x

Эрх мэдэлд дагалдах нь

Бид бүхэн ердийн үед, хүнд чөлөөт хүсэл зориг байдаг, бүгд өөрийн хүсэл зоригоор аливааг үйлддэг гэж бодоцгоодог. Гэвч, үнэхээр тийм болов уу? гэх эргэлзээг судлаач Милграм дэвшүүлжээ. Энэ асуудлыг шинжлэхийн тулд Милграмын хийсэн туршилт буюу нийгмийн социологийн түүхэн дэхь магадгүй хамгийн алдартай туршилтыг энэ удаад сонирхуулъя. Кредит авахын төлөө их сургуулийн ерөнхий эрдмийн лекцүүдээс сэтгэл судлалыг сонгосон хүмүүс дунд лекцийн агуулгыг оргүй мартаж орхисон ч, яагаад ч юм зөвхөн энэ туршилтын тухай яриаг л санадаг гэх хүмүүс ч байх нь бий. За тэгэхээр туршилт руугаа оръё.

Сонинд зар тавьж, “Суралцах чадвар болон ой тогтоолттой холбоотой туршилт”-ад хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьжээ. Тэгээд зарын дагуу ирсэн хүмүүс дундаас санамсаргүй сонгогдсон 2 хүн ба цагаан халат бүхий туршилт хөтлөгч (Милграмын туслах) гэсэн бүрэлдэхүүнтэйгээр туршилт явагдана. Оролцогч 2-оор сугалаа сугалуулж, нэг нь “багш”, нөгөө нь “сурагч”-ийн дүрд хуваарилагдана. Сурагч нь өгөгдсөн үгүүдийн сэлгэмлийг цээжилж, түүгээрээ шалгалт өгнө. Сурагчийг буруу хариулах тоолонд багш нөхөр шийтгэл ноогдуулж, цахилгаан гүйдлээр цохиулах гэдэг туршилт.

Сугалаа сугалж дүрүүд хуваарилагдмагц, бүгд хамтдаа туршилтын өрөөнд оров. Тэнд цахилгаан сандал байх ба, сурагчийг сандлын даруулгаар бэхэлж, хоёр гарыг нь цахилгаан гүйдэлтэй холбон, мултрах боломжгүй болсныг нягталмагц, багш эхний өрөөндөө буцаж орон цахилгаан гүйдэл үүсгэгч төхөөрөмжийн ард суув. Энэ төхөөрөмжинд 30 товч эгнээтэй байх ба 15 вольтоос эхлээд 15, 15-р ихэссээр сүүлчийн товч нь 450 вольтын хүчдэл бүхий гүйдэл үүсгэнэ. Цагаан халаттай туршилт хөтлөгч сурагчийг алдаж хариулах бүрт 15 вольтоор хүчдэлээ өсгөхийг багшид зааварчилна.

Туршилт эхлэхэд, багш сурагч 2 дотоод холбоо ашиглан ярилцана. Сурагч үе үе алдаж хариулах тул, цахилгаан гүйдлийн хүчдэл бага багаар өснө. 75 вольтод хүрэхэд төдийг хүртэл ажралгүй суусан сурагчаас “ёооё” гэх чимээ цухалзаж, 120 вольтод хүрэхэд “Өвдөж байна, арай хүчтэй байна” хэмээн бухимдаж эхэлнэ. Гэвч туршилт цааш үргэлжилнэ. Явсаар хүчдэл 150 вольтод хүрэхэд “Больё оо, туршилтаа зогсоо. Би гармаар байна. Туршилтаас татгалзаж байна. Туслаарай” гэхчлэн орилж гарна. Хүчдэл 270 вольт давахад сурагчаас амь тэмцэн бархирах чимээ гарч, 300 вольтоос цааш асуултыг огт ойшоохоо болин учир зүггүй “Зүрх зогслоо. Бушуухан намайг гарга!” гэхчлэн тйичилнэ.

Байдал иймдээ хүрсэн байтал туршилт хөтлөгч жишим ч үгүй “Хэдэн секунд хүлээгээд хариулахгүй бол буруу хариулсан гэж үзэн хүчдэлийг ихэсгэ” гэсэн зааварчилгаа өгнө. Туршилт цааш үргэлжилж, хүчдэл ч өссөөр. 345 вольтод хүрэхэд сурагчаас чимээ гарахаа болино. Төдийг хүртэл байдгаараа хашгичин эсэргүүцэж байсан сурагч гэнэт ямар ч реакц үзүүлэхээ болино. Ухаан алдсан юм болов уу, эсвэл бүр… Гэсэн ч цагаан халаттай хөтлөгч өршөөлгүйгээр улам хүчтэй гүйдэл өгөхийг тушаана.

Үнэндээ энэ туршилтын сурагч нь анхнаасаа өгөөшний хүн бөгөөд, түүнийг ямагт сурагч болдог байхаар сугалааг зохьцуулсан аж. Дээр нь ямар ч цахилгаан гүйдэл гүйгээгүй буюу урьдчилж бэлдсэн жүжиглэлтийн бичлэгийг дотоод холбоогоор багшид сонсгож байсан учиртай. Гэсэн ч энэ бүхнийг огт мэдэхгүй цорын ганц туршилтад оролцогч болох багшийн хувьд бүх процесс бодит бөгөөд үнэмшилтэй. Дөнгөж л уулзсан таних ч үгүй хүнийг ачир дээрээ залхаан цээрлүүлж, гай нь таарвал алчхаж ч магадгүй гэх аймшигт өрнөл.

За тэгэхээр, уншигч та өөрийгөө энэ туршлтын багшийн оронд байсан бол хаа хүрээд туршилтыг үргэлжлүүлэхээс татгалзах байсан бол? Милграмын туршилтад 40 хүн оролцсоноос 65% буюу 26 хүн нь өвдөлтөндөө бархиран чарлаж, эцэстээ ухаан алдаж унасан (мэт харагдах) сурагчийг хамгийн дээд 450 вольтоор цохиулсан гэдэг. Яаж ч бодоод хүнлиг бус байлтай ийм үйлдлийг төдий дайны олон хүн (хэдийгээр айж эргэлзэх байдал үзүүлсэн ч гэлээ) илэрхий амь насанд аюултай түвшинд хүртэл нь туршилтыг үргэлжлүүлсэн байна.

Ийм олон хүн туршилтыг дуусан дуустал үргэлжлүүлж чадсан нь чухам яагаад юм бол? Санаанд бууж болох нэг таамаг гэвэл “Би бол ердөө л тушаал гүйцэтгэсэн төдий” хэмээн, зааварчилгаа өгсөн туршилт хөтлөгчид хамаг хариуцлагыг тохоох сэтгэлзүй тэнд байсан байж болно. Бодит байдал дээр, олон оролцогч туршилтын явцад эргэлзэж эсвэл татгалзахыг завдсан ч, ямар нэг асуудал гарвал бүх хариуцлагыг их сургууль хүлээнэ гэх цагаан халаттай туршилт хөтлөгчийн үгийг сонсмогц санаа нь амарсан байдалтай туршилтыг цааш үргэлжлүүлсэн гэдэг.

“Өөрөө эрх мэдлийг эзэмшиж, өөрийн хүсэл зоргоор үйлдэл хийх тэр мэдрэмж” хэр хүчтэй байх нь хүнлиг бус үйлдэлтэй холбогдоход шийдвэрлэх нөлөө үзүүлдэг юм биш биз? Милграм дээрх таамаглалаа бататгахын тулд, багшийн дүрийг 2 хүн болгож, нэгт нь товч дарах үүргийг, нөгөөд нь хариултын зөв бурууг шүүж хүчдэлийн хэмжээг зарлах үүргийг тус тус хуваарилж үзэв. Үүн дээр товч дарагч нь өгөөшний хүн тул, жинхэнэ туршилтад оролцогч нь ердөө л “Хариултын зөв бурууг шүүж, ямар хүчдэлтэй токоор цохихыг хэлж өгөх” төдий буюу эхний туршилттай харьцуулахад оролцоо нь хамаагүй идэвхгүй хэлбэртэй болов. Үр дүн яасан гэж санана? Хамгийн дээд 450 вольт хүртэл туршилтыг үргэлжлүүлсэн нь 40 оролцогчоос 37 буюу 93% хувьд хүрч, Милграмын таамаглал гайхалтайгаар батлагдах нь тэр.

