УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ойрын үед авлигын асуудал дахин хурцаар яригдаж байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн нэг сарын хугацаанд үнэхээр олон ноцтой үйл явдал ар араасаа өрнөлөө. Ялангуяа төрийн өндөр, дээд албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаасаа буугаад удалгүй төрийн өмчит компанийн удирдах суудалд очоод суучихдаг жишиг хэвээр байна. Үүний зэрэгцээ эрх баригч намын нөлөө бүхий гишүүдийн орон байр, ажлын өрөөнөөс тэрбум тэрбумаар авлигын мөнгө илэрсэн, бүр газар дээрээ гардуулсан баримтууд ч олон нийтэд ил боллоо.
Эдгээр үйл явдал бол ганц нэг хүний асуудал биш, тогтолцооны гажуудал болсныг харуулж байна. Үүнийг батлах мэт Трансперенси интернэйшнл байгууллагаас 2025 оны Авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Нэг их сүрхий “Авлигатай тэмцэх жил” гэж зар лаад тэмцдэг ч бодит үр дүн эсрэгээрээ гарч ирж байгаа нь тэмцэл нь тунхагийн шинжтэй агаараар явжээ л гэж дүгнэхээр байна. Хамгийн сүүлийн нотолгоо гэвэл Монгол Улс ганцхан жилийн дотор 10 байраар ухарч, 114 дүгээр байрнаас 124 дүгээр байранд орсон.
-Энэ индекс урагшлах битгий хэл жил ирэх тусам улам хойшилж байгаа нь ямар учиртай юм бол. Мөн танай нам эрх барих үед авлигын индекс тодорхой хэдэн байраар урагшилж байсан шүү дээ...?
-Авлигын индексийг 10 гаруй жилийн хугацаанд харьцуулж үзэх нь бодит дүр зургийг илүү тод харуулна. 2012 онд буюу 14 жилийн өмнө Монгол Улс 180 орноос 94 дүгээр байрт жагсаж байсан. 2012–2016 онд Ардчилсан нам засгийн эрх барьж байх хугацаанд уг индекс 94-өөс 72 болж, 22 байраар урагшилсан. Энэ бол авлигатай тэмцэх чиглэлд тодорхой ахиц гарсныг илтгэж байсан үзүүлэлт. Харин 2016 оноос эрх баригч нам солигдож, МАН засгийн эрхийг барьсан. 2016–2026 оны хооронд буюу сүүлийн 10 жилд 72 дугаар байранд хүргэж байсан үзүүлэлт өнөөдөр 124 болж, нийтдээ 52 байраар ухарсан байна.
Энэ бол ганц тоо биш, бодит бодлого, засаглалын чанарын илэрхийлэл. Өндөр дээд албан тушаалтнуудын гэр, сейф, бүр хогийн савнаас их хэмжээний мөнгө гарч ирдэг дүр зураг Монгол Улсыг олон улсад ийм үнэлгээг авчирч байна. Энэ үзүүлэлт бол Монгол Улсад хуулийн засаглал бодитоор оршиж байна уу, үгүй юу гэдгийг хэмжиж байгаа том шалгуур юм.
-Эрх баригчид энэ бол “төсөөллийн” индекс, ард түмний бодол гэсэн тайлбар хийдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үгүй. “Төсөөллийн индекс” гэдэг үг дээр дөрөөлж, зүгээр л олон нийтийн сэтгэгдэл мэтээр тайлбарлах нь буруу. Энэ бол хэн нэгний дур зоргоор гаргасан хуурамч эрэмбэлэлт биш. Дэлхийн нэр хүндтэй, томоохон судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанд үндэслэн гаргадаг, олон улсын стандарт шалгуур бүхий индекс. Тухайлбал, хууль шүүхийн хараат бус байдал, шударга ёсны түвшин, төрийн байгууллагуудын ил тод байдал, бизнесийн орчны үнэлгээ, ардчиллын индекс зэрэг олон хүчин зүйлийг хамруулж дүгнэдэг. Тиймээс үүнийг ард түмний төсөөлөл гэж булзааруулах боломжгүй.
-Авлигын индекс ийнхүү хойшилсон гол шалтгааныг та юу гэж харж байна?
