"Meta" компанийн тэргүүн Марк Цукерберг ажилтнуудтайгаа харилцах, удирдлагын зарим чиг үүргийг гүйцэтгэх чадвартай өөрийн дижитал хуулбарыг хөгжүүлж байгаа тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ. Тэрбээр өөрийн хиймэл оюунт ихрийг бүтээж, түүнд ажлынхаа тодорхой хэсгийг даатгах гэж байгаа ажээ.
Уг дижитал хувилбарыг "Meta" компанийн виртуал дүр бүтээх технологийг ашиглан хөгжүүлж байгаа ба хиймэл оюун ухааныг Цукербергийн харилцааны хэв маяг, биеэ авч явах байдал, олон нийтийн өмнө хэлсэн үгс болон компанийн хөгжлийн стратегийн талаарх түүний үзэл бодлыг хуулбарлахад сургаж байгаа аж.
Ингэснээр "Meta"-гийн ажилтнууд удирдлагынхаа виртуал хувилбартай харилцах боломжтой болох ба компанийн дотоод харилцааг бэхжүүлж, ажилтнууд компанийн үйл ажиллагаанд илүү оролцоотой байгаагаа мэдрэхэд тусална гэж үзэж байна. Харин Цукерберг өөрөө энэхүү хиймэл оюунт ихрийнхээ тусламжтайгаар багтайгаа эргэх холбоог сайжруулж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд илүү их цаг, анхаарлаа төвлөрүүлэхийг зорьж байна.
Үүний зэрэгцээ шинжээчид зарим эрсдэл байж болохыг анхааруулж байна. Тухайлбал, виртуал удирдагч нь удирдлага болон ажилтнуудын хоорондох амьд харилцааг хөндийрүүлж магадгүй. Мөн хиймэл оюун ухаан нь хүний сэтгэл хөдлөлийг ойлгож, эмпати шаардсан шийдвэр гаргах чадвартай эсэх нь эргэлзээтэй.
Эх сурвалж: TASS



