x

О.Чингүүн: Ардчилал бол үзэл баримтлал биш

Улс төрийн үзэл баримтлал гэж юу вэ? Яагаад хүмүүс, улс төрийн намууд үзэл баримтлалтай байдаг вэ? Энэ талаар манай редакцийн зүгээс цуврал ярилцлага, нийтлэлүүдийг хүргэж эхлээд байна.

Энэ удаад улс төр судлаач О.Чингүүнтэй ярилцлаа.

-Та бол улс төрийн сэтгэл судлал, улс төрийн философиор мэргэшсэн хүн. Шуудхан асуухад, таны хийдэг ажил юу вэ?

-Товчхон хэлбэл, дэлхийд ноёрхож буй 3-5 улс төрийн үзэл баримтлал байдаг. Эдгээрийг харьцуулан судалгаа хийдэг. МАН-ын хувьд социал демократ үзэл баримтлалтай нам учраас намын гишүүдэд социал демократ үзэл баримтлалыг сургалтаар таниулах ажил хийж, судалгааны үр дүнгүүдийг танилцуулдаг. Мөн монголчууд социал демократ үзлийг хэр хүлээж авч байна вэ гэдгийг судалж, улс төрийн намд танилцуулдаг.

-Тэгвэл таны судалгаанаас үзэхэд улс төрийн үзэл баримтлалын талаар манайхны ойлголт, хандлага ямархуу байна вэ?

-Монгол хүмүүсийн улс төрийн боловсрол улс төрийн үзэл баримтлал онолын сайн суурьтай биш. Илүү практик суурьтай байдаг. Бодит амьдрал дээр яг одоо ямар үзэл баримтлал ашигтай вэ гэдгээр авч үздэг. Улс төрийн үзэл баримтлал өөрөө хөгжлийн концепт бөгөөд ба доод тал нь 50-60 жилийн холч төлөвлөгөө байдаг. Харин манай иргэдийн хувьд “бидний өнөө маргаашийн асуудлыг яг одоо шийдэх үү?” гэдгийг харгалздаг. Жишээлбэл: Ажилгүйдэл, үнийн өсөлт, нүүрсний хулгай, койний асуудал гэх мэт. Үүнийг улс төрийн нам шийдвэрлэж чадах уу гэдэг хүлээлт иргэдэд үргэлж байдаг. Гэтэл манай улс төрийн намууд, түүний дотор МАН эдийн засгийн, геополитикийн чанартай асуудалд хүчгүй. Олон улсын тавцанд Монголын улс төрийн тоглолт ямар вэ? гэдгээс бүх зүйл хамаарч байгаа. Монгол бол сул тоглогч.

-Тэгэхээр өнөөдөр нийгэмд үүсээд байгаа асуудлыг иргэд Монголын төр биш, зөвхөн “улс төрийн намууд хэрхэн шийдвэрлэх вэ” гэж хардаг гэсэн үг үү? Магадгүй МАН парламентын олонх учраас уу?

-Аль аль талаас нь хардаг. Засгийн газраа ч хардаг, МАН-ыг ч хардаг. Эрх барьж байгаа нам болон Засгийн газрын үүрэг функцийг иргэд ялгахгүй байгаа. Таны хэлсэнчлэн МАН парламентад үнэмлэхүй олонх учраас МАН-ын бодлого шийдвэрээс бүх юм хамаарч байгаа. Энэ нь ч үнэн. Гэхдээ улс төрийн нам маш хурдтай ажилладаг, бүх юм нь тодорхой. Харин төрийн институцүүдийн хувьд хатуу зохион байгуулалттай, үүнийгээ дагаад удаан ажилладаг. Бюрократ тогтолцоотой гэсэн үг л дээ. Энд МАН-ын бодсон зүйлийг тэнд Засгийн газар хэр хурдан шийдвэрлэх чадамжтай вэ гэдэг нь асуудал болдог. Улс төрийн үзэл баримтлалын мөн чанар бол асуудлыг хурдан шийдэх биш, сууриар нь шийдэхэд байдаг. Улс төрийн нам ч ингэж амлаж гарч ирдэг.

-Геополитикийн хувьд Монгол улс ч тэр, парламентын олонхи болох МАН ч адилхан сул тоглогч гэлээ. Яагаад гэж харж байна вэ?