Энэ туршилтаас харагддаг бас нэг дүгнэлт гэвэл, хариуцлагаас бултахад хүндрэлтэй болохын хэрээр хүмүүсийн аялдан дагалдах хандлага багасдаг гэх явдал. Тухайлбал, цагаан халаттай туршилт хөтлөгчийг 2 хүн болгоод, явцын дунд тэр хоёр нь өөр өөр заавар өгдөг болгоё. 150 вольтод хүрэх үед нэг нь “Сурагчид хэцүү байна, үүнээс цаашаа аюултай тул туршилтаа зогсооё” гэж хэлэхэд нөгөө хөтлөгч нь “Зүгээр ээ, цааш нь үргэлжлүүл!” хэмээн хатгана. Ийм нөхцөлд туршилтыг цааш үргэлжлүүлсэн оролцогч 1 ч гараагүй. Туршилт цааш үргэлжлэх эсэхэд (өгөөшний бус жинхэнэ) оролцогчийн гаргах шийдвэр том жин дарах болсноор хариуцлагаас мултрахад хүндрэлтэй болж буй нь тэр юм.

Зарим тохиолдолд “Эйхманы туршилт” гэж нэрлэгддэг Милграмын энэхүү туршилт анх 1960-д оны эхээр Америкт явагдсан байдаг. Түүний хойно энэ туршилт 1980 оны дунд үе хүртэл дэлхийн олон оронд давтан туршигдсан боловч тэдгээрийн үр дүн Милграмынхаас ч өндөр хувьтайгаар аялдан дагалдсан дүр зурагтай байсан гэдэг. Өөрөөр хэлбэл энэ туршилтын үр дүн бол зөвхөн Америкийн ард түмний онцлог эсвэл цаг үеийн нөлөөнөөс хамааралтай бус, бүхий л хүн төрөлхитний нийтлэг шинж чанарыг илтгэж байна гэж үзэх нь зүйтэй юм.

Эйхманы туршилтын үр дүнгээс бид бүхэн олон зүйлийг эргэцүүлж болно. Түүний нэг нь удирдлагын тогтолцооны асуудал. Зөвхөн төрийн албаны удирдлагын тогтолцоо гэж явцуурах ч шаардлагагүй, хувийн компанийг хамруулаад бараг ихэнх нийгмийн бүтэц инститүцүүд “дээд албан тушаалтны доор доод албан тушаалтнууд мод болон салаалж, эрх мэдэл болон дүрэм журмаар ажил үүргийг хэрэгжүүлдэг” гэх удирдлагын тогтолцооны энэ схемээр зохион байгуулагдсан байдаг. Милграмын туршилтаар, муу муухайг үйлдэх эзэн биеийн хариуцлага бүрхэг байхын хэрээр хүн бусдад хариуцлагыг тохоож, цэвэр сэтгэл хийгээд хүнлиг зан гаргахдаа мохоо болдог нь харагдана. Эндээс ямар асуудал босч ирэх вэ гэхээр, аливаа бүтэц том байх тусам тэнд цэвэр сэтгэл хийгээд хүнлиг зан бүдгэрдэг юм бол тэр хэрээр муу муухайн цар хүрээ ч бас даган томрох зүй тогтол харагдана.

Үүний хамгийн тод жишээ бол холокост. Улс төрийн философич Ханна Арендт нацистуудын үйлдсэн холокостыг шинжин дүгнэхдээ “Удирдлагын тогтолцооны онцлог болох хэтийдсэн ажил үүргийн хуваарилалт байснаар сая биеллээ олсон” гэж таамагласан байдаг. Түүнийг 1960-д онд энэ таамгаа гаргаж тавих хүртэл, еврейчүүдийг хоморголон устгасан гол шалтгааныг Германы ард түмний онцлог болон Нацизмын идеологиос эрж хайсан тайлбар түгээмэл байж. Харин Арендт үүнд хандаж “Тийм биш” гэнэ. Нацизмын идеологиор л холокост хэрэгжиж чадсан гэж цэгцлэх нь, Гитлер тэргүүтэй нацистын удирдлагуудад бүх хариуцлагыг тохоох гэсэн ядмаг санаа. Үнэндээ бол тийм бус, Германаас өөр ард түмэн байсан ч, Нацистуудаас өөр идеологи байсан ч тэр эмгэнэл дахин биелэх боломжтой хэмээн Арендт онцолсон учиртай.