-Нэгдүгээрт, бизнесийн орчин улам л хумигдаад байна. Өнөөдөр бизнес эрхлэхэд авлига өгөхгүй бол ажил нь урагшилдаггүй байдал хэвээр л байна. Авлига өгөх нь бараг “зайлшгүй нөхцөл” мэт болоод удаж байгаа нь тогтолцооны гажуудал. Хоёрдугаарт, хуулийн засаглал сул дорой байна. Дуулиан шуугиантай хэргүүд ил болж байгаа ч хариуцлага бодитоор тооцогдох нь маш ховор. Авлигын талаарх гомдол, мэдээлэл их ирдэг ч хэрэг болж шүүхээр шийдэгддэг нь цөөн. Энэ нь албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага сул байгааг илтгэнэ. Ингэж хариуцлага тооцож чаддаггүй байдал хэвээр байвал авлига хэзээ ч буурахгүй, улам гүнзгийрнэ. Тиймээс энэ индекс бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш, Монголын төрийн засаглалын бодит үнэлгээ юм.
-Тэгвэл цаашид ямар гарц шийдэл шаардлагатай гэж та үзэж байна. Жил ирэх тусам авлигын индексээрээ өсөөд байвал яах вэ?
-Юуны өмнө хуулийн засаглалыг бодитоор хэрэгжүүлэх ёстой. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнхний хэргээр 1 жил 8 сарын хорих ял сонслоо. Яг үүн шиг. Хэн ч байсан, ямар ч албан тушаалтан байсан хууль зөрчсөн бол хариуцлага хүлээдэг тогтолцоо бүрдэхгүй бол авлигын индекс сайжрахгүй. Цахим Монгол болно гээд удаж байгаа ч төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, шийдвэр гаргалт ил тод бус байна. Аль болох л бүрэн цахимжиж, хүний хамаарлаас гаргах ёстой. Төр аль болох өмчгүй, бизнесгүй байх.
Тиймээс төрийн, орон нутгийн өмчит компаниудыг хувьчлах, тун цөөнийг авч үлдлээ гэхэд олон нийтийн оролцоотой, хяналттай болгох шаардлагатай. Аль болох олон хувьцаа эзэмшигч байна, төдий чинээ хяналт сайн байна. Гэх мэт ажлуудыг нэг бүрчлэн хийж байж авлигын суурь нөхцөл хумигдахад нөлөөлнө. Нөгөөтэйгүүр энэ бол улс төрийн маргаан биш. Монгол Улсын нэр хүнд, иргэдийн амьдралын чанарын асуудал. Авлига бол эдийн засгийг боомилж, шударга өрсөлдөөнийг устгаж, иргэдийн төрдөө итгэх итгэлийг үгүй хийдэг хамгийн том саад. Тиймээс бодит шинэчлэл, бодит хариуцлага л нөхцөл байдлыг өөрчилнө.
-Авлигын индексийг бүрдүүлдэг гол хүчин зүйлсийн талаар сая хэллээ. Түүнээс ардчилал нь ямар байна, тогтолцоо нь ямар байна гэдгийг мөн голлож хардаг байх, тийм үү?
-Авлигын индекс гэдэг бол ганцхан авлигын хэрэг илэрсэн, илрээгүйгээр хэмжигддэг зүйл биш. Эдийн засгийн чадавх, бизнесийн орчин, хууль шүүхийн шударга байдал, засаглалын чанар, мөн ардчиллын түвшин зэрэг олон улсын томоохон судалгааны байгууллагуудын гаргасан индексүүдийн нийлбэр дүнгээр гардаг. Тухайлбал, V-Dem буюу ардчиллын индекс тогтоодог байгууллага Монгол Улсын статусыг албан ёсоор “сонгуулийн авторитар дэглэмтэй улс” гэж бууруулсан. Энэ бол маш ноцтой үнэлгээ. Өөрөөр хэлбэл, сонгууль явагддаг ч бодит ардчиллын чанар доройтсон, эрх мэдлийн төвлөрөл ихэссэн улс гэсэн ангилалд орж байна гэсэн үг. Нэг алхам ухрахад л дараагийн шат болох Авторитар буюу дарангуй дэглэмийн ангилалд орно. Олон улсын үнэлгээ, судалгааны нийлбэр нь авлигын индекс болж гарч ирдэг. Тиймээс энэ бол хэн нэгний зохиосон, улс төрийн зорилготой тоо биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Авлигыг дэлгэрүүлж байгаа гол хэрэгсэл бол мөнгө. Энэ мөнгө сонгуулийн үеэр нэлээд их хэмжээгээр эргэлддэг. Тиймээс сонгуулийн зардлаа багасгах хэрэгтэй гэж яриад байдаг шүү дээ...?