-Эхний шалтгаан манай улсын газарзүйн байршил. Геополитикийн хамгийн том онолуудын нэг болох Heartland онолоор төв Азиас, зүүн Европ хүртэл хэн ноёрхоно, тэр улс орон дэлхийн улс төрийг тодорхойлно гэж үздэг. Энэ онолоор бол түүхий эд олборлолт, түүхий эдийн дахин боловсруулалт хийж, аж үйлдвэржилтээр нэмүү өртөг шингээн гадаад улсад гаргаж байгаа эдийн засгийн маш том хоёр тоглогч орон хоёулаа Монголын хөрш.Энэ хоёр том эзэнт гүрний ашиг сонирхол ямар байх вэ гэдгээс дэлхийн геополитик шууд хамаарч байгаа. АНУ том тоглогч боловч Хятад ОХУ-ын шийдвэрийг байнга харгалздаг. Орос улсын бодит эрх мэдэл илүү хүчтэй. Тиймээс МАН-ын хувьд одоо хэр нь “аль хөрштэйгөө илүү харилцаатай байх вэ, аль талыг баримтлах вэ” гэдэг нь тодорхойгүй. Яагаад тодорхой биш байдгийн шалтгаан нь МАН-д бодлогын нэгдэл, залгамж халаа байдаггүй. Засаг солигдох бүрт өөрчлөгддөг. Тийм учраас би МАН-ыг “сул” гэж үздэг. Улс төрийн нам хүчирхэг байж, геополитикийн нөлөөтэй байя гэвэл ерөөсөө нэг л бодлого баримтлах ёстой. Байнгын урваж шарвасан бодлоготой байж болохгүй. Бид Хятадын талыг баримтална, Оросын талыг баримтална, эсвэл “хоёр хөршийнхөө аль алины ашиг сонирхлыг харна” гэдэг ч юм уу, статус тодорхой байх ёстой. Засгийн газрын хувьд мэргэжлийн бус, парламент нь бас мэргэжлийн бус, үүнийгээ дагаад ЭСЯ-дүүдад чадваргүй мэргэжилтнүүд томилогддог. Тодорхой хэлбэл, Хятад дахь, Орос даxь Элчин сайдууд ажлаа хийж чадахгүй байна гэсэн шууд шүүмжлэл юм.

-Сонирхож асуухад Та өөрөө улс төрийн ямар үзэл баримтлалтай хүн бэ?

-Судлаач хүний хувьд аливаа нэг улс төрийн үзэлд дулдуйдаж болохгүй. Гэхдээ өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Байгаль хүнийг тэгш бус бүтээсэн. Байгаль шударга бус байлаа гээд нийгэм шударга бус байж болохгүй. Миний хувьд Social awareness, social fairness буюу “нийгэмд маш олон хүн амьдарч байгаа учраас хүн бүрт тэгш боломжийг олгож, хэнийг ч ардаа орхиж үлдээхгүй хөгжих ёстой” гэсэн итгэл үнэмшилтэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгддэг. Энэ нь халамжлах гэхээсээ илүү бүгдэд тэгш боломж олгодог төр, нийгмийг бүтээх тухай юм.

-Социал демократ үзэл бол нийгмийн баялгийг шударга хуваарилах тухай үзэл гэж би ойлгодог. Гэтэл хүүхдийн мөнгийг хүн амын 9 хувьд өгөхгүй байх шийдвэрийг МАН гаргасан. Судлаачийн хувьд үүнийг юу гэж дүгнэх вэ?

лс төр орчихлоо л гэж харсан. МАН дүрэмдээ “социал демократ үзэл баримтлалтай нам байна” гэдгээ 30-р их хурлаараа зарласан. Энэ үзэл баримтлалтай холбоотой ном, хэвлэлүүд гаргаж байгаа. Гэтэл үнэхээр энэ үзэл баримтлалаа хэрэгжүүлж байна уу гээд харвал үнэр ч байхгүй. Үзэл баримтлалаа огт ойлгоогүй, мэдээгүй мэт. Үнэхээр мэдээгүй юм уу гэхээр мэдээд ч байгаа юм шиг. Тэгэхээр улстөрчдийн хувийн ашиг сонирхол ороод байна уу даа, дараагийн сонгуульдаа бэлдээд байна уу? л гэж хардаг. Үнэхээр үзэл баримтлалаа мэдэхгүй яваа бол нөгөө “мэргэжлийн бус байна аа” гэдэгтээ л тулж ирнэ шүү дээ.

