x

Сонсгол шиг үр дүнгүй болгохгүйн тулд “Зөвлөлдөх санал асуулга”-д боловсрол, мэдлэгтэй хүмүүсээ бэлтгэе

Энэ сарын 21-нд Төрийн ордонд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсгол нэртэй боловч хэн нь ч хэнийгээ сонсож чадаагүйг бүгд харсан. Эрх бүхий албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөгчид суугаад харилцан нэгнээ сонсож, шийдэлд хүрнэ гэсэн горьдлого тээж цаг товлосон ч хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан, уйлаан майлаан, хэрүүл тэмцэл, зодоон нүдээн, үл ойлголцлоор тарцгаасан.

Сонсголыг хийлгэхгүй байх зорилготой гэмээр хэсэг бүлэг хүмүүс хаанаас ч юм шургалж орж ирээд шуугиулж, бужигнуулж, талцуулаад авна билээ. Сонсголд оролцоно гэсэн иргэд “Би нэрээ өгсөн, өгөөгүй” хэмээн эмх замбараагүй дайрцгааж, сонсголд суусан албан тушаалтнууд ч иргэдийг нэг их ойшоосон янзгүй байцгаасан болохоор энэ сонсголоос нарийн нандин ямар ч мэдээ мэдээлэл, шийдэл, гарц гараагүй юм. Оролцогчид “Хулгайтайгаа тэмц, хулгайч нараа зарла” гэдэг уриа лоозонгоо мөн л хашгирсан мөртлөө “Ийм тийм хуулийн зохицуулалт байна, ийм хууль санаачилж, тэгж ингэж тусгая. Ингэснээр төрд нүүрлэсэн хулгайч нартай тэмцэж, дахиж хулгай хийх боломжгүй болгоно” гэдэг ч юм уу, ийм ийм арга зам байна, зарим орон ийм зохицуулалт хийж төрд үүрлэсэн хулгайч нараасаа салжээ гэдэг хувилбар ганцыг ч яриагүй.

Сүхбаатарын талбай, Төрийн ордны хашааны гадна жагсаж тэмцэх, Төрийн ордонд орж ирээд эрх бүхий хүмүүсийн өөдөөс харж суугаад сонсгол хийх хоёр бол тэс өөр зүйл гэдгийг бүгдээрээ харлаа. Сонсголд суугаа эрх мэдэлтнүүдийг “Хулгайч нар аа” гэж дуудахаас илүүтэй тоо баримттай, гаргалгаатай, мэдлэг мэдээлэлтэй, ярьснаа хамгаалах хэмжээний бэлтгэлтэй байж гэмээнэ үр дүнд хүрэх байсан. Гэтэл бодит нөхцөл байдал маш хүнд, гаднаас нь харж байгаа иргэд байтугай дотор нь байгаа хүмүүс өөрсдөө юу яриад байгаагаа мэдэхээ байсан ойлгомжгүй байдалд сонсгол өндөрлөсөн шүү дээ.

Одоо ард түмэнд магадгүй сүүлийн боломж гэж хэлж болохоор нэг зам үлдсэн нь “Зөвлөлдөх санал асуулга”. Хэдхэн хоногийн өмнө УИХ “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд заасан, Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд олон талт мэдээллээр тэгш хангах, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу уг санал асуулгыг явуулах тухай тогтоолын төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид дурдаж байсан. Тогтоолын төсөлд “Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах”-аар тусгасан юм байна. Энэ санал асуулгаа харин самуунгүй хийвэл бид ямар нэгэн шийдэлд хүрэх боломжтой. Саяны сонсгол шиг бүгд дайрч ороод таарсан болгон руугаа үсчээд, хаанаас хэн оруулсан нь мэдэгдэхгүй хурал бусниулагчдыг нэвтрүүлчихвэл санал асуулга үр дүнгүй болж ард түмэн жинхнээсээ амаараа шороо үмхэж, эрх баригчдад дураараа дургих эрхийг дахин бэлэглэчихнэ гэсэн үг.

Ард түмэн биднийгээ төлөөлж байгаа гэх залуус маань залуу насны аагаар цөс нь хөөрч, эх орноо гэсэн халуун сэтгэлээр жавар тачигнасан хүйтнийг эс тоон хүч түрэн, улс төрийн шахалт үзүүлж чадаж байгаа нь бахархмаар ч эгзэгтэй мөчид ширээний ард, индэр, сонсгол, хэлэлцүүлэг дээр мэдлэгтэй, системтэйгээр мэтгэх, өөрсдийн байр сууриа онолтойгоор гаргаж ирж хамгаалж, эсрэг талдаа шаардлагаа зөв зохистойгоор тавих чадвартай хүмүүст жолоогоо шилжүүлж баймаар юм байна лээ.

