x

Хятадын удирдагчдын оршуулах ёслол ба ХХ зууны Хятадын түүх

ХЯТАДЫН УДИРДАГЧДЫН ОРШУУЛАХ ЁСЛОЛ БА ХХ ЗУУНЫ ХЯТАДЫН ТҮҮХ

Удирдагчдын үхэл улс төрийн түүхийн чухал цэг болсон жишээ дэлхийн түүхэнд олон. Эрх мэдэл атгагч, ямар нэгэн оюун санаа, үзэл баримтлалын манлайлагч таалал төгсөх нь дараа үеийнх нь эхлэл болдог.

Өнөөдөр Хятадын удирдагч асан Жян Зэминь-тэй салах ёс гүйцэтгэх ёслол Ардын Их Хурлын ордонд болж өнгөрлөө. ХХ зууны Хятадын удирдагчдын оршуулгын түүхээр ХХ зууны Хятадын улс төрийн түүхийн эргэлтийн цэгүүдийг тодруулах боломжтой юм. 

Хаадын оршуулга ба хувьсгалчдын оршуулга

1908 оны 11-р сарын 14-нд Хятадын хаант төрийн сүүлчийн насанд хүрсэн “тэнгэрийн хөвгүүн” Бадаргуулт Төр одоо Хятадын Коммунист Намын Төв Хороо байрладаг Жуннаньхай-д “тэнгэрт хальжээ.” 22 цагийн дараа бүх эрх мэдлийг атгадаг Цыши хатан нас нөгчив. Цыши үхэхээсээ өмнө амжиж “тэнгэрийн хөвгүүн”-ийг хүнцлээр хордуулж алаад өөртэйгээ хамт нөгөө ертөнцөд авч одсоны гол учир нь үхсэнийх нь дараа бодлогыг нь өөрчлөхөөс болгоомжилсон хэрэг байжээ. 

Цыши бэлэвсэн хатны хувиар 1861-1908 он хүртэл 47 жил Манж Чин гүрнийг захирчээ.

Хятадууд Күнзийн сургаалийн түлхүүр ойлголт болох “ёслол”, “ачлал” хоёрыг дэлхийн бусад “зэрлэг бүдүүлэг” улс үндэстнээс ялгаруулах соёл иргэншил гэж үздэг байв. Тиймээс хаадын оршуулга нь асар нарийн төлөвлөсөн “ёслол” болон хааны араас гашуудах “ачлал” хоёрт төвлөрнө. Хааныг хойд насанд нь үйлчлэг гэж татвар эмс, зарц шивэгчдийг нь хамт оршуулна.

Бадаргуулт Төр хааны оршуулгын цуваа. 1908 он

Бадаргуулт Төр, Цыши хоёрыг оршуулах ёслол нь Хятадын хаад, хатдын сүүлчийн оршуулгын ёслол болжээ. Журам ёсоор, хаан, эх хатны шарилыг 27 өдөр Хориотой хотод хадгалж, хааны гэр бүлийн гишүүд, ноёд түшмэд бэлэвсрэлийн цагаан хувцас өмсөнө. “Тэнгэрийн хөвгүүн”-ийг оршуулах өдөр Тэнгэрт тахилга үйлдэж, авсыг нь Бээжин хотын төвд байрлах Хориотой хотоос баруун захад орших бунхан хүртэл зөөх 128 хүн, тэрэг 1400, ёслолын 1600 цэрэг ёслол төгөлдөр явна. 

Цыши эзэн хааныг төдийгүй 300 жилийн түүхтэй эзэнт гүрнээ, 2000 жилийн түүхтэй хаант засаглалыг өөртэйгээ хамт авсалжээ. Цыши үхэхээсээ хэдхэн цагийн өмнө 2 настай Пү И-г “эзэн хаан” болгосон бөгөөд гуравхан жилийн дараа Чин гүрэн мөхөж, Хятадад хаан засаглал халагджээ.

Сүүлчийн эзэн хаан Пү И Японы тоглоомын Манжго улсын хаанаар ажиллаж байгаад Зөвлөлтийн цэрэгт олзлогдож, дайны гэмт хэрэгтний шоронд хоригдож, өршөөлөөр суллагджээ. 1967 онд Хятадын сүүлчийн “тэнгэрийн хөвгүүн” тэрээр нас нөгчихөд коммунист хувьсгалчдыг оршуулдаг “Найман эрдэнийн уул” буюу Бабаошань оршуулгын газарт оршуулсан аж.

