x

Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж болохгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар болон танхимын сайд нар өчигдөр ирэх оны улсын төсвийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай өргөн барьсан төсвийн хүрээнд ярилцжээ. 

-Ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа өргөн барилаа. Юун түрүүнд төсвийн орлого, зарлагыг хэрхэн тооцож оруулж байгаа вэ. Энэ хоёр тоог иргэдийн хувьд анхаарч хардаг шүү дээ…?

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027- 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027- 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг 33.4 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх дүн хангагдахгүй байх эрсдэл үүссэн. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Уг хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь байхаар тооцсон. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар анх удаа иргэдийн саналд тулгуурлан боловсруулж, 186 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр, төсвийн ерөнхийлөн захирагч бүр олон нийтийн хэлэлцүүлэг хийж, 239 мянга орчим хүнийг оролцуулсан. Давхардсан тоогоор 8.8 мянган санал ирүүлсэн нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог өргөн хүрээнд хангаж чадсан гэж үзэж байгаа.

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн. Мөн урсгал зардлыг 25 хувь биш, 24 хувь дээр ирэх жилийн төлөвлөгөөтэй уялдуулж өсөлтийг нь хязгаарлаж байгаа. Төсвийн үр өгөөжийг энэхүү урсгал зардал дээр анхаарсан төсвийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтыг илүү оновчтой, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, хувийн хэвшлийг дэмжсэн энэ чиглэл рүүгээ илүү анхаарсан. Энэ зорилтын хүрээнд бид төлөвлөлтөө хийсэн. Цаашид урсгал зардлаас гадна төсвийн нийт зардлаа дунд хугацаандаа үе шаттайгаар бууруулаад явна.

-Орлого бүрдүүлэх гол салбар бол уул уурхай. Тэр дундаа ирэх оны төсвийн орлогод 90 сая тонн нүүрс экспортлох асуудлыг оруулж ирсэн. Нүүрс экспортлох тал дээр та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Манай улсын хувьд биет хэмжээгээрээ буюу нэвтрэн өнгөрүүлэх чадвар болон урд зах зээлийн хүлээж авах эрэлт хэрэгцээгээ харьцуулбал 90 сая тонн битгий хэл илүү их хэмжээгээр нүүрсээ экспортлох боломж бий. Ойрын хугацаанд 150-200 сая тонн хүргэх ч боломж байгаа. Хятад улсын жилийн нүүрсний хэрэгцээ дор хаяж таван тэрбум тонн байдаг. Үүнтэй харьцуулахад манай улс 100 сая тонн хүрэхгүй нүүрс нийлүүлнэ гэдэг маань маш бага хэмжээ. Тиймээс нүүрс экспортын хэмжээг ойрын хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилго тавьж байна.

-Үнийн хувьд ямар байна гэж тооцож байгаа вэ?

-Мэдээж үнийн хувьд бид хамгийн бага зах зээлийн үнээр буюу энэ жилийн хамгийн доод үнэ 70 ам.доллараар тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, бид ирэх жил экспортлох нүүрсний үнээ энэ жилийн хамгийн бага үнээр төсөвтөө тооцож бодсон. Энэ жилийн тухайд гүйцэтгэлийн хувьд 85 сая тонн гаргах зорилт тавьсан. Одоо гаргаж байгаа урсгалаа харвал жилийн эцэс гэхэд энэ хэмжээ рүү нэлээд дөхнө гэж бодож байна.

-Жил жилийн төсвийн ихэнх орлогыг татвар төлөгчид бүрдүүлдэг. Энэ жил ч ялгаагүй байх. Ер нь татвар бууруулах, тэр дундаа НДШ-ийг бууруулах, тогтолцоо, эрх зүйн орчныг нь шинэчлэх тал дээр та ямар бодлого барьж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой томоохон реформ хийгдэхээр холбогдох яам дээрээ боловсруулагдаж байна. Энэ шинэчлэлээ намрын чуулган эхлэхээр өргөн барина гэсэн төлөвлөгөөг салбарын сайд нь хэлж байсан. Намар хэлэлцээд эхлэх энэхүү том реформ ирэх оны төсөв батлагдахаас өмнө хууль нь гараад 2026 оны төсөвт тусгагдаад явна гэдэг цаг хугацааны хувьд боломжгүй. Татвартай холбоотой асуудал бий. Татварын том эпиктүүд буюу гадуур яригдаад байгаа дөрвөн их наяд төгрөгийн эхний 800 тэрбум төгрөг нь ирэх оноос буцаад ороод ирнэ. Намар хэлэлцэгдэх нийгмийн даатгалын реформ өөрөө маш том өртөг дагуулна. Тэгэхээр татварын өөрчлөлт, нийгмийн даатгалын энэ шинэчлэл нэгэн зэрэг нэг удаагийн төсвөөр шийдэгдэх асуудал биш. Харин үе шаттайгаар энэ хоёр том асуудлыг шийдээд явна.

