэр дор нь толгой эргэм мөнгөөр зарна. Кэйнсийн зөвөлгөө ямар их үнэтэй байсан гэж санана. Эдисоны загвар, шинэ санаачлага дор бүрнээ л үйлдвэрлэлд шилжиж байв. Оюунтнууд өөрснөө бизнес эрхлэгчид болох нь ховор зүйл биш болжээ. Харри Потэрийн ээж Ровлин тэрбум доллар хийсэн анхны зохиолч боллоо. Спилбэрг аугаа найруулагч уу, мөнгөний машин уу? Дундад зууны үед нийгмийн зиндаагаар дөнгөж гудамжны янханы дээр л тооцогддог байсан жүжигчид өнөөдөр алтан жорлон сандайлсан, тэнгэрийн одыг бүдэгрүүлэгчид болжээ. Сайн тамирчид мөнгөндөө живж байна. “Миний нээлт бүтээлийг хойч үе л ойлгоно” гэх маягийн хэллэг зөвхөн шизотой хүмүүст л хамаарах болов. Зах зээл шилдэг бүхнийг өөрөө шүүн илрүүлж ховх сорон дор нь баялаг болгоно. Аугаа оюунтныг байтугай олигтой оюутныг ч урдуураа гаргахгүй олж илрүүлэн мөнгө болгодог өнөөгийн прагматик ертөнц!

Мөнгө бол нийгмийн эд эс болгонд хүрч шим тэжээл өгөгч цус. Мөнгөгүй нийгэм байгуулах гэсэн Кампучийн туршилт сүйрлээр дууссан. Орчин үеийн Америкийг босгож ирсэн Рокфэллэр, Карнеги, Морган гурав энэ бүхнээ мөнгөний асар том цутгалан эргэлтээр бүтээжээ. Чухам тэр их мөнгө нь Фордын конвейрийн машинаар эргэлдсэн юм. Мөнгөөр бүхнийг худалдаж авч болно, тэрбайтугай оюун ухаантныг худалдан аваад өөртөө зарцалж болно. Мөнгө, мөнгө, мөнгө!

Гэвч ямар ч их мөнгө оюуныг орлож чадахгүй. Мөнгөөр ухаан ч олдохгүй, авъяас ч олдохгүй. Мөнгийг зах зээл буй болгодог бол оюуныг Бурхан бүтээдэг юм. “Тийм л их ухаантай юм бол яагаад мөнгөгүй байгаа юм?” гэсэн америк маягийн ёжлол бол бүдүүлгийн туйл. Их сайн цайруулж бодоход энэ нь авъяас чадвараа борлуулах хэрэгтэй л гэсэн сануулга байх. Мөнгө бол тэжээл болохоос тархи биш. Прагматик нь хэтэрсэн америкчууд “Баян аав, ядуу аав” гэсэн ном бичиж зах зээлд гарган их мөнгө олжээ. Оюуныг басамжилж, наймаачдыг аминдаа их л өндөрт өргөсөн байх юм. Худалдаачид мандтугай, Адам Смитийн зөв. Гэхдээ хөл нь доод талд, тархи нь дээрээ байдаг хорвоогийн жам хэвээрээ шүү дээ. Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр Адам Смит нийгмийн жам яриадахсан чинь оюун ухааныг “ядуу аав” гэж басамжилдаг байх нь! Рокфэллэр мөнгөний тулам болох бололцоог Бэнжамин Франклин сэтгэж байж буй болгосон нь мартагдах нь.

Орчин үеийн Солонгосыг “Самсунг”, Японыг “Сони”, Америкийг “Форд” босгож ирсэн нь үнэн. Тэд нийгмээ урагш чирж, бусдыгаа хооллож яваа нь ч үнэн. Гэхдээ энэ бол хөл, тархины зөв хослол. Эс болгонд цус хүрэлцэн очиж хүчилтөрөгчөөр хангадаг боловч энэ бүхнийг тархинаас зохицуулдаг. Мөнгийг үзэн яддаг дундад зууны сэхээтний үзэл нэг талын хэтрүүлэл боловч оюуныг басамжлах гэсэн өнөөгийн улаан нүдтэнгүүдийн увайгүй оролдлого үүнээс ч муухай огиудас хүрэм туйлшрал. Форэст Гамп тэрбум доллар олчиж чадсан боловч тэр хэзээ ч эрдэмтэн болж чадахгүй. Шоглоомтой нь луйварчин, хулгайч, зальхай амьтад бас мөнгөтэй болчиж чаддаг. Тэр дундаа хөндий тархиа хэтэвч болгочихсон, төлөвших яагаа ч үгүй манай хагас луйварчид хүндэтгэл хүлээхээсээ ой гутаана. Тэдэнтэй хөл толгой заавал залгагддаг тухай битгий хэл ердийн шудрага ёс, моралийн талаар ярилцаад ойлголцох уу? Нөгөө талаас өнөөгийн нээлттэй нийгэмд авъяас чадвар, нөр хөдөлмөрөөрөө мөнгөтэй болсон хүмүүсийг үзэн ядаж шүлс үсэргэгчид бол шударга үнэний илэрхийлэл биш, ажил хөдөлмөрөөр биеэ аваад явах чадваргүй дутуу төрсөн амитадын хий хорсол атаархал төдий.

Ингэхээр мөнгө эзэмшигч, оюун эзэмшигч хоёр тусдаа өөр ангилал юм. Өнөөгийн үйлдвэржсэн, соёлжсон, иргэншсэн, даяаршсан, зах зээлжсэн ертөнц мөнгө эзэмших бололцоог бараг бүх хүнд олгож байна. Харин оюун эзэмших эрхийг Бурхан тун ч харам тараадаг нь хэвээрээ шүү. Яагаад гэвэл...?!

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 47 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 48 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 50 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 53 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 54 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 57 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 58 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 0 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 56 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 7 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 0 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 3 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 4 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 6 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 8 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 12 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 13 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 15 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 17 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 20 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top