x

Терминатор-4

ТЕРМИНАТОР-4

Назарбаев хүргэнээрээ гал тахиж байна. Ажлаас нь халлаа, цагдаагаар мөрдүүллээ, гэрийг нь нэгжүүллээ, үүндээ олон улсын хамтын ажиллагааг татан оролцуулж Интерполоор хайлгаж байна. Одоо Казахстаны ард түмэн удирдагчаа улам хайрлана. Яагаад гэвэл ийм л шудрага хүн. Шудрага үнэний төлөө хамгийн ойр хүнээ ч хайрлахгүй байна. Өөрөөр хэлбэл Казахстанд шудрага үнэний шүүх ажиллаж байна. Хүргэн авилгач уу - авилгач, улс төрийн хутгуур уу – хутгуур, гэмт хэрэгтэн үү – хэрэгтэн. Ард түмэн эзний хүргэн болохоор л яаж ч чаддаггүй байсан болохоос битүүдээ дургүй, энэ талаар хоорондоо сэм ярилцдаг байжээ. Гэтэл тэнгэр өөрөө ниргэж орхив. Мөнхийн Ерөнхийлөгч Назарбаев мандтугай! Шудрага үнэний төлөө юугаа ч үл хайрладаг ийм удирдагчтай байх шиг аз жаргал ард түмэнд бий гэж үү!

Алив дарангуйлагч болгон ойртоход аймаар хүмүүс байдаг. Хэнийг ч зольж чаддаг учраас тэд дарангуйлагч болж чаддаг. Саддам Хусэйн өөрийн даварсан хүү Удайгаар боодог хийж байв. Ард түмэн бодохдоо Удайг залгамжлагч болох нь гэж айж байтал гэнэт эцэгтээ хуниулдаг байх шүү. Удайтай байснаас Саддам хамаагүй дээр, иймээс Саддам улам мандтугай! Баттай эх сурвалжийн олж тогтоосноор Удайг машинд нь дэлбэлж хөлгүй болгодог ажиллагааг аав нь өөрөө зохион байгуулсан гэдэг. Сталин өөрийн хамгийн ойр шадар туслахуудынхаа эхнэрүүдийг барьж аваад гянданд хийж орхисон билээ. Калинин, Молотов, Будёнин нар эхнэрээ, Хрущев, Каганович хүүхдээ Гулаг шоронд үджээ. Өвгөн Калинин эхнэрээ суллаж өгөөч хэмээн өдөр болгон уйлагнан гуйна. Өөрийн болон эхнэрийн хамаг садангаа бүгдийг нь шоронд хийчихсэн Сталин шудрага үнэний тулд өөрөө хүртэл золиос болж байгаагаа ярин амыг нь таглана. Том хүү Яков нь эцгийнхээ ард түмэндээ улам их хайрлагдах гэсэн хүслийнх нь золиос болсон билээ. Ийм жишээ дэндүү түгээмэл. Гитлер, Маогоос эхлээд адгийн Амин, Бокассо хүртэл орчноо зоригтой зольж байж л ард түмэндээ үнэлэгдэж байв.

Манай Энхбаяр Ерөнхий сайд болуутаа Соёлын сайд байхад нь дэргэд нь даамлыг нь хийж явсан туслах Анандбазар гэгчийг луйварчнаар зарлаж, олонд сэрэмжлүүлэг айлдаж байлаа. Соёл хариуцсан сайд маань хажуудаа “Их долоо” гэсэн амбицитай нэр бүхий бизнесийн бүлэг байгуулж байсан. Ерөнхий болонгуутаа долоогийн нэг Цагаан Шонхорыг шоронд хийхээс ажлаа эхлэв. Дараа нь бас нэг хамтрагч Буян Жаргалсайхан нь ямархуу луйварчин хулгайч болох тухай маш нарийвчлал бүхий тайлбарыг сайн мэддэг хүний хувьд ард түмэндээ тайлагнаж нэр дэвших хүслийг нь хяслан болгож өглөө. Жагааг даруулсан нөхрийг хожим шоронд хүргэсэн ба эх сурвалжуудын өгүүлж буйгаар хамаг баримтыг нь өөрийн сейфнээс гаргаж өгсөн гэх. Мөрөөрөө мангартаад явж байсан Энхболдыг нисэхгүй гээд байхад нь нис нис гэж чирж гаргаж шидчихээд одоо өндөрт гарсан хойно нь далавчийг нь тайрч хаях гээд хайч барин хөөцөлдөж явааг нь бүгдээр нүднээ ил харж байна. Бодвол цаадах нь тэр болгон үгэнд нь орохгүй байгаа юм болов уу даа. Ер нь ч МАХН-ын аппарат толгой тайрдаг гильтон болчихсон гэдгийг тэр холооc зөөгдөж ирсэн мань хүн яаж мэдэх билээ. Өндрөөс унавал үхэж таарна биз дээ, тэгэхээр эцэст нь алах гэж дээш нь шиджээ дээ? Улааны тухай их ярьж бичих боллоо, энэхүү олдох бололцоогүй нарийн материал баримт хэнээс гарч хэвлэл, цагдаа прокурорт очоод байна? Шоронд орвол өнгөрөө биз дээ, тэгэхээр эцэст нь төхөөрөх гэж авилгын хорт хоолоор тэжээгээд байжээ дээ? Барын аманд толгойгоо хавчуулчихсан Нямдорж хий л хөлөө савчин тааралдсанаа тангарах юм. Эзэнтэй нь биш бээлийтэй нь заргалдаад явах хэмжээний оюунтай хүн болохоор Чулуунбатыг ална л гэх юм, гэтэл цаадах нь өөр шиг нь бас л жийгдчихсэн гар шүү дээ. Нямдоржийн гарт орсон “Чулуунбатын толгойг хага цохих багаж” гэгдэх алаг цоог баримт чухам зуусан бараас өөрөөс нь гарч ирснийг ойлгоход түүнд нэмэлт тархи хэрэгтэй л дээ. “Манай нам хагарна гэж та нар горьдож байгаа бол ёстой гонж” гэж ирээд л Нямдорж УИХ-дээр агсганан сөрөг нам руугаа довтлоно. Үнэндээ хагарах эсэхийг Нямдорж мэддэг болж байна уу? МАХН-ын нэр хэзээ ч байгаагүйгээр доош орсон. Эзэн одоо унтарч буй зулыг өөртөө ашиглахын тулд эцсийн хүчтэй бадамлалтыг зохион байгуулсан. Бүх нөөцийг нь шавхаад барсан. Маавар хийдгээ хийсэн, маавар одоо зайлах ёстой! Өөрөөр хэлбэл МАХН түүхийн тавцнаас арчигдах ёстой! Энхбаяр одоо булшин дээр нь таанцлах Монголын ардчилсан хөгжлийн нам буюу бас нэг МАХН-ыг маань хөгжөөн уншуулж байгаа. Эзэний тулах цэг нь одоо Ху биш Ардчилсан нам. Дараагийн ээлжээ иртэл Ардчилсан нам Ерөнхийлөгчөө тойрон ёохор хатирах болно.

