Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт оруулж, тэдний эрхийн хүрээг өргөтгөх чухал шийдвэр гаргалаа.
Өмнө нь ахмад настнууд зөвхөн өөрийн харьяа аймаг, дүүргийн сонгогдсон амралт, сувилалд л хөнгөлөлттэй үнээр амрах боломжтой байснаас өөрийн хүссэн газраа сонгож чадахгүй хязгаарлагдмал байдалд ордог байжээ.
Шинэчлэгдсэн журмаар:
-
Стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагуудын жагсаалтыг гаргаж,
-
Тэдэнтэй гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
Ингэснээр ахмад настан өөрийн хүссэн аль ч гэрээт амралт, сувиллын газарт эрхийн бичгээр хөнгөлөлттэй амарч, сувилуулах боломжтой болж байна.
Энэхүү өөрчлөлт нь ахмад настнуудын амралт, эрүүл мэндийн үйлчилгээ авах сонголтыг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар