x

Ялах нь намуудын зорилго мөн ч ялуулах нь сонгогчийн үүрэг биш

Ц.Доржготов ах Э.Бат-Үүлийн бие дааж нэр дэвшихээр болсныг “хувийн өшөө авалт” гэж нэрлэсэн байна лээ. Миний хувьд харин үүнийг хориглолт, хамгаалалт гэж хэлнэ. Ямар ч байсан түүнд хамгаалах зүйл байна гэсэн үг. Намаас нь З.Энхболд шиг хүмүүс нэр дэвшиж байгаа учраас...

УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө өгсөн 208 нэр дэвшигч бий. Түүхэндээ хамгийн олон бие даагчтай сонгууль болох нь хэмээн уулга алдацгааж байна.

Мэдээж хүн бүрт ийм шийдвэр гаргахад хүрсэн шалтгаан байгаа. Э.Бат-Үүл З.Энхболдыг УИХ-д сонгуулахгүйн төлөө, С.Баярцогт, Н.Алтанхуяг намаасаа хөөгдсөн учраас бие дааж байгаа. АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа гэхэд цагаа тулахад бас л нэг шалтгаан хэлнэ. Адгийн тэнэг биеэ магтана гэдэг шиг “Өэлүн эх” Л.Өнөрчимөг, өөрийгөө “Чингис хаан”-аар өргөмжилсөн залууд ч гэсэн шалтаг, шалтгаан байгаа. Нэг нь үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалахын төлөө дэвшиж байхад нөгөө нь хэн нэгний зараалаар явж, бүр зарим нь "од болохын хүслэн"-д автаж, царцаа шиг азаа үзэхээр шийдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тэгсэн ч хориглох аргагүй. 

Урьд урьдын сонгуулиудад “ямар ч сонголтгүй сонгууль байна” гэж гомдоллодог байсан бол энэ жилийн сонгууль хамгийн олон сонголттой сонгууль болно. Харин тэр сонголт нь хэр мэргэн байх вэ гэдэг сонгогчоос өөрөөс нь шалтгаалж таарна. Энэ чинь л ардчилсан ёс, олон урьгалч нийгэм шүү дээ.

Мэдээж үлдэж буй өдрүүдэд улс төрийн том намуудаас бие даагчид руу чиглэсэн хамгийн их дайралтууд явах байх. Гэхдээ энэ удаад нэг онцлог нь хэнийг нь ч мэдэхгүй, хэн ч мэдэхгүй хүмүүс бие даагаагүй байдаг юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хуланг гэхэд хүн бүр мэднэ. Уран бүтээлийг нь ч, улс төрийн замналыг нь ч монголчууд мэднэ. МАН-ын Бага хурлын гишүүн байхдаа намынхаа даргыг /М.Энхболд/ “газрын наймаачин” хэмээн буулгаж, С.Баярт залуурыг атгуулахад хүчин зүтгэсэн хүмүүсийн нэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч бас намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажиллаж, сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын соёлын бодлогын зөвлөхөөр очсон. Одоо ч гэсэн хэний, юуны төлөө дэвшиж байгаа гэдгийг таамаглахад хэцүү биш.

Г.Уянга ч мөн л улс төрийн ээдрээ, маргаантай түүх замналтай нэгэн. УИХ-ын гишүүн байхдаа “эмэгтэйчүүдийн бүлгийн” нэг гишүүнийхээ согтуу бичлэгийг хийж, тэр нь бусдад дамжсанаар Л.Эрдэнэчимэг гэдэг хүний улс төрийн карьерыг дуусгасан байдаг. Бичлэгийг тараасан хүн нь Л.Эрдэнэчимэгээс бусдын нүүр царайг далдалсныг бодоход анхнаасаа л зорилготой байсан болов уу. Цагтаа манай “попуудыг” магнайлж явсан Г.Уянга тэр бичлэгийн дараа “жаахан хүн муутай” харагдах болсон ч Х.Баттулга Ерөнхийлөгч түүнийг дэргэдээ авсан нь учиртай биз.

Гэхдээ яг одоогийн нөхцөлд бие даагчид хэн байх нь биш, байгаа нь чухал юм. Ялангуяа улс төрийн намуудын рейтинг уруудаж яваа энэ үед “Би хэн бэ?” гээд зогсч байгаа бие даагчдыг буруутгах аргагүй. Намуудын “сонголтгүй” болгосон сонгуулийг сонголттой болгож өгч байгаа нь л чухал. Яагаад заавал сонгогч аль нэг намыг ялуулахын төлөө санал өгөх ёстой гэж. Ялах нь намуудын зорилго болохоос биш, ялуулах нь сонгогчийн үүрэг биш.

Мэдээж хэрвээ, УИХ-д баахан бие даагчид ороод ирвэл парламентын олонхи, цөөнхий асуудал, Засгийн газрыг байгуулах гээд олон зүйл дээр бэрхшээл гарна. Гацаанд орж ч магадгүй. Гэхдээ бие даагчаас айдаг бүхэл бүтэн нам байгаад яах юм. Улс төрийн нам гэдэг бодлоготой, багтай, боловсон хүчинтэй байж “том нам” болдог болохоос биш, хэн олон “оли”-той, хэн илүү мөнгөтэй нь том болдоггүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан.

Тийм болохоор энэ удаагийн сонгуулиар “Хэн илүү бодлоготойг нь сонго. Бодлого байхгүй бол хүнийг нь сонго” гэсэн зарчим үйлчлэх байх. Тэгсэн ч олон удаагийн сонгуулиар хоосон амлалт, бэлэн мөнгөнд хууртсан сонгогчид энэ удаа арай илүү буурьтай сонголт хийнэ ээ гэж найдаж байна. Ядаж л хэнийх нь мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой, ирээдүйгээ харсан бэ гэдгийг үнэлж цэгнэх байх.

Яг намын фонн энэ тэрээ харвал бол хоёр том намын аль аль нь хэцүү болчихлоо. МАН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн уусан идсэн, ЖДҮ, 60 тэрбумынхаа асуудлаар дээшээ харахааргүй болчихсон. АН-ын хувьд “баталгаатай нэг мандаттай” гэсэн намын нөлөө бүхий лидерүүд бие даачихлаа. Тэднийг дагаад АН-ын оюун санаа, уураг тархины нэгээхэн хэсэг нь гараад явчихлаа. Ялгаатай нь АН-аас хөгшчүүл нь, Ардын намаас залуучууд нь явж байна. Тэгэхээр өрсөлдөөн хүндхэн нөхцөлд болох нээ л гэж харагдаж байна. Гэхдээ сонгогчид арай ч нэг бие даагчдаар парламентыг бүдүүлчихгүй байх. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 9 цаг 40 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 10 цаг 0 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 10 цаг 4 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 10 цаг 7 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 10 цаг 14 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 11 цаг 3 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 4 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 11 цаг 6 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 13 цаг 0 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 13 цаг 57 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 14 цаг 3 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 14 цаг 8 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 14 цаг 25 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 14 цаг 32 мин Түүх бол сургамж-багш 14 цаг 35 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 14 цаг 40 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 14 цаг 45 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 14 цаг 48 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 16 цаг 11 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 16 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top