-Олон улсын байгууллагууд Монголын улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байна гэж дүгнэж байгаа. Ялангуяа таны хэлсэн сонгуулийн үеэр зарцуулж буй асар их зардал гол асуудал болж байна. Бид олон жил сонгогчдын саналыг худалдаж авч байна гэж ярьсан. Бэлэн мөнгө, бараа бүтээгдэхүүн, аялал зугаалга, албан тушаал амлах зэргээр сонгогчдыг татах явдал газар авсан. Энэ бүхэн улс төр судлалын онолд “сонгуулийн авлига” гэж тодорхойлогддог. Ийм үзэгдэл системтэй үргэлжилбэл авлигын индекс доройтох нь тодорхой. Харамсалтай нь Монгол Улс сонгуулийн авлигатай бодитоор тэмцэж эхлээгүй байна. Англи улс 1883 онд, Франц бүр түүнээс өмнө 1849 онд ийм зохицуулалтыг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын улс төр, сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчин 150-180-аад жилийн хоцрогдолтой явж байна гэсэн үг.
- Таны хувьд энэ асуудлыг шийдэхийн тулд хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн. Ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна. Гол агуулга нь юу вэ?
-“Санал худалдан авахын эсрэг хууль”-ийн төслийн анхны хувилбарыг санаачлан боловсруулсан. Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, хуульчид, судлаачид оролцож байгаа. АН-ын бүлэг болон бусад намын гишүүд дэмжиж байгаа. Тэдэнд танилцуулж, хэлэлцэн саналаа нэгтгээд хамтдаа өргөн барина гэж төлөвлөж байгаа. Энэ хуулийн зорилго нь сонгогчдыг мөнгө, эд материал, бэлэг, аялал, албан тушаалын амлалтаар татах бүх хэлбэрийг бүх хугацаанд бүрэн хориглоно. Одоогийн хуулиар эдгээр ажиллагааг сонгуулийн жил эхэлмэгц хориглодог.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг цагаан сарын бэлэг тарааж, иргэдийг татах улс төрийн үйл ажиллагаа ч хориглогдоно. Сонгогдсоны дараа ч санал худалдан авсан нь нотлогдвол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болох ийм хуулийн төсөл дээр ажиллаж байна. Одоогийн зохицуулалтаар санал худалдан авахтай холбоотой заалтыг Зөрчлийн тухай хуульд оруулсан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүдийг Зөрчлийн хуулиар шийтгэх боломж байхгүй, бодит хариуцлага үүсдэггүй. Тиймээс бид сонгуулийн авлигатай холбоотой заалтыг Зөрчлийн тухай хуулиас гаргаж, Эрүүгийн хуульд оруулах санал дэвшүүлж байна. Ингэснээр санал худалдан авалт нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож, ял шийтгэл ногдуулах, улмаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах хууль зүйн үндэс бүрдэнэ.
Мөн хамаарал бүхий буюу өмнөөс мөнгийг нь тараадаг этгээдүүдийг хамруулах, шүгэл үлээгчийг хамгаалах зэрэг эрх зүйн шинэчлэл хийх нь улс төрийн оноо авах асуудал огт биш. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, ардчилал, ирээдүйн тогтвортой байдлыг хамгаалах зайлшгүй алхам юм. Сонгуулийн санал худалдан авалтыг зогсоохын нийгмийн үр нөлөө маш их. Үндсэн хуульд заасанчлан бүх хүнд гарааны нөхцөл ижил болох нөхцөл бүрдэхээс гадна шударга ёс, шударга тогтолцооны суурь асуудал углуургаараа шийдэгдэнэ. Мэдээж өргөс авсан мэт арилахгүй, янз бүрийн башир арга шинээр үүсэхийг үгүйсгэхгүй ч улс төрийн зориг гаргаж, заавал эхлүүлэх шаардлагатай.
-Энэ бүх нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Авлига, хариуцлагагүй байдал, ардчиллын доройтол гэдэг бол зөвхөн улс төрийн асуудал биш. Энэ нь эдийн засагт маш хортой. Томоохон хөрөнгө оруулагчид хууль нь тогтворгүй, авлига нь өндөр, хүнд сурталтай, шударга өрсөлдөөн байхгүй орчинд орж ирэхгүй. Монгол Улс ийм эрсдэлтэй ангилалд орж, уруудсаар улам л хүнд байдалд орж байгаа. Хэрэв бид энэ байдлаа өөрчлөхгүй бол гадаадын хөрөнгө оруулалт бүр л орж ирэхгүй, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэвээр л байх болно. Үүний тусгал иргэдийн амьдралд шууд сөргөөр нөлөөлнө. Хөрөнгө оруулах улсын жагсаалтад хэзээ ч орж чадахгүй гэсэн үг. Үүний нотолгоо нь сүүлийн жилүүдэд Монголд дорвитой хөрөнгө оруулалт орж ирээгүйгээс харагдаж байгаа.
Өдрийн сонин