Жагсаалын үеэр төрийн төлөөлөл болон жагсагчид МҮОНТВ-д хэлэлцүүлэгт ороход жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаяр лайваараа энэ тухай хэлж байсан л даа. “Яг одоо эдийн засагч, эрдэм номтой, их сургуулийн багш, гадаад дотоодод сургууль соёл төгссөн боловсролтой хүмүүс байвал надтай холбогдоод энд хүрч ирээд улстөрчдийн эсрэг ард түмнээ төлөөлж, нүүрсний хулгайг нь ичтэл илчлээд, тоо баримттай улалзуулаад өгөөч. Би, бид ярих гэхээр юу ярихаа мэдэхгүй байна, туслаач” гэж гуйж, уриалж үнэнээ хэлж байсан.

Залуусаа шүүмжилж, болчимгүй хөдөллөө, түүхий байна даа гэж сахлаа имэрч суухын оронд эрдэм мэдлэг, улалзуулаад боловсролтой, төлөвшсөн хэсэг маань өөрсдийн хувь нэмрээ улс эх орон, ард түмнийхээ төлөө зориулах боломж “Зөвлөлдөх санал асуулга”-аар гарч ирж байна. Тиймээс санал асуулгадаа бид мэргэжлийн улсуудаар өөрсдийгөө төлөөлүүлж, юу юу хэлэлцэх вэ, юуг анхаарах вэ гэдэг дээр ярилцаж тохирч оруулах хэрэгтэй болоод байна. Тэмцэгчид нь сэтгэлийн хөөрлөөрөө, халуун зүрхээрээ саад бэрхшээлийн хөр цасыг ярж өгсөн бол одоо тэдний гаргасан цасан дундах замаар мэргэжлийн хүмүүс нь орж ард түмнээ төлөөлөх ёстой болчихлоо. Мэргэжлийн хүмүүс мэддэг юмаа ярихаараа сэтгэлийн хөөрлөө дарж, мэдлэгтэйгээр мэтгэлцэх нь ойлгомжтой.

Манай сонин удаа дараа монголчууддаа хандаж “Аливаад хэрсүү хандъя, хэрсүү байх цаг нь боллоо” гэж бичиж байгаа. Энэ удаад ч үүнийг дахин сануулъя. Бүгд сэтгэл хөөрлөө дарж, углуургатайгаар нэгдэж үг, үзэл бодлоо зангидаж хэрсүү байж чадвал улстөрчид, эрх баригчидтай нүүр тулан уулзаж, хэлэлцүүлэг нь байна уу, сонсгол нь байна уу, санал асуулга нь байна уу юун дээр ч мэтгэж, маргахад тийм амархан далаараа тавиулчихгүй дээ.

Ер нь юм мэддэг, боловсролтой, хал үзэж хашир суусан хүн л сэтгэлийн хөөрлөө дарж чаддаг нь үнэн. Тийм болохоор дараагийн удаа ийм хүмүүс л бидэнд хэрэгтэй болох нь. Тэмцэгч жагсагчид маань шахалтаа үзүүлж Төрийн ордны гадна эрхээ эдлээд үгээ хэлж байг, мэргэжлийн хүмүүс маань Монгол Улсын нийт ард түмнээ төлөөлж Төрийн ордон дотор мэтгэг. Ингэж мэтгэж, ард түмнээ баримттайгаар хамгаалж, хулгайтай тэмцэх зөв шийдлийг гаргаж ирж чадах тэр хүмүүсээ одооноос цуглуулж, нэгтгэж хэлэлцэх асуудал, шаардлага дээрээ эртнээс тогтож бэлтгэж байх нь зөв.

Их, дээд сургуулийн багш нар, ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, ажиглагчид, шинжээчид гээд манай нийгэмд гадаад дотоодод боловсорсон оюунлаг, мэдлэгтэй хүмүүс олон. Эдгээр хүмүүс энэ удаад нэгдэж, залуусынхаа хүчээр, шахалтаар хийлгэхээр болж буй “Зөвлөлдөх санал асуулга”-д дэмжигч биш оролцогч, тэмцэгчийн хувиар ард түмнээ төлөөлж, хамгаалж, эх орныхоо хувь заяаг нэг удаа түшилцээд мэргэн үгсээ хэлэхийг хүсч байна.

Энэ бол та бидэнд хуулиар олгогдсон эрх билээ. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно” гэж заасан байдаг. Ард түмнийхээ энэ эрхийг хангуулахын тулд мэргэдээрээ бид өөрсдийгөө төлөөлүүлж төрд нэвчсэн хулгайгаасаа салах цаг нь болжээ гэж харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 6 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 6 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 16 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 17 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 18 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 20 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 24 мин Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл 1 цаг 17 мин Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурдасгуур гэсэн үг 1 цаг 24 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 1 цаг 51 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 1 цаг 52 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 2 цаг 6 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 2 цаг 9 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 2 цаг 13 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 2 цаг 13 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 2 цаг 14 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 16 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 4 цаг 29 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 4 цаг 29 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top