Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар АНУ-ын Номхон далайн нэмэлт хүчний бүлгийн удирдагч, хошууч Римрот тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд 2025 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн “Агаараас аврах ажиллагааны дадлага сургалт”-ын талаар санал солилцов.
Сургалтын явцад танхимын болон эмнэлгийн яаралтай тусламж, өндрөөс аврах ажиллагааны бодит дадлагууд хийгдэх бөгөөд Монголын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид уг сургалтад хамрагдана. Энэ нь гамшгийн үед агаараас аврах ажиллагааг илүү нарийвчлалтай гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн уулзалтын үеэр ОБЕГ-аас зохион байгуулж буй “Аврагч-гал сөнөөгчийг мэргэшүүлэх сургалт”-д АНУ-ын эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийг оролцуулж, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: ОБЕГ