Улс төрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ гэдэг маш их ур чадвартай, мэргэжлийн байхыг шаарддаг. Социал демократ үзэл баримтлал бол Германд хэдэн зуун жил туршигдаад, Европ даяар хэрэгжээд ирсэн үзэл баримтлал. Хэрэгжүүлж байсан хүмүүс нь тухайн цаг үеийнхээ шилдэг стратегичид байсан. Монголд тийм мундаг стратегичид алга. Тиймээс МАН-аас гарч байгаа шийдвэрүүд нийгэмдээ зохистой биш, тохирохгүй байна гэж хардаг.

-Та хувьдаа соцдек үзлийг дэмждэг боловч МАН үзэл баримтлалаа дагахгүй байна гэж хэлж байна, тийм үү?

-Тийм

-Тэгвэл залуучуудын улс төрийн үзэл баримтлалын талаарх ойлголт хэр байна вэ?

-Залуучууд мэдэхийг маш их хүсэж байгаа нь ажиглагддаг. Улс төрийн гүнзгий мэдлэгтэй, арвин туршлагатай болохыг эрмэлзэж байгаа. Улс төржиж байна гэсэн үг шүү дээ. Энэ бол зөв үзэгдэл. Нийгмийн аливаа шинэчлэл, тэмцэл залуучуудаас эхэлдэг зүй тогтолтой. Гэвч үүнийг дагаад ойлголтын зөрүүтэй байдал үүсээд байна. Жишээ нь манайхан зүүн, барууны үзэл гээд ярьдаг. Ардчилал гэдгийг барууны үзэл гэж ойлгодог. Гэтэл ардчилал гэдэг үзэл баримтлал биш шүү дээ. Ардчилал бол социал демократ үзэлтэй хавсарч явдаг зүйл. Ардчилал гэдэг бол үзэл санаа. Бие даасан идеологийн түвшинд яригдаж чаддаггүй.

Эрч чөлөө, шударга ёс гэх мэт үнэт зүйлийг зөвхөн ардчилалтай холбож хараад байдаг. Тэгтэл энэ үнэт зүйлүүд чинь өмнөх социалист нийгэмд хүртэл яригдаж байсан. Социалист нийгэмд залуучууд дургүй гэдэг. “Яагаад” гэхээр” Тэр бол дарангуйллын нийгэм” гэдэг. Социализм бол дарангуйлал биш. Харин Монголд хэрэгжихдээ төрийн данагар тогтолцоотой холилдоод, өөрөөр нэвтрээд ороод ирсэн. Тухайн үед монголчууд социалист нийгмийг ойлгоогүй байсан. Дөнгөж хаант засгаа унагаад ардын засагтай болсон хүмүүс шууд социализм байгуулаад явах боломж ч байхгүй.

Социализм маш нарийн тогтолцоо. Судлаачид Норвег, Скандиновын орнуудыг социалист гэж үздэг. Нөгөө Марксын яриад байсан утопи нийгэм тэнд байна. Шоронд нь хоригдол байхгүй, нийгмийг нь харахаар тэр чигтээ халамжийн тогтолцоотой. Ядуу хүн байхгүй, бүх хүн эрх чөлөөтэй, нөгөө яриад байгаа ардчилсан, үг хэлэх эрх чөлөө бүгд нээлттэй. Гэхдээ яадаг вэ гэхээр маш өндөр татвартай, иргэний ёс суртахуун өндөр хөгжсөн байдаг. Энэ бол социалист нийгэм. Социализм жинхэнэ ардчилал ярьдаг. Парламентын тогтолцоо, хүний эрх, шударга ёс зэргийг ярьдаг тогтолцоо.Тэгэхээр ийм ойлголтын зөрүүнээс залуучууд маань гармаар байна. Унших хэрэгтэй, улстөрчдийн хэлж ярьж байгаад шүүлттэй хандаж сурах хэрэгтэй.

-Тэгэхээр монголчууд улс төрийн үзэл баримтлалын тал дээр “харанхуйд тэмтчиж” яваа болж таарлаа. Дээгүүрээ ч тэр, доогуураа л тэр. Боловсролын системээсээ болоод ингэж хоцрогдоод байна уу? Эсвэл албаар ойлголтыг өгөхгүй, өгсөн ч хязгаартай өгөөд байна уу?

-Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд улстөрчдийн, хэн нэг олигархийн халаасанд байдаг гэж хэлж болно. Боловсролын тогтолцоо ч ялгаагүй. Кембрижийн хөтөлбөр гэх мэт. Төр иргэдийн төлөө биш, улстөрчдийн эрх ашгийн төлөө ажиллаад ирэхээр иргэдийн эрх ашиг зөрчигдөөд ирдэг. Залуучууд ойлголтын зөрүүтэй байгаа нь залуучуудын буруу ерөөсөө биш. Энэ бол тогтолцооны буруу, тогтолцооны гажуудал. Сая дурдагдсан Европын орнууд, Америк зэрэг улсууд боловсролын тогтолцоо нь нэг бодлогоор хэрэгждэг. 100 жилийн өмнөх бодлого ямар байсан, тэр хэвээрээ. Тэр бол бүх нийтийн боловсрол. Бүх нийтийн боловсролоороо нийтийн сайн сайхан, иргэний ёс суртахуун, бусдадаа саад болохгүй амьдрах гэх мэтийг ухамсарласан иргэн болгож төлөвшүүлдэг. Энэ бодлогын нэгдсэн байдал манайд байхгүй. Сурах бичиг хүртэл хэдэн янз байна вэ. Тэгэхээр Монгол Улсын иргэнийг яаж төлөвшүүлэх юм бэ.

-Тогтолцоо ярьсан дээр эрүүл мэндийн тогтолцооны талаарх бодлыг асууя?

-Мөн ялгаагүй аймшигтай байгаа. Бизнес, олигархуудын ашиг сонирхол нэвчсэн. Тэр нь ил байдаг. Эрүүл мэндийн тогтолцоо бол ашгийн бус байх ёстой салбар. Хөгжсөн орнуудын эрүүл мэндийн тогтолцоо нийгмийн даатгалын сантай уялдаж ажилладаг. Хэр өндөр татвар төлнө, тэр чинээгээр өндөр даатгалтай байна.

-Төр данхгар байна, иргэний төлөө биш байна гэж шүүмжилдэг. Гэтэл төр маань татвар нэмээд л байгаа?

-Энд нэг дилемма үүсээд байгаа. Нэг талдаа бүгдэд тэгш боломж олгох нийгмийн халамжийн тогтолцоо руу явна гэвэл прогрессив буюу их орлогоос их, бага орлогоос бага татвар авна гэдэг зам руу явахаас өөр аргагүй. Гэхдээ одоогийн ийм мэргэжлийн биш, улс төржсөн, авлигажсан, нүдэн дээр бидний татварын мөнгөнөөс хумсалж тойргоо усалдаг тогтолцоонд татвар нэмээд бүр л аймшигтай болох байх. Татвар нэмэх нь онолын хувьд зөв ч харамсалтай нь Монголд зөв хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй. Ер нь ч чадахгүй байх гэж харж байна.

-Соцдек үзэл нь онолын хувьд хувийн өмчийн эрхийг яаж хардаг вэ? Их өмчтэй, их ашигтай бол их татвар төлнө гэсэн үг үү?

-Энгийнээр төсөөлье. Нэгэн газар нутагт олон зуун жил малчид, тариаланчид амьдарч иржээ. Энэ газар нутагтаа малаа бэлчээгээд, модныхоо сүүдэрт амраад, жимсээ идээд хоорондоо зохицоод, тайван амьдраад, аж ахуй нь хэдэн зуун жил яваад ирсэн. Гэтэл гэнэт хэн нэгэн ирээд хашаа татаад “энэ бол миний хувийн өмч, та нар энд нэвтрэх эрхгүй” гэнэ. Ард иргэд яагаад таны хувийн өмч болчихов оо? Бид өвөг дээдсээсээ эхлээд хэдэн зуун жил энд аж төрж ирсэн гэнэ. Харин өнөөх хүн “Би үнийг мөнгөөрөө худалдаж авсан, мөнгөөрөө худалдаж авсан учраас зөвхөн би л энд амьдарна, уул уурхайгаа эрхэлнэ, газар доорх баялаг ч миний өмч” гэнэ.

Эндээс гол асуудал үүснэ. Хуулиараа хувийн өмчтэй байх эрх нь байгаа, харин олон зуун жил амьдарч ирсэн хүмүүсийн эрх ашиг яах вэ? Энэ шударга уу? гэдэг асуудал гарч ирдэг. Социал демократууд үүнийг шударга бус гэж үзээд малчид, тариачдын талд ордог. Энэ хүмүүсийн эрх ашгийг харгалзах ёстой, энэ хүмүүстэй зөвшилцөх ёстой, урьдчилж мэдэгдэх ёстой гэдэг байр суурийг баримталдаг. Тэгэхээр учиргүй хувийн өмчийг үзэн ядаад байгаа юм биш. Хувийн өмч байх ёстой, гэхдээ тэр нь бусад хүний ашиг сонирхол, олон нийтийн ашиг сонирхлыг хөндөж болохгүй гэж үздэг.