Гитлер мэтийн галзуу солиотой удирдагч туг савчуулах төдийд хүн үхчихдэггүй. Буу, газ ашиглан бодитоор өөрийн гараар гэм хоргүй хүмүүсийг шавж аятай бяцалж алж байсан нь нацист удирдагчид бус биднээс ялгарах юмгүй ердийн хүмүүс байсан. Тэдний цэвэр сэтгэл, хүнлин зан тэр үед яагаад ажилласангүй вэ? Үүн дээр Арендт “ажил үүргийн хуваарилалт”-д анхаарлаа чиглүүлнэ. Еврей хүмүүсийн нэрсийн жагсаалт үүсгэхээс эхлүүлээд нэгжих, баривчлах, зөөх, хорих, цаазлах гээд операц бүрийг өөр өөр хүмүүс хариуцан хэрэгжүүлэх тул систем доторх хариуцлагын хуваарилалт ч бас тодорхойгүй болж, хариуцлагаас бултахад туйлаас хялбар орчин тэнд бүрдэнэ. “Би ердөө л нэрсийн жагсаалт гаргасан”, “Тэр үед хэн бүхэн л гар бие оролцсон”, “Би ямар ч сонголт хийлээ гээд үр дүнд нөлөөлөхгүй байсан”, “Би алаагүй, би ердөө л галт тэрэг жолоодсон”... Энэ бүх дамжлагыг оройлон зохион байгуулсан Адолф Эйхман хүнлиг сэтгэлийн зууралтыг аль болох мэдрэхгүй байхуйцаар, аль болох хариуцлагын хуваарилалт ойлгомжгүй байхаар бодолцож операцыг зохион байгуулахыг хичээсэн хэмээн өгүүлсэн байдаг. Милграмын туршилтын үр дүн, хүмүүс бүлэг үүсгэн аливааг хийх чухам тэр үед бүлгийн цэвэр сэтгэл хийгээд хүнлин шинж доголдож ирдэг болохыг илтгэнэ.

Гэсэн ч бас өөр нэг зүйл, Милграмын туршилт бид бүхэнд найдварын очийг ч бас тусгаж буй. Эрх мэдлийн бэлгэдэл болох “цагаан халаттай туршилт хөтлөгч”. Тэд хоорондоо санал зөрөлдөх үед 100%-ын магадлалтайгаар туршилтад оролцогчид 150 вольт гэх хамаагүй бага түвшинд туршилтыг зогсоосон гэх фактыг эргэн санана уу. Энэ факт бол, өөрийн цэвэр сэтгэл хийгээд хүнлин шинжийг нь жаахан ч атугай сэрээн зоригжуулсан санал зөвлөгөө гарахад хүн “эрх мэдэлд дагалдах”-аа зогсоож, ёс суртахууныхаа итгэл үнэмшилд суурилсан үйлдэл хийж чаддаг болохыг илтгэнэ. Хүн эрх мэдлийн өмнө гайхмаар сул дорой шинжтэй болохыг Милграмын туршилтын үр дүн илчилсэн ч гэлээ, эрх мэдэлтнийг сөрсөн багахаан эсрэг санал, цэвэр сэтгэлийг дэмжин зоригжуулах бяцхан зааварчилгаа байх төдийд хүн тэрхүү сул талаасаа мултран гарч, өөрийн хүн чанартаа суурилан сэтгэж чаддаг аж. Энэ бол систем бүхэлдээ буруу зүг рүү чиглэх үед “Буруу биш үү?” хэмээн эхэлж шүгэл үлээх хүн ямар чухал болохыг тодотгож буй мэт санагдана.

Ажил үүргийн хуваарилалт стандарт болтлоо хэвшсэн өнөө цагийн нийгэмд, бид бүхэн сайн муугийн заагийг ч харах тэнхэлгүй чигээрээ аварга том муу муухайн гар хөлний үзүүрт дүрэгдэн ашиглагдаж явахыг ч байг гэхгүй мэт. Олон пүүс компаниуд сэмээрхэн хийж орхидог хууран мэхлэлт, өнгөлөн далдлалтүүд бүгд ажлын хуваарилалтын ачаар л биеллээ олдог биз. Үүнээс сэргийлэхийн тулд өөрийгөө ямар системийн эрэг шураг болж яваагаа ухамсарлаж, өөрийн хийж буй нүдний өмнөх ажил системд бүхэлд нь ямар нөлөө импакт үзүүлэх вэ гэдгийг сайтар эргэцүүлж, орон зайн болон цаг хугацааны хүрээн дотор нягтлан тунгаах шаардлагатай. Үүн дээр нэмээд, хэрэв гажуудал болон сайжруулах боломж байна гэж үзвэл зоригтойгоор санал бодлоо илэрхийлэх үүрэг ч бас бидний хүн нэг бүрээс шаардагдах болов уу.

ТОМё БОДё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 47 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 6 цаг 7 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 6 цаг 11 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 14 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 22 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 7 цаг 11 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 11 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 14 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 9 цаг 8 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 10 цаг 4 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 10 цаг 10 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 15 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 32 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 39 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 42 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 47 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 52 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 55 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 19 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 24 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top