-Татварын том эпиктүүд буюу 3-4 их наяд гэдэг нь ямар учиртай дүнгүүд юм бэ. Орлогод нөлөөлөх дүн үү?

-Тийм. Ирэх жил НӨАТ-ын буцаан олголт дээр 800 тэрбум төгрөг, дараа жил нь 1.5 их наяд төгрөгийн өртөг бий болно. Зөвхөн НӨАТ дээр ийм болно. Цаана нь хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, мөн босго, ангилал, шатлал зэргүүдээ өөрчилж байгаатай холбоотойгоор төсвийн орлогод нөлөөлөх дүн нь 3-4 их наяд төгрөг гэж тооцож байгаа юм. Ингэснээр хувийн хэвшлийн эдийн засгийн өсөлтийг энэхүү татварын сувгаараа бид хүчтэй нээж өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох, цаашлаад 10 хувь болгох асуудал яригдсан. Үүнд Сангийн сайдын хувьд тодруулж хэлэх зүйл юу байна вэ. Төсөв дээр ямар нэгэн эрсдэл үүсэх үү?

-Би бүртгэлээс нь эхэлж яримаар байна. Манай улсын хувьд аль 2003 онд энэхүү бүртгэлийн системд орсон байдаг. Харин 2016 онд НӨАТ-ыг бид и-баримт руу шилжүүлж эхэлсэн. Ингэснээр бүртгэл маш богино хугацаанд сайжирсан. Анх НӨАТ-ын бүртгэл 46 хувьтай байсан бол одоо 76 хувь болж өссөн. Хүн бүрээр, худалдан авалт болгоноор нь тооцоолол гаргах боломжтой болсон. Тиймээс бид нэг сая төгрөг хүртэл гэж байгаа юм. Тухайлбал, гурван гишүүнтэй өрх айл байлаа. Энэ айл гурван сая төгрөгийн худалдан авалт хийдэг гэж бодоход НӨАТ-аа зөвхөн ээж дээрээ бүртгээд байдаг байсан бол энэхүү систем ороод ирвэл гурвуулаа задлаад бүртгэчих боломж бий болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, ээж нь нэг сая төгрөг дээрээ таван хувиа аваад хоёр сая төгрөг дээрээ хоёр хувиа авч байсан бол одоо тэр өрх айлын гурван гишүүн гурвуулаа таван хувиа аваад явдаг болно. Ингэхээр НӨАТ-ын бүртгэлээ шахаад эхэлнэ. Юу гэхээр бүртгэлгүй системд явагддаг худалдан авалт яах аргагүй шахагдаад бүртгэлтэй систем рүү орж ирнэ. Том зургаараа татварын суурь тэлж, илүү ил тод, нээлттэй болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр төсөв өргөн барьсантай холбогдуулаад татварын багц өөрчлөлтөөс НӨАТ-тай холбоотой хэсгийг нь нэмэлт өөрчлөлтөөр багцлан тасалж оруулж байгаа. Харин аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварын багц шинэчлэлийг “D парламент”-д тавьсан байгаа. Энэ шинэчлэлтэд саналаа өгөөрэй гэж хүсмээр байна. Эхнээсээ гишүүд, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоод саналаа өгөөд эхэлсэн байна лээ. Энэ багц шинэчлэл саналаа авч дуусаад төсвийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр УИХ-д өргөн баригдах байх.

-Ирэх жилийн төсөв дээр хэчнээн сургууль, цэцэрлэг шинээр барихаар тусгаж өгсөн байгаа вэ. Энэ жилийн тухайд зарим бүсэд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүрэлцэхгүй байгаа тохиолдол олон байна шүү дээ…?

-Шинээр дөрвөн сургууль, хоёр цэцэрлэг төсвийн хөрөнгө оруулалтаар баригдана. Мөн 40 гаруй сургууль, цэцэрлэг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдээд явна.

-Ирэх жилийн төсөвт нөгөө яригддаг 14 мега төслийн хэдийнх нь ажил нь эхлэхээр тусгагдсан байгаа вэ?

-Мега төслүүдийн нэлээд хэд нь ирэх жил үргэлжлээд явна. Мөн шинээр эхэлнэ. Энэ дотроос шинээр амжилттай эхлэх төсөл бол боомтуудтай холбоотой. Нөгөө 16, 17 дахь жилдээ хүлээгдэж байгаа хил холболтын төмөр замын төсөл энэ жилээс эхэлнэ. Ирэх жил бүтээн байгуулалт нь идэвхтэй явагдаж, улмаар хоёр жилийн дараа энэ ажил дуусна. Гадаад зээлээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил эхэлнэ. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл, мега төслүүдийн хувьд бүтээн байгуулалт хамгийн өндөр жил нь 2027 он болж таарна гэсэн үг.

-Сүүлд асуухад алдагдалтай төсөв батлагдахаар харагдаж байна. Ер нь алдагдалгүй төсөв батлах боломж нь ямар байдаг юм бэ?

-Энэ бол ерөөсөө бидний сонголтын л асуудал. Энэ удаа бид төсвөө танаад нөгөө талдаа эдийн засгийн өсөлт хадгалагдаад орж байна. Нөгөөтэйгүүр зөрүү нь тэлж буй орон зайгаа бид хувийн хэвшилдээ санал болгож байгаа гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн маань энэхүү өсөлтийг бий болгоно. Харин бид хувийн хэвшлээ юугаар дэмжих ёстой вэ. Мэдээж төр хөрөнгө оруулалт, дэд бүтцээр л дэмжинэ. Энэ хөрөнгө оруулалт, дэд бүтцийг төсвөөр дэмжих үүргийг хувийн секторуудын өмнө хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр ирэх жилийн төсвийн алдагдал болох 1.3 их наяд төгрөг нь дэд бүтэц дээр зориулж байгаа 1.5 их наяд төгрөгийн гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтаас шууд шалтгаалж байгаа юм. Энэ утгаараа бидэнд хоёр сонголт гарч ирнэ.

Механикаар бид алдагдалгүй төсөв өргөн барина гээд дээрх зээл тусламжаа зогсоогоод орж болно. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ дэмжих хөрөнгө оруулалтаа тэглээд орж болно гэсэн үг. Үүн шиг амархан зүйл байхгүй. Гэвч нөгөө талдаа хувийн хэвшил рүү чиглэсэн ямар ч дэмжлэггүй болно л гэсэн үг. Тэгэхээр бид хэдий алдагдалтай мэт харагдаж байгаа боловч хувийн хэвшлээ дэд бүтцээр дэмжих энэ сонголтыг хийхээс өөр арга байхгүй юм. Дахин хэлэхэд, алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч нөгөө талдаа хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж огт болохгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Индонезид эмэгтэйчүүд шүүр барин жагслаа 10 цаг 7 мин Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж болохгүй 10 цаг 17 мин Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна 10 цаг 25 мин Нотариат, баталгаат орчуулгагүйгээр цахим апостиль авах боломж бүрдлээ 10 цаг 45 мин Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 47 мин ЭМД-ын санд эхний хагас жилд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлэв 12 цаг 42 мин Энхтайваны гүүрний явган замыг яаралтай засахыг үүрэг болголоо 12 цаг 44 мин Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина 12 цаг 49 мин Хүүхдэд төрөөс олгох мөнгөн тэтгэмж болон бусад дэмжлэгийн талаарх мэдээлэл 13 цаг 49 мин Хүүхдийн урлан бүтээх төвийн 2025-2026 оны элсэлт эхэлжээ 13 цаг 55 мин Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэх талаар санал солилцов 13 цаг 57 мин Гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна 13 цаг 59 мин "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг 16 цаг 12 мин Нийслэлийн үерийн ус зайлуулах шугам угсралтын явц 60-70 хувьтай байна 16 цаг 27 мин Энэ намар ‘Би ч гэсэн жаргамаар байна’ драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин амилна 16 цаг 29 мин Украин, Орос хоёр улсын аюулгүй байдлын баталгаа хэлэлцээрийн гол асуудал болж байна 16 цаг 32 мин Монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлах хэт холын гүйлтийн аялал боллоо 16 цаг 37 мин Алтанбулаг боомтыг шинэчилж, зорчигч, ачаа тээврийн урсгалыг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой боллоо 16 цаг 39 мин ХӨСҮТ-ийн эмнэлгийн хог хаягдлын менежмент сайжирлаа 16 цаг 47 мин МАН-ын дарга хэн болох вэ? 16 цаг 52 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа... Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр ... Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top