Их Британийн иргэн Жакулин Прайс нь одоо 74 настай бөгөөд Кристина Ноблийн хүүхдийн сангаар дамжуулан Улаанбаатар хотын 7 дүүрэг, тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн нэн эмзэг бүлгийн, эрүүл мэндийн асуудалтай, гэмт хэрэгт өртсөн зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 18 дахь жилдээ хөрөнгө босгон илгээж байна. Жакулин Прайс нь нийт 100 гаруй хүүхдүүдэд сар бүр тогтмол мөнгөн тусламж үзүүлэн, нэг хүүхдийг дунджаар 10 жил орчим ивээн тэтгэн, бусад хүмүүст Монгол хүүхдүүдэд туслахыг санал болгон ажилладаг хүмүүнлэгийн үйлстэн юм.
Энэ хүний санаачлан цуглуулж хандивласан дулаан нэхмэл цамц, малгай, ороолт зэрэг хувцсаар 1000 орчим хүүхэд хангагджээ. Мөн Жакулин Прайс ховор өвчтэй, Монголдоо эмчилгээ үйлчилгээ авах боломжгүй хүүхдүүдэд туслан гадаадын томоохон эмнэлгүүдэд хандаж үнэгүй эмчилгээ авах, замын зардлыг нь төлж өгөх зэрэг маш олон ажлуудыг санаачлан хийж хүүхдэд нэн шаардлагатай витаминууд, эм тариа, түлэнхийн тос зэрэг Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдэд хэрэгтэй бүхнийг олж илгээх зэрэг ажлуудыг зохион байгуулж тусалдаг хүмүүнлэгийн бахархал болсон хүн юм.
Түүний энэхүү хүмүүнлэг үйлсийг үнэлэн Нийслэлийн засаг дарга С.Батболд “ТАЛАРХАЛ” илгээжээ.





