x

Сэтгэлийн гүнд мэлтэлзэх Сангийн далай

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Сангийн далайнхаа тухай бодох бүрд одоо морио эмээллээд мордвол бүрий орохоос өмнө хүрчих юм шиг санагддаг юм. Түмэн бээрийн алсаас ч алаг морио хатируулсаар сэрүүн хангайдаа очиж болмоор гэгэлзэнэ. Хөндий талаар нь хөл нүцгэн гүйж өссөн болохоор төрөлх нутгийнхаа газар шороог, намуухан нуурынхаа эрэг хөвөөг техник хэрэгслээр гэмтээж сэтгэл төвдөхгүй мэт. Тэгээд ч адууны тэнгэртэй өвөөгийн амин охин хүлгийн зоон дээр дэрвэж л явах ёстой гэж боддог минь тэр. Намайг багад бугын сүрэг айлуудаас алсуурхан явсаар нуурын уснаас ундаалчихаад, нар буутал тэртээх уулын энгэрт идээшилдэг байсан сан. Тугалын зэлэн дээр, үнээ ивлэгэж зогсохдоо ийм ховор нандин зураглал харах боломжтой гэхээр хэчнээн сайхан хангай болох нь тодорхой биз. Ерөөс тоглож өссөн толгод, уул ус, нуурын минь зүг морин туурай, үхэр тэрэгний мөрнөөс өөр ором битгий гараасай, үеийн үед унаган дагшин, амар амгалан энэ л төрхөөрөө байгаасай гэж хүснэ. Өдийд айлууд зусландаа гарч эхлээд Номт, Сэвсүүлийн ам, Цагаан мөсний гол, Хясааны гол, далайн захаар хонь, мал тааваараа идээшлэн налайж байгаа даа. Ийн бодох төдийд “Даваа даваад ирмэгц далайн жавар мэдрэгдэж, сэрүү татаад хачин сайхан” хэмээх аав минь нутгийн зүг жолоо залах бүрдээ үг санаанд бууна.

Хүн гэдэг өсөж, төрсөн нутгаасаа холдох тусам хоргодож, сэтгэлдээ сүсэлж явдаг юм байна. Миний бага нас Завхан, Хөвсгөл аймгийн заагт орших Сангийн далай хэмээх жижгэвтэр нуурын дэргэд өнгөрсөн. Тодруулбал, Булнайн нурууны ар шилд буюу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Их-Уул сумын хооронд оршдог давст нуур. Нуурын өргөн дунджаар 5.2 километр бөгөөд зүүн хэсгээрээ хамгийн ихдээ 13, баруун хэсгээрээ найман километр гэж үздэг. Монгол оронд Сангийн далай гэх нэртэй нуур хэд хэд бий. Гэхдээ миний “жаахан” нуур буй бүхнээрээ онцгой санагдах нь үр шимийг нь хүртэж “ургасан” хүний үрийн сэтгэл биз. Тийм ч болохоор нутгийн нуураа далай хэмээн дээдэлдэг юм. Сангийн далайд сайрхах зүйл олон бий. Нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нуураас бага боловч давсархаг. Мөн Увс нуурын өмнөд хэсгээс эхлээд Хан хөхийн урд бэлийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Ярцагийн голын хавцал, Ойгон нуурын хотгор, Тэсийн голын эх, Булнайн нурууг дамнан 500 орчим километр үргэлжилсэн 1905 оны их газар хөдлөлтийн улмаас үүссэн газрын хагарал нуурын өмнөд хэсэгт тодхон бий. Хагарсан газар зарим хэсэгтээ галт уулын тогоо шиг хотгор, зарим хэсэгтээ намхан толгод үүсгэн эдгэрсэн байдаг юм. Ийн үүссэн толгодыг нутгийнхан Хүйс толгой, Гавын толгой гэхчлэн тус бүрд нэрлэж заншжээ. Харин хотгор хэсгүүд нь зун цагт усаар дүүрч, цөөрөм үүсгэнэ. Энэхүү гавын толгодын цаахантаа Салхит, Дээд захын гэх мэт бие биедээ ижилдэн сүндэрлэсэн таван толгой бий. Нуурын эрэг элсэрхэг, зарим хэсгээрээ асга хадтай ч ойр орчмын газар нь ерөнхийдөө талархаг. Хаашаа ч харсан уулс цэнхэртэж, байц хавцал бараантан байдаг уулархаг нутгийн иргэд далайн захын мөлгөр, хүрэн толгодыг Талын таван толгой хэмээн нэрлэсэн нь оносон мэт.

