Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Бутантай 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны найрсаг харилцаа нь 2024 онд Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн Монголд хийсэн төрийн айлчлалаар шинэ шатанд гарсан билээ. Тухайн айлчлалын хүрээнд хоёр улс харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан нөөц бололцоонд суурилан хамтран ажиллахаар тохирсон байна.
Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Монгол Улсын цахим засаглалын ололт амжилт, тухайлбал “И-Монголиа” болон “И-Бизнес” системүүдийн хөгжил, иргэдэд үзүүлж буй үр өгөөжийг онцлон танилцуулжээ. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын цахим засаглалын хөгжлийн индексээр “Маш өндөр” ангилалд багтаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 28 байраар урагшилсан хэмээн мэдээлсэн байна.
Харин Бутаны талаас Монгол Улсын цахимжуулалтын туршлагыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр тал санал солилцжээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам