x

Монголыг хорлодог монгол ленинчүүд

...Манай багшийн багш

Манлай Ленин багш...

Социализмд өссөн монгол хүн бүхний цээжилж өссөн дуу

"Марзан" хэмээх Б.Шарав зурсан В.И Лениний хөрөг. "Марзан" гэдэг нь одоогийнхоос арай өөр ойлголт байжээ.

Ленинээр хүмүүжсэн монголчууд Ленинээсээ ч илүү Монголыг хорлож ирлээ. Тэд сүүлийн 30 жил биесээ өөр өөрөөр нэрлээд бүлэглэн хуваагдаж Монголын төрийг дангаараа, эс бөгөөс хамтран барьж ирсэн ч зам мөр нь багш Ленинийхээсээ огт дээрдсэнгүй. Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Ардчилсан Монголын улстөрчдийн араншинг Ленинээс олж харах шиг амар юм алга. 

Үзэл онолгүй Ленин

Ленин ямар нэг улс төрийн үзэл баримтлалгүй явсан. Яг манай өнөөгийн улстөрчид шиг. Ленин зөвхөн яаж засгийн эрхийг авах билээ л гэж бодсон. Тиймээс нам байгуулах санаа оноо байсангүй. Харин цэрэгжсэн байгууллага төсөөлж явжээ. Яагаад гэвэл Думд эрүүл саруул маргаан өрнөдөг, тэр бүү хэл хаант засгийн эсрэг үзэлтэй улс төрийн радикал хүчин, зүтгэлтнүүд ч ид ном хаялцаж байсан цаг. Ленинд парламентад ярьж хэлэх зүйл үнэндээ байсангүй, гагцхүү засаг авах шунал нь л буцална. Тийм хүнд төрийн эрх авах зохион байгуулалттай бүлэг л хэрэгтэй. Ленин төрийн эрх авахыг л хүссэнээс нийгмийн асуудлыг шийдэх талаар онцын бодолгүй явсан юм. Карл Маркс “Үгээгүү пролетариуд засгийн эрхийг авна” гэснийг тогтоогоод дараа нь яах, юу хийхээ огт мэдэхгүй байлаа. Засаг авна, хөрөнгөтнүүдийг зайлуулна, үйлдвэрүүдийг нийгэмчилнэ, тэгээд..? Манай ленинчүүд ч ялгаагүй. Төрийн эрх л авч байвал юу ч хийхээс сийхгүй. Сонгуулийн амлалт, намын үзлээ сонгуулийн маргааш татаад дууссан тамхины иш шигээ нясалчихна. Тэдний багш Ленин нь ленинч билээ. 

Ленинч зарчим

Ленин нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн огт самгардалгүй юу ч гэж залж чадах улс төрийн торгон мэдрэмжтэй. Бүр маш энгийн бааргаар, тэгээд уран цэцэн хэлнэ гээч. Бусад хүн ядаж юу гэх билээ хэмээн бодож тунгаадаг бол Ленин урсгаж гарна. Ерөөсөө түүнд ямар нэг дотоод итгэл үнэмшил, давшгүй хязгаар гэж байсангүй. Жишээ нь, төрийн эрхийг айлын авгайд, газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад өгнө гээд хэлчихнэ. Яагаад ингэж хэлж байгаа билээ, дараа нь яах билээ гэж боддог ч үгүй. Энэ чанараараа үеийн бусад улстөрчөөсөө эрс ялгардаг. Ленинээс 700 жилийн өмнө Чингис “Морин дээрээс дэлхийг байлдан дагуулах амархан, мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү” гэж сургасан гэдэг. Гэтэл Казаний их сургуулийн Хуулийн факультетийг Алтан медальтай төгссөн Ленин огтхон ч бодож эргэцүүлэлгүйгээр бурсан. Хэлсэн и гүйцээ. Гэхдээ эцсийн бүлэгт газар, үйлдвэр, төрийн эрх мэдлийг ч өөрөө авчихсан байлаа. Монгол шавь нар нь ч өөрцгүй. Хүүхэд бүрт 10 мянга, шинэ гэр бүлд 500 мянга, хүн бүхэнд сая, сая таван зуун мянган төгрөг өгнө; иргэн бүрт 1072 хувьцаа тараана, тэтгэврийн зээл тэглэнэ, ваучер олгоно... гэхчилэн аманд орсноо л хэлнэ. Улсынх нь өр хэд билээ, төсөв ямар билээ, тэр мөнгийг яаж олох билээ... падлийгүй. Төрийн эрх мэдлийг гартаа оруулж байвал барав. Тэгсэн цагт бусдыг нь цөлмөчихнө. Тэдний багш Ленин бол зарчимгүй нөхөр.

