x

Монголын говьд усан үзэм ургуулж байна

Монголын говийн хуурай, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт усан үзэм болон бусад жимс жимсгэнийг тариалж байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк”-т ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн Болдсайханы Тэгшжаргал, Эрдэнэбилэгийн Эрхбаяр нар тариалжээ.

Тэд 2022 онд “Осика Монголиа” ТББ-аар дамжуулан Япон улсад 1.5 жил мэргэжил дээшлүүлээд ирэхдээ усан үзмийн модны суулгацыг Монголд авчирч, 2023 оны тавдугаар сард хүлэмжид шилжүүлэн суулгасан байна. Уйгагүй арчилж ургуулсны үр дүнд хоёр жилийн дараа буюу 2025 оны зун гурван багц усан үзмийг амталгааны хэмжээгээр хураан авсан бөгөөд хүлэмжид нэгээс хоёр хүртэлх насны 23 суулгац нэмж үрслүүлжээ. 

 

Усан үзэм тариална гэдэг хэцүү, урт хугацаа, тэсвэр тэвчээр, уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн арчилгаа шаарддаг хэмээн агрономич Б.Тэгшжаргал онцлон ярилаа.

Тэрбээр Япон улсад сурах хугацаандаа усан үзэм тариалах арга ухаан, эко бордооны чиглэлээр илүү гүнзгийрүүлэн суралцаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хүлэмжийн агропаркт 2023 оноос агрономич мэргэжлээрээ ажиллаж байна.

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулсан “Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк” нь орон нутгийн сум дундын ойн 50 га талбайг эзэлдэг. Үүнээс 1.2 га талбайд хүлэмж байгуулан тариалалт хийж, усан үзэм, гүзээлзгэнэ болон бусад нарийн ногоо тариалаад байна. Говийн бүс нутаг цаг уурын хувьд хавар эрт дулаарч, намар аажуу хүйтэрдэг нь жимс жимсгэнэ тариалах таатай орчин болжээ.

Хүлэмж цогцолбор аж ахуйн паркийн агрономич Б.Тэгшжаргал, “Би Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат. ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөөд Япон улсад мэргэжил дээшлүүлж ирээд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хүлэмжийн агропаркт 2023 оны дөрөвдүгээр сараас усан үзэм болон жүрж, гүзээлзгэнэ туршилтаар тариалж эхэлсэн. Тухайн туршилт амжилттай болж бид улам өргөжүүлээд усан үзмийн модоо захиалаад тариалалтаа үргэлжлүүлж байна. Манай энэ хүлэмжид олон төрлийн жимс ногоо тариалж байгаа. Ер нь бүх төрлийн хүнсний нарийн ногоо тариалж байгаа гэж ойлгож болно. Тухайлбал, япон сортын гүзээлзгэнэ, усан үзэм, жүрж, алим, чавга, чацаргана, интоор зэрэг жимс тариалж байна. Харин хүнсний нарийн ногоо гэхээр чинжүү, амтат гуа, өргөст хэмх, улаан лооль, тарвас, манжин, лууван тариалж байна” хэмээн ярив.

Түүнчлэн яагаад говь нутгийг сонгож туршилтын ажлаа эхлүүлсэн тухай болон говийн бүсийн цаг агаарын эрс тэс хуурай уур амьсгалын талаар ч санаа бодлоо хуваалцав.

Зарим хүмүүс говьд жимс жимсгэнэ ургахгүй гэж боддог. Үнэндээ эсрэгээрээ юм. Би оюутан байхдаа энэ хүлэмжийн цогцолборт ирж дадлага хийдэг байсан. Тиймээс анх усам үзэм тариалах саналаа холбогдох албаны хүмүүстэй ярилцаад, энд усан үзэм тарих боломжтой гэсэн учраас ирсэн. Манай агропаркт 6-7 жил ажилласан, “Осика Монголиа" ТББ-аар Япон улсад суралцаад ирсэн Дашнямын Загдрагчаа гэж агрономич ах бий. Тэр ах бидэнд зөвлөгөө өгч маш их тусалдаг. Мэдээж говийн нөхцөлд хүнсний нарийн ногоо, ялангуяа жимс жимсгэнэ тариална гэдэг амаргүй.