1949 оноос хойш коммунист удирдагчдыг Хятадын Коммунист Намын алх хадуур бүхий алтан үсэгт улаан далбаагаар ороож, Бабаошань оршуулгын газарт чандарлаж, гашуудлын цуглаан хийдэг уламжлал тогтжээ.

Харин хаан мөртлөө хувьсгалчийн жишгээр оршуулагдсан эхний бөгөөд эцсийн хүн нь Пү И байв.

Хятадын удирдагчийг хуурамч нэрээр чандарласан нь

Мао Зэдун-тай нэг нутаг Хунань мужийн уугуул, 1921 онд хамт Хятадын Коммунист Намд гишүүн болсон Лю Шаочи нь 1959-1968 онд Хятадын Төрийн тэргүүн байсан бөгөөд олон жилийн турш намд ч, төрд ч Мао-гийн дараа эрэмбэлэгддэг хоёрдахь хүн байв. 

Тэрээр 1950-иад оноос Мао-тай үргэлж тэрсэлддэг сөрөг хүчнийг далдаас чиглүүлэгч болж, Маогийн бодлого бүтэлгүйтэж, эдийн засгийн сүйрэл, өлсгөлөн нэмэгдэх хэрээр тэр нь улам олон дэмжигчдээр хүрээгээ тэлсээр байв. 1962 оны нэгдүгээр сарын11-нээс хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилж, долоон мянга гаруй намын удирдах ажилтан оролцсон хурал дээр Мао-г олон сая хүн үхсэн өлсгөлөнд буруутгаж, золтой л огцруулчих дөхсөн билээ.

1966 он хүртэл Мао Хятадын нэгдүгээр хүн байсан ч “эзэн” байж чадаагүй юм. Тэрээр өөрийн хэмжээгүй эрхт хаанчлалыг тогтоохын тулд Хятад орныг орвонгоор нь эргүүлэхээр шийджээ. Өөрийг нь шүүмжилдэг, шүүмжлэхийг хүсдэг ч хэлээ хазаад өнгөрдөг, шүүмжлэх тухай бодол толгойд нь орж ирэх магадлалтай хүн бүрийг устгахын тулд нийгмээ эвдлэн нураах санаанд оромгүй туршилт эхлүүлж, “Соёлын хувьсгал”-ыг эхлүүлжээ. Соёлын хувьсгалд нь 36 сая хүн золиослогдож, 1.5 сая алагдах нигууртай байв.

Лю Шаочи-г үзэн ядах ээлжит цуглааны үеэр оюутнууд Мао Зэдуны афоризмаас бүрдсэн улаан номыг бариад түүн рүү “Сөнөтүгэй” хэмээн орилж буй нь. 1966 он

1966 онд Мао Хятад даяар бүх шатны сургуулиудыг хааж, сурагч, оюутнуудыг “улаан хамгаалагч” гэж нэрлээд хувьсгалын ололтыг хамгаалахын тулд өөрийг нь шүүмжлэхээс бусдаар хүссэнээ хийх эрхийг өгч, тэднийг эсэргүүцэгчид хийгээд оршин буй бүгдийг устгахыг уриаллаа. Улаан хамгаалагчдын эхний золиос нь Мао-гийн хамгийн том өрсөлдөгчийн хувьд Лю Шаочи болж, тэрээр нийгмийн занал зүхлийн бай болж, гянданд хоригдов. Олон төрлийн өвчинтэй 70 нас гарсан Лю гэр бүлийнхээ хамт гянданд хоригдож, зодуур нүдүүр, занал зүхлийг амсч байв.

Лю Шаочи-г чандарлахын өмнө авсан зураг.

1969 оны 10-р сарын нэгэн шөнөөр үхлүүт Лю Шаочи-г хөвөнтэй хөнжилд ороон онгоцонд суулгаад Кайфэн хот руу аваачжээ. Тэнд зориуд эмчилгээ хийхгүй байсаар 11-р сарын 19-нд Лю амьсгал хураасан аж. Түүний нүүрийг цагаан даавуугаар ороогоод өөр хүний нэрээр чандарлажээ. Чандарлах газрын ажилчдад талийгаачийг маш аюултай халдварт өвчтэй байсан гэж тайлбарласан гэдэг. 

1980 онд Лю Шаочи-г нэр төртэйгээр дахин оршуулахад Дэн Сяопин “энэ бол бидний ялалт” гэж хэлжээ.

Лю-г өөд болсоноос 11 жилийн хойно, Мао-г нас нөгчсөнөөс хойш дөрвөн жилийн дараа 1980 онд Дэн Сяопин төрийн эрхэнд гарч, Лю Шаочи-г цагаатгаж, оршуулгыг нь Хятадын удирдагчийн түвшинд Ардын Их Хурлын ордонд ёслол төгөлдөр зохион байгуулж, чандрыг нь далайд цацжээ.

Оршуулах ёслол орвонгоор нь эргүүлсэн үймээн болж хувирсан нь

1976 оны 1-р сарын 8-нд Ерөнхий сайд Жоу Эньлай нас нөгчжээ. Мао түүнийг өөрөөсөө өмнө үхүүлэхийг хүсч байсан учир давсагны хорт хавдар нь ноцтой хүндэрсэн үед ч эмчилгээ хийлгэхийг зөвшөөрөөгүй юм. Жоу 64.8 кг-аас эцэж турсаар 1975 оны есдүгээр сар гэхэд 39 кг болжээ. Мао өөрийнхөө өвчний улмаас амьд явах хугацаагаа барагцаалж байсан тул Жоу-г амьд үлдээж, өөрийнх нь бодлогыг өөрчлөхийг хүсээгүй аж. 

Жоу-гийн эхнэр Дэн Инчао оршуулгын үеэр.

Мао эмнэлэгт байхад нь түүнийг огт эргээгүй төдийгүй оршуулган дээр нь очихыг хүссэнгүй. Тэрээр “Би яагаад тэнд заавал очих ёстой билээ?” гэж өөрийнхөө хамгаалалтын албаны дарга Ван Дунсин-д хэлжээ. Бас Жоу-гийн оршуулах ёслолыг хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэхийг хоригложээ.

Жоу-гийн орлогч Дэн Сяопин оршуулгын ёслолд үг хэлжээ. Ерөнхий сайдын орчуулагч Зи Чаожу-гийн дурссанаар, сэтгэл хөдлөлөө бараг илэрхийлдэггүй Дэн үгээ эхэлж, “Ерөнхий сайд” гэж хэлмэгцээ хоолой нь зангирч, тэгээд хүмүүс дуу алдан уйлцгаасан гэжээ.

Хятадын иргэд Жоу-гийн үхэлд харуусан гашуудаж, залхаан цээрлүүлэлтийн эрин үе дуусахыг хүлээсэн итгэл найдвар нь бөхөж байсан аж. Жоу-гийн үхэлд эмгэнэсэн 1 сая гаруй иргэд Бээжин хотын төв талбайд жагсч, цэцгийн баглаагаар Тяньаньмэнь-ий талбайг дүүргэсэн аж.

Энэ үйл явдлыг ажигласан Британийн ЭСЯ-ны ажилтан Рожэр Гарсайд дүгнэлт бичихдээ:

Цугларагсад өөрийн итгэл үнэмшилд хөтлөгдөж байв. Олон жил дотроо дарсан үзэл бодол, уур бухимдал, сэтгэл мэдрэмжээ илэрхийлж, Жоу-г үл тоомсорлосонд бухимдсан эгдүүцэл, Мао-г эсэргүүцсэн уур амьсгал ноёлж байна.

Мао энэ явдлыг “хувьсгалын эсэргүү үймээн” гэж тодорхойлжээ. Үүрээр Бээжин хотын захиргааны 200 гаруй ачааны машин мөнөөх цэцэгсийг хураан авч, зарим хүмүүсийг баривчилжээ. 100 мянга гаруй жагсагчид “Цэцэгсийг минь буцаан авчир, нөхдийг минь эргүүлж өг” гэж шаардаж, Ардын Их Хурлын ордон руу дайрч, автомашин түймэрдэж, цагдаа нарын байрыг сүйтгэжээ. 20:00 цагт Мао-гийн тушаалаар Бээжингийн гарнизоны цэрэг, зэвсэгт цагдаагийн хүчээр жагсаалыг нухчин даржээ.

Мөн 20:00 цагт энэ жагсаалын ард байгаа гэж Мао-д хардагдсан Дэн Сяопин-ыг бүх албан тушаалаас нь чөлөөлж, цөллөгт илгээсэн бөгөөд улс даяар шүүмжлэлийн бай болгожээ.

Оршуулах ёслол ба ордны эргэлт

1976 оны 9-р сарын 9-нд Мао Зэдун нас нөгчихөд түүнийг шүтэх тахин шүтлэг оргилдоо тулсан нийгэмд үндэсний хэмжээний эмгэнэл болжээ. 9-р сарын 17-нд оршуулга болж, Тяньаньмэнь-ий талбайд салах ёс гүйцэтгэхэд 1 сая гаруй хүн оролцсон гэдэг.

Улс төрийн Товчооны гишүүд Мао Зэдун-ыг нас нөгчихөд зогсч буй нь. Тэд Мао-гийн дараахь улс төрийн тэмцэлдээ төвлөрчээ.

Төд удалгүй түүний цаглашгүй эрх мэдлийг өөрсдөө эзэрхэхийг санаархсан Мао-гийн эхнэр Жян Цин, Шадар сайд Жан Чүньчяо, Намын Төв Хорооны орлогч дарга Ван Хунвэнь, Яао Вэньюань тэргүүтэй радикалууд санасандаа хүрэхээр зэхэж эхэлсэн аж. Тэднийг хожим “Дөрвөн дээрэмчин” гэж хочилсон юм. 

Аав ээж маань бидэнд эрхэм л дээ, гэхдээ Мао дарга бидний хувьд тэднээс ч эрхэм хүн гэж уриалдаг Улаан хамгаалагчид Мао Зэдун-ыг нас нөгчсөнийг сонссоныхоо дараа.

Гэтэл Мао-гийн амьд ахуйд түүний албан ёсны залгамжлагчаар тодорсон Ерөнхий сайд Хуа Гуофэн, Хятадын Коммунист Намын нэгдүгээр орлогч дарга, Батлан хамгаалах яамны сайд, маршал Е Зяньин хоёр эрх мэдлийг тэдний савраас салгахын тулд урьтаж хөдлөхөөр шийджээ. Хуа ард түмэнд сайн танигдаагүй, нэр хүнд бага, туршлага дутмаг, харьцангуй залуу байсан бол 80 настай маршал Е нь бүр Хуа-г хорвоод мэндлэх үед хувьсгалын үйл хэрэгт хэдийнээ оролцож эхэлсэн, арми болон намын хүрээнд өндөр нэр хүндтэй нэгэн байлаа.

“Дөрвөн дээрэмчид”-ийг 1976 онд баривчилж, 1981 онд шүүж, цаазаар авах ял оноосон ч удалгүй бүх насаар нь хорих ял шийтгэжээ.

10-р сарын 6-ны үдэш Хуа, Е нар Улс төрийн Товчооны хурал зарлаж, Жян Цин тэргүүтэй мөнөөх дөрвийг хуралд оролцохоор ирэхэд нь баривчилжээ. Тийнхүү Мао-гийн хэт радикал чиг шугамыг баримтлагчдыг улс төрийн тайзнаас зайлуулснаар 27 жил үргэлжилсэн түүний аймшигт эрин шувтарчээ. 

Ху-гийн оршуулга хувьсгал гаргах дөхсөн нь

1989 оны 4-р сарын 15-нд Улс төрийн Товчооны гишүүн Ху Яаобан нас нөгчжээ. Тэр бол 1982-1987 он хүртэл Хятадын Коммунист Намыг тэргүүлж, Дэн Сяопин-ы эдийн засгийн Реформыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн. 

Дэн Сяопин Ху Яаобан-тай салах ёс гүйцэтгэхээр очиж, эхнэрийг нь тайтгаруулан гар барих гэхэд эхнэр нь “Та нар л ийм болголоо” гэж хэлээд татгалзжээ. 1989 он

Дэн Сяопин, Ли Пэн (Ерөнхий сайд) нар Ху-гийн оршуулгын үеэр үүссэн жагсаал цуглааныг хэрхэн шийдэх талаар сэтгэл чилээсний эцэст цэргийн хүч оруулах шийдвэрт хүрчээ.

Гэвч Ху Яаобан Дэн Сяопин-ы тогтоосон шинэчлэлийн бодлогын “улаан шугам”-ыг давжээ. Ху Яаобан Хятадын Коммунист Намын үнэмлэхүй засаглалыг эсэргүүцэж, 150 гаруй хотод өрнөсөн сэхээтнүүдийн тэмцэл, оюутны жагсаалыг өөгшүүлж, өөрийгөө Хятадын дараагийн удирдагч болно гэж дүрдээ хэт итгэсэн хэмээн Дэн Сяопин дүгнэх болов. Тийнхүү “Хэрэв би нэг удаа алдсан гэвэл тэр нь Ху Яаобан-ыг таньж чадаагүй явдал” гэж шулуухан өгүүлэхэд хүрчээ. Түүний бодлыг Ху Яаобан-д угаасаа дургүй марксизмын тулгар үзэлтэй намын хууччуул дэмжжээ.

Тиймээс 1987 онд Ху Яаобан-ыг буруутгаж, намын тэргүүний суудлаас нь зайлуулсан юм. Ху Яаобан-ыг Улс төрийн Товчооны гишүүнээр хэвээр үлдээсэн ч энэ нь олон нийтийн дунд түүний өндөр нэр хүндтэйг нь бодолцож, ард түмний төлөө тэмцээд хүчин мөхөсдсөн хохирогчийн дүр болчихоос болгоомжилсон алхам байсан юм. Гэхдээ түүнд ямар ч эрх мэдэл өгөөгүй билээ.

Ху-гийн үхэлд гашуудсан оюутнууд Тяньаньмэнь-ий талбайд цугларсан нь

1989 онд дэлхийн социалист систем нурж унах үед оюутнууд,сэхээтнүүдийн хувьд Ху Яаобан ардчиллын баатар болж төсөөлөгджээ. Түүнийг нас нөгчсөний маргааш 800 гаруй оюутан Бээжингийн төв талбайд эмгэнэл илэрхийлж, жагсаал өргөжсөөр 100 мянга гаруйд хүрч, Тяньаньмэнь-ий талбайн оюутны жагсаал хэмээх үйл явдалд хөтөлсөн юм.

Дэн Сяопин-ы оршуулга ба үндэсний эмгэнэл

1997 онд Дэн Сяопин таалал төгсчээ. Тэрээр оршуулгыг нь энгийн бөгөөд зардал багатай зохион байгуулахыг гэрээслэсэн аж. Гэрээслэлийнх нь дагуу харааны эвэрлэг бүрхэвч, дотор эрхтнүүдийг нь эмнэлгийн судалгаанд хандивлаж, цогцсыг нь чандарлажээ. Түүний цогцсыг далайд өргөжээ. Энэхүү оршуулга Дэн Сяопин-ы чухал амжилт болсон Хонконг БНХАУ-д нэгдэхэээс ердөө дөрвөн сарын өмнө болсон юм.

Түүний оршуулгын комиссыг Жян Зэминь тэргүүлж, тэрээр гашуудлын үг хэлж байхдаа нулимс, уй гашуугаа барьж ядаж байв. Түүнийг Дэн залгамжлагчаараа сонгож, бодлогыг нь үргэлжлүүлэхийг итгэж үлдээсэн аж.

Дэн-ий бодлогын үр дүнд 1978 онд эдийн засгийн хэмжээгээрээ Америкийн нийт эдийн засгийн ердөө 8 хувь буюу 149.5 тэрбум ам.доллартай тэнцэж байсан Хятад орон 1997 онд 961.6 тэрбумд хүрч, Хятадын колоничлолын гутамшиг болсон Хонконгийг эх орондоо буцаан нэгтгэж, Хятад их гүрэн болох замдаа эргэлзээгүй оржээ.

Тэрээр Мао-гаас ялгаатай нь өөрийгөө хэзээ ч тахин шүтүүлэхийг хүсдэггүй байсан төдийгүй 1989 онд өөрийн саналаар улс төрөөс бүрэн хөндийрч, удирдагчид Үндсэн хуулийн дагуу хязгаарлагдмал хугацаатай сонгогддог Хятадын улс төрийн дэг журмыг тодорхойлон үлдээжээ.