Нуурын хамгийн нандин зураглал бол усны шувууд наадан цэнгэх агшин. Сангийн далайд ангир, галуу, цахлай гээд олон зүйлийн шувуу ирнэ. Мөн жил болгон сүрэг хун ирж, зусдаг юм. Анх хун шувуу харсан мөчөө огт мартдаггүй юм. Хөдөөгийн хүүхдүүд өөр өөрийн үүрэгт ажилтай, чөлөө зав багатай тул үргэлж нуурын зүг гүйгээд байх боломжгүй. Ялангуяа, зун цагт хонь саах, үнээний өглөө, оройн саам, хурдан морь уях, унах гээд ажил нөр их. Нуураас хол зуссан жил “Далайн зах явмаар байна” гэж хөгшин ижийгээ байнга л шалгаана. Өдөр бүр шахам сүү саалиа борлуулж, гэрийн ажлаа эрт хийчихээд далай явах зөвшөөрөл хүснэ. Учир нь, хүүхдүүдийг дураар нь далай руу явуулдаггүй байлаа. Онгирч, хөөрсөн багачууд хэт гүн хэсэг рүү нь орж эндэх вий гэж тэр байх. Тээр жилийн нэг өдөр хөгшин ээж болон айлын эгч нар бидний хэдэн хүүхдийг дагуулаад далай руу явлаа. Сэвсүүлийн амнаас далайн зах хүртэл гэхээр лав гурав, дөрвөн километр алхсан байх. Яагаад ч юм тэр өдөр мориор эсвэл машинаар явсангүй. Зам чамгүй хол тул замдаа амарч, хөгшин ээжийн гал дээр барьсан талх, шинэхэн өрмөөр цайлсан санагдаж байна. Хангайн зун гэмээнэ уран зураг шиг тансаг болохыг тэр үед анзаарч билээ. Хөгшин ижийнхээ гараас хөтлөөд алхаж явахдаа баруун тийш харвал, Хясааны голын эрэг дагуу буусан саахалт айлууд сувд мэт гялтганан үзэгдэнэ. Тэртээх уулс цэнхэртэж, оргил нь тэнгэрийн хаяатай нийлээд замхрах мэт нууцлаг. Тэгснээ энүүхэнд голын чимээ харгиатан сонстох нь өнө мөнхийн амар амгалан илэрхийлнэ. Энэ хөндийд жилийн жилд зуншлага сайн, газрын гарц арвин байдаг юм. Мөн нуурын ус хужир, шүү ихтэй учраас отор, нүүдэл элбэг. Тийм болохоор зун цагт энэ хавь өнөө, маргаашгүй даншиг наадам, овоо тахилга болох гэж байгаа мэт хөл хөдөлгөөн ихтэй байдаг сан.