Хулчгар Ленин

Ленин буруу зөвгүй бурж явснаас зориг зүрхтэй хувьсгалч огтхон ч биш. 1917 оны зун Петроград (Санк-Петербург 1914-1924 он) даяар большевикууд Германаас санхүүжиж, төрийн эргэлт хийх нь гэдэг мэдээ таран “Правда” сониныг хаахад Ленин ганцаараа зүсээ хувилгаж хамаг юмаа хаяад зугатсан. Троцкий тэргүүтэн хууль цагдаатай заалдаад нутагтаа үлдсэн байдаг. Харин төрийн эрх булаах боломж бүрдмэгц гуяа алгадан гэгээн дүрээрээ гүйгээд ирсэн дээ. Монгол шавь нар нь Америк ч бил үү, Австрали ч бил үү явсан бил үү? Ленин бол хулчгар. Тиймээс төр авсан хойноо эрх мэдэл булаацалдаж мэдэх бүх аюулыг зайлуулах алхам хийж эхэлсэн. Шавь нартаа “Хөрөнгөтөн, нударганы хөрөнгийг хураагаад авчихаар анги аяндаа устана” гэж сургасан. Ачир дээрээ шууд утгаар нь тэднийг алсан, хядсан, устгасан. Үзэл онолтой, түүндээ итгэдэг хүнээс үүгээрээ Ленин ялгардаг. Ингэж иргэний дайн дэгдээсэн. Бусад намтай сонгуулиар өрсөлдөхийн оронд шууд хаасан. Чөлөөт хэвлэл мэдээллийг тас хориглож ганц “Правда”-аагаа үлдээсэн. Сонгох сонгогдох, үг хэлэх эрх чөлөө; ер нь өөрийн үзэл бодолтой, эрх чөлөөт иргэн бүрээс үхэтлээ айж байлаа. Монгол ленинчүүд ч мөрөөр нь замнасан. Зугатна, ирнэ, хаана, бооно, шүүнэ, тууна, цаад шалтгаан нь айдас. 

Хууль дүрэмгүй Ленин

Иргэний дайн эхэлмэгц өгсөн Лениний тушаал 1991 оноос ил боллоо. Бууд, дүүжил... л гэснээс стратеги, тактикийн ач холбогдолтой шийдвэр байхгүй. Хуульт ёс, эрхзүй, хүний эрхийн эсрэг гэмт хэргийн гарын авлага. Ленин уул нь хуулийн сургууль төгссөн хүн. Гэхдээ төрийн эрх аваад хуульт ёсыг сүйтгэсэн. Хамгийн анхны тогтоолоороо хуучин бүх хуулийг хүчингүй болгосон. Төр авсан большевикууд хууль дүрэм өөрчлөлгүй яахав, гэтэл үгүй шүү. Шүүх, прокурор, өмгөөлөл гээд хуулийн тогтолцоог бүхлээр нь нураагаад бас нэмээд хуулийн сургуулийн хаалгыг ч түгжсэн байдаг. Энэ бүхнийг “Хувьсгалт шүүх” гэгчээр орлуулж хуулийн мэдлэггүй, бүр огтоос боловсролгүй хэдэн товарищд бүх асуудлыг дураараа шийдэх эрх олгосон. Төр авсан нь хэн гэм буруутайг тогтоогоод баривчлаад, яллаад явна гэсэн үг. Ленинээс өмнө ч Орост хувьсгал гарсан, дэлхийн дайн ч хийсэн гэхдээ эрх зүй, хууль дүрэм хэвийн үйлчилж л байлаа. Монголын ленинчүүд төр аваад л өөртөө эсвэл зөвхөн “түүнд” зориулж хууль гаргана. “Шударга бусын хонгил” барьж бусдыг тийш чирнэ. Тэдний багш Ленин хууль эрхзүйг уландаа гишгэсэн товарищ.