Гэхдээ хамгийн чухал нь говь нутгийн хөрс маш чанартай, шаварлаг учир ургалт удаан боловч амт чанар илүү боловсордог. Мөн гүний усаар тогтмол услах боломжтой нь давуу тал их юм. Говийн бүс нутаг цаг уурын хувьд бусад аймагтай харьцуулахад хавар эрт дулаарч, намар аажуу хүйтэрдэг. Тиймээс говь нутаг жимс жимсгэнэ тариалах таатай орчинтой гэж үздэг. Бид гурван жилийн туршилтаараа энэ бүс нутагт бүх төрлийн жимс жимсгэнэ тариалах бүрэн боломжтой гэдгийг мэдэж авсан. Иймээс жүрж болон гүзээлзгэнэ зэрэг жимсийг нэмэгдүүлэн тариалалтаа эрчимжүүлж байна” хэмээн тэрбээр ярив.

Усан үзмийн модыг эхний гурван жилд жимслүүлэхгүй, зөвхөн модны ургалт, хүчийг нэмэгдүүлэх ёстой байдаг ажээ. Ингэснээр хожим амт чанар сайтай арвин ургац авах хөрс суурь нь бүрддэг байна. Ийнхүү зөв технологиор, таатай нөхцөл бүрдүүлэн тарьж чадвал усан үзмийн нэг модноос 150 кг хүртэл жимс хураах боломжтойг Б.Тэгшбаяр онцоллоо.

Агрономич Б.Тэгшжаргал, Э.Эрхбаяр нарын 2023 оны хавар туршилтаа эхлүүлсэн анхны үрсэлгээ Хокайдо нутгийнх бөгөөд Японы Хокайдо муж нь Монгол Улстай төстэй цаг агаартай. Өвөл нь эрс хүйтэрч цас их ордог. Тухайн бүс нутагт тариалсан усан үзэм, усан үзмээр хийсэн дарс нь улсдаа хамгийн алдартай.

Монголын говийн цаг агаар өглөө, өдөртөө дулаан шөнөдөө харьцангуй сэрүүсдэг зэрэг агаарын хэмийн өөрчлөлтийн нөлөө, гүний ус зэргээс шалтгаалан тариалсан жимс жимсгэнэ нь мөн адил амттай ургадаг ажээ.

Гэхдээ говь нутагт хавар шороо их шуурдаг тул жимсний модоо цэцэглэх үед нь хамгаалалтаа сайн хийж чадвал эрсдэл тун бага болдог гэнэ. Мөн нэг болон хоёр настайгаас нь эхлээд тандалт сайн хийх хэрэгтэй бөгөөд тандалт арчилгаагаа хийхгүй ургуулаад байвал эхний нэг жилдээ ургац сайн хураасан ч дараагийн жилдээ ургац хураахгүй ч юм уу, ургацын амт чанар нь муудах эрсдэлтэйг агроноимч Б.Тэгшжаргал ярилаа.  

Харин Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлын албаны дарга Оюунтуяагийн Мөнгөнчимэг хэлэхдээ, говьд жимс жимсгэнэ тариалах гэж байгаа бол нэн тэргүүнд 3-4 жилийн өмнө хамгаалалтын ойн зурвасыг байгуулах нь чухал. Тухайн ойн зурвасыг 2-3 метрийн өндөртэй болсон үед жимсний модоо тариалах юм бол элсний нүүдлээс хамгаалахаас гадна нөөлөг салхинаас жимсний модоо хамгаалж чадна гэсэн юм. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн YES4GREEN хөтөлбөрийн ялагч Б.Тэгшжаргал хүлэмжийн цогцолбортоо усан үзэм, гүзээлзгэнэ, жүрж зэрэг жимс тариалахаас гадна орон нутгийн тариалалт хийх сонирхолтой иргэдэд сургалт зохион байгуулж үрсэлгээгээ борлуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү Японд улсад суралцаж, туршлага судалсан залуус Монголын говийн шимт хөрсөнд усан үзэм болон бусад жимс жимсгэнийг тариалж байна. 

Агрономич залуусын ирээдүйн төлөвлөгөө нь органик, химийн бодисгүй жимс, жимсгэнэ тариалж зах зээлд нийлүүлэх, 3-4 жилийн дараа Монголын усан үзмийн зах зээлийн тодорхой хувийг эзлэх, өөрсдийн тариалсан жимс жимсгэнэ, хүнсний ногоогоо экспортод гаргах юм.

Montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 21 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 26 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 30 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 37 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 39 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 44 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 48 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 51 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 8 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 22 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 26 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 29 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 42 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 48 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 50 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 55 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 57 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top