x

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиас давсан дур зорго ба Д.Монголхүүд оногдуулсан ял

Өнгөрөгч мягмар гаригт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр нэгэн сонирхолтой шүүх хурал болов. Шүүх хурлыг шүүгч Т.Өсөхбаяр даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Ж.Эрдэнэбимэг, Б.Ариунхишиг нар ажиллав.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь иргэн Д.Монголхүүг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа гарван сарын дотор хоёр удаа зөрчил гаргасан шалтгаанаар /прокурор үүнийг нь “ноцтой зөрчил” гэж үзсэн/ хорих ялаар сольсон анхан шатны шүүхийн шийдвэрийн эсрэг түүний өмгөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг хэлэлцэв.

Тодруулбал, иргэн Д.Монголхүү нь зорчих эрх хязгаарлах /цахим гав/ ялаар шийтгэлээд байхдаа буюу өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн маршрут зөрчсөн, хоёрдугаар сарын 25-нд цахим гавны цэнэг дуусгасан зөрчил гаргасан бөгөөд энэ нь хуульд заасан “гурван сарын дотор хоёр удаа зөрчил гаргасан” ноцтой зөрчилд тооцогдож, прокурорын хүсэлтээр шүүх ялыг хүндрүүлэн хорих ялаар сольсон байна.

Сануулахад, NoDoubleStandard, NoWar хөдөлгөөний оролцогч Д.Монголхүүг “цагдаагийн биед халдсан” хэргээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс 12 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн юм. Ялын хугацаа энэ оны аравдугаар сард дуусах ёстой бөгөөд энэ хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байдаг.

Гэвч цагдаагийн байгууллагаас Д.Монголхүүг хүч хэрэглэн баривчлах үед өмнө авсан гэмтэл (эгэмдээ хагалгаа хийлгэж, хадуулсан) сэдэрсэн тул өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр прокурорын зөвшөөрлөөр 24 цагийн хугацаатай дүүргийн нутаг дэвсгэрээс гарсан бөгөөд тухайн үед нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түргэн тусламжийн маршрут буюу зөвхөн Нарны замаар зорчиж Гэмтлийн эмнэлэгт очих маршрут зааж өгсөн байна. Ингээд Д.Монголхүү нь Гэмтлйн эмнэлэгт үзүүлчихээд буцахдаа “Модны хоёр”-ын буюу маршрутад заагдаагүй замаар зорчсон гэдэг эхний зөрчил бий болжээ.

Мөн хоёрдугаар сарын 25-нд “цахим гавны цэнэг дуусгасан” гэдэг хоёр дахь зөрчил гарчээ. Тухайн үед Д.Монголхүү цахим гавны зөөврийн цэнэглэгч буюу “powerbank”-аа хулгайд алдсан байсан бөгөөд найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэж яваад шөнө гэртээ ирэхэд нь гавны цэнэг дууссан байсан. Гэртээ ирээд цэнэглэх хооронд гурван цаг орчим ШШГБ-ын хяналтаас гарсан байна. Энэ хоёр дахь удаагийн зөрчил болсон аж. Дээрх шалтгааны улмаас анхан шатны шүүх түүнд оногдуулсан “зорчих эрх хязгаарлах” ялыг өөрчилж, хорих ялаар сольсон байдаг. Харин түүний өмгөөлөгч нь дээрх хоёр зөрчлийг шүүгдэгчийн санаатай хийсэн үйлдэл биш, ноцтой зөрчилд тооцох ёсгүй хэмээн үзэж, хорих ялыг өөрчлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Мөн шүүх хурлын үеэр иргэн Б.Баяраа “Анхан шатны шүүх хурал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Д.Монголхүүг Гэмтлийн эмнэлэгт үзүүлээгүй гэдэг худал мэдээлэл гаргасан. Үүний тулд түүний Гэмтлийн эмнэлэгт очсон маршрутыг хяналтын самбар дээрээс устгаж, шүүхэд хуурамч нотлох баримт гаргасан. Тиймээс давж заалдсан гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудын “Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, шүүхэд худал мэдүүлэг өгсөн” үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн.

Харин шүүх хуралдаан зөвхөн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд асуудлыг хэлэлцсэн бөгөөд цахим гавны цэнэг дуусгасан үйлдэл нь баримтаар тогтоогдсон, харин маршрут зөрчсөн гэх эхний зөрчил тогтоогдоогүй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод Д.Монголхүүд өмнө оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх, ингэхдээ цагдан хоригдсон 36 хоногийг ялын хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс гаргаж тавьсан, шүүгч болон яллагч талын хооронд ширүүхэн маргаан дэгдээсэн нэг зүйл бол “Шүүхийн шийдвэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөхдөө маршрут тогтоосон явдал нь хэний шийдвэр байсан бэ?” гэдэг асуулт. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173.1-д заасан үндэслэлүүдээр прокурорын зөвшөөрлөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд өөрчлөх” эрхтэй бөгөөд үүнд нь “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй бол” гэдэг үндэслэл багтдаг юм байна. Энэ дагуу прокурорын зөвшөөрлөөр ШШГБ-ын ажилтан ялыг түр хугацаагаар буюу 24 цагийн хугацаатай өөрчилжээ. Ингэхдээ маршрутыг хэн тогтоосон бэ? гэдэг асуулт гол зөрчлийг үүсгэв.

Учир нь ял эдлүүлэх хүрээг зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоодог бөгөөд шүүх тухайн дүүргээс гарахыг хязгаарлах ял оногдуулсан байхад ШШГБ ялыг түр өөрчлөхдөө зорчих маршрутыг тодорхойлсон явдал нь шүүхээс давсан үйлдэл болсон хэмээн үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хүчингүй болгосон юм. Товч бөгөөд тодорхой хэлбэл, иргэн Д.Монголхүү хууль зөрчсөн буюу зөрчил гаргасан бус, харин ШШГБ өөрөө эрх мэдлээ хэтрүүлэн хуулиас давсан шийдвэр гаргасан гэж үзсэн билээ.

Гэвч энд нэг асуулт үлдээд байна. Монгол Улсын хэмжээнд шүүхийн шийдвэрээр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн 3000 гаруй ялтан байдаг аж. Тэгвэл тэдний хэдийнх нь ялыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчилсөн, мөн тэднээс хэд нь Д.Монголхүүтэй адил ШШГБ-ын дур зорго, хуулиа давсан шийдвэрийн хохирогч болсон бэ? Тэд бүгдээрээ Д.Монголхүүгийн адил шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхээ эдэлж чадсан үү? Хэдийг нь шүүх засч залруулсан бол? Д.Монголхүүгийн “кэйс” бол олны танил "паблик фигур" гэдэг утгаараа олон нийтийн анхааралд өртөж, ил гарсан ганцхан тохиолдол шүү дээ.

Жич:

ШШГБ-аас гаргасан мэдээллээр Монгол улсад 2023 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар (оны эхний дөрвөн сарын хугацаанд) зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх явцдаа зөрчил гаргасан үндэслэлээр шүүх хорих ялаар сольсон 117 ялтан байна.

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 7 цаг 57 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 8 цаг 8 мин Луврын музей хаалттай хэвээр байна 8 цаг 13 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 8 цаг 31 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 8 цаг 34 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 8 цаг 34 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 8 цаг 35 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 8 цаг 36 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 8 цаг 37 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 8 цаг 40 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 8 цаг 58 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 59 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 8 цаг 59 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 9 цаг 1 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 9 цаг 2 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 9 цаг 3 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 9 цаг 4 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 9 цаг 5 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 9 цаг 7 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 9 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар...
Top