Ойртох тусам сэрүү татаад, нуурын мандал тэнгэрийн өнгөтэй сүлэлдэн цэнхэртээд даанч сайхан. Тэр өдөр далай руу явна гэхэд учиргүй догдолж, гэгэлзсэнийхээ учрыг ирсэн хойноо л ойлгов. Дэгдээхийнүүдээ дагуулсан хос хун хараад учиргүй их баярлаж билээ. Хун ирдгийг нь мэддэг, өмнө нь өчнөөн олон нуурын дэргэд ирж байсан ч үр зулзагаа дагуулсан хос хунг ийм ойроос харж байгаагүй юм. Төсөөлснөөс хэд дахин том, нүд булаам үзэсгэлэнтэй тэр шувуу гоолиг хүзүүгээ цэх өргөж эрхэмсэг гэгч хөвж байв. Дөлгөөн цэнхэр нуурын мандалд аажуухан хөвсөөр, алсрахад нүд салгаж чадахгүй байснаа одоо ч тодхон санаж байна. Дараа таарахдаа таних юм сан гэж зүслэх гэж хичээж буй нь тэр. Магад цасан цагаан өнгөтэй, жигүүртний зүсийг тогтоохсон гэх бодол арав гаруй настай охинд л төрөх биз. Усны шувууд ирэх, буцах үеэр хөгшин аавынх нуураас нэлээд хол буусан байж таардаг болохоор ганганан гаргасаар өндрөө авч, Сангийн далай нуураа хэдэнтээ тойрчихоод, хошуураад нисэхийг нь алсаас хардаг байлаа. Шувууд ганганах чимээнээр гэрээсээ гүйн гарч, тэнгэр өөд хараа бэлчээнэ. Тэгээд хөгшин ижийтэйгээ хамт зэллэн нисэх шувуудын бараа тасартал гэрийнхээ гадаа зогсдогсон. Ийм хайлган зураглал хүнд юу эсийг бодогдуулах билээ. Онц сурах, алсыг зорих, өндөрт дүүлэх хүсэл цээжинд багтаж ядна. Харин хөгшин ижийнхээ юу бодож байгааг анзаарах ухаан тэр үед байсангүй. Одоо бодох нь ээ охиндоо хүн байхын, үнэн байхын ухааныг эгэл амьдрал, үйлдлээрээ сургадаг байж. Ямартаа л хун шувуу харуулах гэж, далайн зах очих хүслийг нь биелүүлэх гэж 60 гарсан хойноо зуны халуунд өчнөөн холоос алхах билээ. Ерөөс бэтгэртэл саналаа ч уулзаж чадахгүй алсад одоход эх нутаг, элгэн халуун дурсамж хоёр л үлддэг аж. Одоо би таныг, олон олон ухаарлыг нутгаасаа, тоглож өссөн нуурынхаа эргээс олох мэт санагдана.

Их усны дэргэд өссөн хүн уужим болдог гэлцдэг. Сэтгэл минь уудам гэвэл далайн захад өссөнийх. Хүсэл минь гэгээн гэвэл нуурын мандалд чуулах шувуудыг харж торнисных. Бодол минь уужим гэвэл буурлын сургаал сонсож, байгалийн сайхныг мэдэрч өссөнийх биз ээ. Үлээх салхи нь ээжийн үнэртэй нутагтай очихсон. Сэтгэлийн гүнд мэлтэлзсээр буй Сангийн далайдаа, уул ус, ургамал цэцэг жигдэрсэн сайхан Сэвсүүлдээ хүрэхсэн. Холын холоос зориод очих нутагтай байна гэдэг хэчнээн сайхан.

Энэ хөндийн чулуу бүхэнд шивнээд мартсан хүсэл минь бий

Эргээ халин мэлтэлзэх Сангийн далай мину

Өргөн дэнжийнх өвс бүрд буурлуудын минь хэлж амжаагүй захиас бий

Өнө мөнхийг бэлгэдэн харгиатах Хясааны гол мину

П.Даваажаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сайнжаргал (172.69.252.157)
    Яг бодол нэг байнаа сайхан бичжээ .
    2024 оны 01 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 10 цаг 12 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 10 цаг 17 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 10 цаг 23 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 25 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 10 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 10 цаг 29 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 12 цаг 47 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 12 цаг 48 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 12 цаг 49 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 12 цаг 52 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 12 цаг 53 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 12 цаг 55 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 14 цаг 37 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 15 цаг 27 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 15 цаг 30 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 15 цаг 31 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 15 цаг 32 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 15 цаг 36 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 15 цаг 37 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 15 цаг 38 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top