Татвар дээр яг адилхан зарчим үйлчилдэг. Та маш их баялагтай байна гэдэг нь илүү их эх сурвалжийг, байгалийн нөөцийг ашиглаж байна гэсэн үг. Уул уурхай, тог цахилгаан, бүр цаашлаад таны алхаж байгаа тэр гудамж хүртэл танаас өмнө бүтээгдсэн, байсан зүйл. Тиймээс ашиглагдаж байгаа нөөц баялгийг бүгдийг хэрэглэж дуусах уу, үлдээх хэрэгтэй юу? Үлдээх хэрэгтэй. Байгаа нөөцийг байгаагаар нь эсвэл баяжуулж үлдээхийн тулд тэр хүнээс татвар авдаг.

-Тэгвэл монгол хүний эрх чөлөө чөлөөний тухайд?

-Монголд дундаж давхарга байхгүй. Дансандаа 90-200 сая төгрөгтэй, гэнэтийн зүйл гарлаа гэхэд ашиглах боломжтой байхыг дундаж давхарга гэж үзнэ. Гэтэл Монголд дансандаа 90-200 сая төгрөгтэй бол баян хүн гэж харна. Тэгэхээр дундаж давхарга манайд огт байхгүй. Баян, ядуу гэсэн 2 туйл л бий. Энэ нөхцөлд эрх чөлөө ярих боломж бий юу? Би “БлуСкай”-ийн 25 давхарт хоол идмээр байна. Гэтэл надад хоол идэх эрх чөлөө бий боловч мөнгө байхгүй гэдэгтэй ижил.

-Та жишээ нь МАН-ын Тинк Танк-д ажиллаж байна. Та өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийтлэх эрхтэй юу?

-МАН дотоодоосоо шүүмжлэл авч чадахгүй бол улс төрийн нам байгаад хэрэггүй. Энэ бол энгийн л шүүмжлэл. Хүн болгон МАН муу ажиллаж байгааг мэдэж л байгаа. Судлаачийн шүүмжлэлийг нам авах л ёстой. Авч чадахгүй бол нам төлөвшөөгүй байна л гэсэн үг.

-Залуучуудад өөрийгөө таних, улс төрийн боловсрол олох, үзэл баримтлалаа сонгоход нь дэмжлэг үзүүлэх гурван кино, гурван ном санал болгооч ээ гэвэл та...?

-Киноны хувьд,

1. Bong Joon Ho - Parasite /Яг одоогийн капиталст нийгэм ямар асуудалтай тулгарч буйг харуулсан кино/

2. David Fincher - Fight Club (1999)

3. Өөр олон кино байна. Гэхдээ “Гарын таван хуруу” киног санал болгоё. Гэр бүл бол нийгмийн хамгийн анхны инститүц. Ч.Лодойдамба гуайн энэ зохиол маш олон асуултт үлдээдэг. Шагдарын зөв байсан уу, буруу байсан уу? гэдгийг хүн бүхэн өөрийнхөөрөө хариулаасай гэж боддог. Социалист нийгэм ямар байсан, гэр бүлийн харилцаа ямар байсан, Шагдар яагаад гэр бүлээ орхив? Өөрт чинь үүсч буй дилемма, сэтгэл зүйн эффектүүд сонголтоо хийхэд чинь тус болно.

Номын хувьд,

1. Simone de Beauvoir - Second Sex /Дайвар Хүйстэн нэрээр Монгол хэлнээ орчуулагдсан/

2. Soren Kierkegaard - The Present Age /300 жилийн өмнө хэвлэгдсэн ч яг өнөөгийн нийгмийг шүүмжилсэн байдаг/

3. Достоевский Карамазовын хөвгүүд

-Ярилцсанд баярлалаа. Таны судалгаанууд болон сургалтын ажилд амжилт хүсье.

О.ҮЛЭМЖ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 19 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 23 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 18 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 1 цаг 36 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 4 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 14 цаг 34 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 14 цаг 39 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 16 цаг 22 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 16 цаг 36 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 17 цаг 41 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 18 цаг 28 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 18 цаг 46 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 20 цаг 51 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 22 цаг 35 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 23 цаг 2 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл Өчигдөр 09 цаг 44 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ Өчигдөр 09 цаг 32 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Эрх чөлөөний үнэ цэнэ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top