Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцид бүтээгдэхүүний бүртгэлийн газар (URPL)-ын Ерөнхийлөгч Гжегож Цессак тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, эмийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын эмийн бүртгэл, үнэлгээ, бүртгэсний дараах тандалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, эмийн чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд нийцүүлэх чиглэлээр Польш Улсын туршлагаас суралцах боломжийг хэлэлцэв. Мөн Европын фармакопейн стандарт, аргачлалыг судлан нэвтрүүлэх, Монгол Улсыг Европын фармакопейн хорооны ажиглагчийн статустай болгох боломж, эмийн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний судалгаа, үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Түүнчлэн Монгол Улсад нэн шаардлагатай, өргөн хэрэглэдэг эмийг үйлдвэрлэгчээс шууд, тогтвортой нийлүүлэх, эмийн хангамжийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр Польшийн эм үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
Цаашид хоёр талын мэргэжлийн байгууллагын мэдлэг, туршлага солилцоо, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой төлөвлөгөө хэрэгжүүлэх чиглэлээр Монгол, Польшийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.