Дангаар ноёрхогч Ленин

Ленин хамтран зүтгэгчдээ толгой мэдэн томилсон. Тэдэнтэйгээ оров ч гарав ч хамтдаа. Тэгсэн мөртөө “Правда” сониноороо бүгдийг нь ил цагаан баална, бүр балбана. “Би л энэ улс орныг удирдаж чадна, манай товарищуудад итгэж болохгүй шүү” гэж байгаа нь тэр. “Надаас бусад нь чадваргүй улсууд шүү” гэж ард түмэндээ ойлгуулж байгаа хэрэг. Диктатур гэдэг төрийн хамгийн энгийн тогтолцоо. Энгийн зүйлс хүмүүний сэтгэлийг татдаг. Амьдралыг төвөгтэй болгож яах юм бэ. Сурч боловсорно, өөрийнхөө төлөө тэмцэнэ, бодно сэтгэнэ, хуульд захирагдана гэхгүй амар хялбар амьдрал гэж ард түмэн хардаг. Тиймээс ч тэд бурханд бүхнээ даатгаж ирсэн юм. Ленин бурхны үүргийг өөртөө авсан. Монголын баастай бурхад ч адил. Телевизийн дурангийн өмнө танхимын гишүүдээ хэлэх хэлэхгүйгээр нь дуудаж загнана. Бүр цохиод авахад ч бэлэн харагдана. Энэ нь иргэдэд таалагдана гэж. Ленин бол хүнийг хүн биш болгодог тоталитар дэглэм үндэслэгч. Монгол шавь нар нь багшийнхаа энд хүрэхгүй ч диктатур тогтоох чин хүсэлтэй. Ленин бол дангаар ноёрхох хэнээтэн.

Буянтны дүртэй Ленин

Ленин төрийн эргэлт хийхээс өмнө Оросын эдийн засаг тавдугаарт эрэмбэлэгдэж байлаа. Зах зээлийн жам ёсны амийг таслахад улсынх нь эдийн засаг аяндаа нураад уначихав. Шалтгааныг нь Ленин амархан “олсон”. “Гадна, дотны дайснууд хорлоод байна”, гүйцээ. Энгийн болоод ойлгомжтой тайлбар. Дайсан нь харин дотроо олон төрөл: хувьсгалын эсэргүүчүүд, өмч хөрөнгөтөнгүүд, хувиа хичээгчид, хорлон сүйтгэгчид, хумслагчид, шамшигдуулагчид... Эднийг устгах ёстой... Төрийн царай харахгүй амьдралаа аваад явчих иргэн Ленинээр яах юм?!? Хэдэн зуун жил болоод ирсэн юм болж л таарна. Харин Ленинд тийм хүн шиг хэрэггүй юм үгүй. Бүгд Лениний гарыг харах ёстой. Тэгж гэмээн нь тачаадан байж булаасан эрх мэдлээсээ жаргалыг амсана. Авдаг цалин нь аманд ч үгүй, хамарт ч үгүй, хувиараа бизнес эрхлэх эрхгүй, үргэлж гарыг нь хардаг хүн сүрэг л Ленинд таашаал өгнө. Тиймээс бүх өмчийг нь хурааж аваад буцаагаад дусал дуслаар амсуулна. Ленинийг тойрон хүрээлэгчид "номинклатур" хэмээх нийгмийн шинэ давхарга болж хаад ноёдоос ч илүү эрх ямба эдэлж явлаа. Монголын ленинчүүд багшийнхаа үлгэр дууриаллаар. МАНАН, БУДАН, ЗИЖЭНЭН... Төр авах тоолондоо хувьдаа хууль гаргаж хулгай хийсээр өдий хүрлээ. Эрдэнэт, Таван Толгой, Ноён уул, Салхит, Асгат... уурхай, лицензүүдийг хурааж хөрөнгө зоорио зузаатгасаар... Ардуудад ойн медаль, одон тэмдэг, алдар цол л хаваасаг... Тэдний багш Ленин өгч чадахгүй цалин мөнгөө өнгөтэй төмрөөр орлуулах мэргэн ухаан бодож олсон юм.

Төгсрөл

Долоон жил төр барьсан Лениний ёс бусын арга барилыг далан жил заалгасан Монголын улстөрчид Ленинд эргүүлээд лекц уншсан ч чадахаар туршлага хуримтлуулжээ. Багш Ленин нь “Сур сур бас дахин сур” гэж сургасан юм хойно арга байж уу... Эрт гарсан чихнээс хожуу ургасан эвэр урт гэж... Өөрийгөө хэн ч гэж нэрэлдэг бай хамаа алга, Монголын улстөрчид мөн чанараараа бүгд ленинчүүд. Хөшөөг нь зайлуулсан ч хүмүүжил нь хэвээрээ... Ленин всегда с ними... 

Долой ленинисты!

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.86)
    Үнэнийг хэлээ... Монголчууд архаг коммунимз-ийн бүтээгдэхүүн гэдэг нь төрөлхийн хэвээрээ бгаа шүү дээ... Монголд байгаа, Ардчилсан коммунизм нам, Архаг коммунизм нам хоёр, нэг тэрэгний хоёр дугуй юугаар аа ялгарах бэ???
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 36 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 56 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 14 цаг 0 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 14 цаг 3 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 14 цаг 11 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 15 цаг 0 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 0 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 15 цаг 3 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 57 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 53 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 17 цаг 59 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 18 цаг 4 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 21 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 28 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 31 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 36 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 41 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 44 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 20 цаг 8 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 20 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top