Мэргэжлийн ур чадвараа сорих залууст Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын төрийн далбааг /өчигдөр/ гардууллаа.
БНХАУ-ын Шанхай хотноо “Worldskills Shanghai 2026” уралдааныг энэ сарын 22-27-нд зохион байгуулна. Ур чадварын олон улсын болоод үндэсний ур чадварын түвшинг тодорхойлох дэлхийн аварга шалгаруулах Шанхай 2026 үйл ажиллагаанд Монгол Улс эдийн засгийн тэргүүлэх 12 мэргэжлээр оролцохоор бэлтгэл ажлаа хангажээ.
Дэлхий дахинд мэдлэгээс гадна ур чадварыг чухалчилдаг болсон. Дэлхийн ур чадварын олимпиадад оролцох багийнхан Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийн түвшнийг дэлхийд харуулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээж байгааг салбарын сайд онцоллоо.
Энэхүү үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагын 200 гаруй төлөөлөгч, дэмжигч оролцохоор бүртгүүлсэн нь Монгол Улс тус үйл ажиллагаанд хэрхэн ач холбогдол өгч байгаагийн жишээ юм.
“Worldskills Shanghai 2026” уралдаан нь ирээдүйн шинэ мэргэжлүүд, ажлын байр, дижитал технологи, ногоон хөгжилд илүү анхаарал хандуулсан байна. Энэхүү уралдаанд оролцсноор ур чадварын хөгжлийн түвшинг дэлхийн түвшинд ойртуулж улс орныхоо эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг сайжруулах боломжийг бий болгох юм.
Мөн Монгол Улс 2027 онд World Skills International байгууллагын Ерөнхий Ассамблейг зохион байгуулна. 



