Тусгаар тогтнолын ордон. 2025.09.27
Өнөөдөр /2025.09.27/ 12:30 цагт эхэлсэн МАН-ын Бага хурлын VIII хуралдаан хараахан өндөрлөөгүй байна.
МАН-ын дүрмийн 20.3.7-д зааснаар "Намын их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох" ёстой. Гэвч одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ намын даргаас огцрох өргөдлөө хараахан өгөөгүй байна. Түүний хувьд "Намын шинэ дарга тодорсны дараа өргөдлөө өгнө" гэсэн нь үнэн бололтой.
Гэвч үдээс хойшхи хуралдаанаар МАН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг Бага хурлын гишүүдэд танилцуулж, гишүүдийн асуултад хариулжээ.
Бага хурлын 26 гишүүн нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авснаар хуралдааныг цагийн өмнө завсарлуулсан байна.