Энэ ч яахав, тэртээ тэргүй тодорхой болчихсон ойлгомжтой зүйл. Гэтэл мань хүний ээлжит золиос лүд барамнууд нь сүүлийн үед их сонин болж эхэллээ. Монросцветмет Асгатын ордын лецензийг эзэмшдэг байжээ. Лецензийн төлбөрийн хугацаа болчихсон байв. Манай хүн Уул уурхай хариуцсан сайдтай яриад леценз хариуцсан хүнийг нь бултуулчихаж. Ингээд хоногийг нь өнгөрөөгөөд лецензийг хүчингүй болгож орхив. Тэгэнгүүтээ Ерөнхий сайдыг дуудаад “цаана чинь Оросын лецензийг хүчингүй болгочихож. Одоохон эргэж хүчинтэй болго. Би одоо Орост айлчлах гэж байхад даанч яав даа та нар” гэх нь тэр. Ямар ч лецензийн ойлголтгүй явсан Энхболд хүмүүсээ дуудан загнаж өдөрт нь зарлигийг ёсоор болгов. Москвад очуутаа Төрийн өмчийн Сугар, элчин сайд Хангай, Монросцветметийн Эрдэнээ нарыг дайчлан шахаж Оросын Полиметал хэмээх компанитай Асгатыг эзэмших гэрээнд гарын үсэг зуруулуулжээ. Ерөнхийлөгч Путинтай уулзаад “Бидний анхны гэрээ ингэж үзэглэгдсэн нь сайхан хэрэг боллоо” гэж хэлсэн байна. Улаанбаатарт буцаж ирэнгүүтээ өнөө муу Энхболдоо дуудаж авчраад “Цаана чинь Москвад Асгатыг эзэмших гэрээ хийгдчихэж. Одоохон хүчингүй болгохгүй бол хууль бус юм болж байна” гэх нь тэр. Хөөрхий Энхболд нь ойлгосон ч юм байхгүй тэр дор нь Засгийн газрын хурлаар асуудлыг оруулан дахиад л ёсоор, гэхдээ түрүүнийхээ хийсний эсрэгээр болгож орхилоо. Монросцветийн шинэ захирал Эрдэнээ Полиметалаас 2 сая долларын хахууль авсан байж магадгүй бор шувуу ч ойлгомжтой газраас хөөрөн нислээ. Сугар ч зүгээр байгаагүй бололтой. Гэнэт эх орноо зарж орхисон хэрэгт орчихсон Эрдэнээ гайхахын туйл болж өөрийгөө өмгөөлөн сонинд хүртэл ярилцлага өглөө. Харин Эзэн тас гүрийж энэ гэрээний талаар огт юм мэдэхгүй гэж албан ёсоор зараллаа. Тэгсэн мөртөө тэр дор нь Москва руу “Асгатын талаархи Полиметалийн гэрээг энд Монголын Засгийн газар унагаж орхилоо. Гэхдээ найдвар байгаа, дахин ярилцъя” гэж хэлүүлжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ!? Шан харамжаа голоод байгаа юм уу, шагналаа өсгөх гээд байгаа юм уу, эсвэл зүгээр л зугаа болгож Монголын Засгийн газрыг шившиг болгож байгаа юм уу?

Өмнө нь Ерөнхийлөгч Буштай уулзахдаа Монголд хөрөнгө оруулалт хийж буй Айвонхо майнз компанийг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байдаг. Монголд нэр хүндтэйгээс гадна Бушийн гэр бүлийнхэнтэй ойр дотно Жэймс Бэйкэрийг Монгол руу явууллаа. Буш зэсийн наймаа хийх гээд буй хэрэг биш, ерөөс Монголд Хойд Америкийн дорвитой хөрөнгө оруулалт орж ирэх нь Монголын эрх ашигаас гадна АНУ-ын өөрийнх нь сонирхол мөн. Гэтэл Бэйкэрийг ирэнгүүт нь хэлээ гаргаж, салаавч зангидаж, нүүр рүү нь нулимах ажлыг мань хүн өөрөө санаачлан удирддаг юм. Сонин байгаа биз? Юуны тулд юуг золигт гаргаад эхлэв ээ? Таамаг л тавихаас зорилгыг нь тодорхойлоход өнөөдөртөө арай эртдээд байна.

Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд л мань хүний баадууг нь мушгиад тавьчихсан хүүхэлдэйнүүд орилоод л гүйлдээд явах юм. Монгол тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эзэний одоо эдэлж байгаа эрх мэдэл нь соёлжсон аль ч орны Ерөнхийлөгчийн санаархаад ч олдохгүй хэм хэмжээ. Мугабэ, Чааваас, Ким Чэн Ир, Лукашенко, Каримов нар л ийм хэмжээний эрхтэй байх. Энэ тухай хожим тодорхой ярилцая. Холливүүд Терминатор киноны 4 дүгээр ангийг хийх гэж байгаа дуулдана. Өдгөө мужийн амбан захирагч болчихсон Шварцнеггер дахин тоглох болов уу хэмээн үзэгчид тэсч ядан хүлээнэ. Ямар сэдвээр гарах бол? Уг нь манай энд сайхан терминатордож байна даа, баримтат кино хийсэн ч амьтны сонирхол татна даа. Терминатор гэдэг бол эвдэн сүйтгэгч гэсэн утгатай үг юм шүү дээ.

2007.6.1

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 36 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 56 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 14 цаг 0 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 14 цаг 3 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 14 цаг 11 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 15 цаг 0 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 0 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 15 цаг 3 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 57 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 53 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 17 цаг 59 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 18 цаг 4 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 21 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 28 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 31 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 36 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 41 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 44 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 20 цаг 8 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 20 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top