Тийнхүү Дэн Сяопин-ы оршуулга нь Хятад даяар үндэсний эмгэнэл болж, хятадын иргэд чин сэтгэлээсээ гашуудан эмгэнэж байв.

Адлагдсан удирдагчийн авсаархан оршуулга

1989 онд Тяньаньмэнь-ий талбайд болсон оюутны жагсаалыг Дэн Сяопин жагсаалыг цэргийн хүчээр нухчин дарах шийдэлд хүрсэн ч Хятадын Коммунист Намын Тэргүүн Жао Зыян ганцаараа эсэргүүцсэнээр 2005 онд нас барах хүртлээ гэрийн хорионд оржээ. Жао бол 1980-1987 онд Ерөнхий сайдаар ажиллаж, 1987-1989 онд Ху Яаобаны дараа намаа тэргүүлсэн, Дэн Сяопин-ы залгамжлагчид тооцогдож явсан нэгэн.

Дэн бээр Жао-г өөрийнхөө залгамжлагч гэж сэтгэл хангалуун үнэлдэг байсан ч 1989 онд тэдний тангараг тасарчээ.

Тэрээр оюутны жагсаал дээр очиж, “Бид хэт их цааргалжээ...Биднийг яаж ч шүүмжилсэн бай, та бүгд тийм эрхтэй” гэж найдвар тасарсан үгээ хэлжээ.

Дэн Сяопин түүнийг 1989 онд гэрийн хорионд оруулах шийдвэр гаргахдаа Жуннаньхайгаас холгүй орших хуучны “хутун” хэмээх өргөөнд амьдруулах болсон аж. Энэ өргөө нь зуун жилийн өмнө Цыши хатны үс засагч шивэгчний гэр байжээ.

Жао Зыян-тай салах ёсыг гэрт нь гүйцэтгэжээ.

2005 онд 85 настай Жао бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэхэд Хятадын дэд дарга Зэн Чинхун намын удирдлагыг төлөөлж, эмнэлэгт эргэсэн гэдэг. Хоёр хоногийн дараа Жао нас нөгчихөд эрх баригчдын зүгээс цензур тогтоож, түүний тухай 59 ханз бүхий маш товч эмгэнэлийн бичиг сонинд тавьсан бөгөөд Тяньаньмэнь-ий талбай болон Жао-гийн гэр орчимд цагдаа цэргийн хүч төвлөрүүлж, хүмүүс цуглахыг хоригложээ.

Олимпийн дуулианд ор тас дарагдсан нэгэн оршуулга

Мао Зэдун-ы өөрөө сонгосон залгамжлагч Хуа Гуофэн 1976-1980 онд Хятадыг удирдаж байжээ. Түүнийг Мао Зэдун-тай эн зэрэгцүүлэн тахин шүтдэг байв. Түүнийг 1921 онд төрсөн, бас Хунань мужийнх, маш төстэй царай зүстэй тул Мао-гийн хүү гэдэг цуурхал байдаг ч энэ нь ор тас худал аж.

Бээжинд суух АНУ-ын Элчин сайд Томэс Гейтс 1976 онд Хуа-тай анх уулзсаныхаа дараа дүгнэхдээ, “Энэ эрхэмд ер бусын ухаан, өөртөө татах шинж огт алга. Тэр шилжилтийн үед тохирсон нэгэн. Илүү сайн бэлтгэгдсэн удирдагч гарч ирнэ. Тэгээд түүхэн үүргээ гүйцэтгэсэн уйтгартай Хуа зайгаа тавьж өгнө” гэсэн нь 4 жилийн дараа яв цав тохирчээ.

1970 онд 49 настайдаа Хунань мужийн намын хорооны дарга болсон Хуа-г Мао сонгож, 1973 онд Улс төрийн Товчооны гишүүн, НАХЯ-ны сайд, шадар сайдаар хавсруулан томилжээ. 1976 онд Жоу Эньлай-г үхсэний дараа Ерөнхий сайд болгож, өөрөө таалал төгсөхдөө Хятадын Коммунист Намын тэргүүн, Цэргийн төв комиссын дарга буюу зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхий сайд гэдэг 3 албан тушаалыг хамтад нь хашуулж, албан ёсны залгамжлагчаа болгожээ.

Хуа-г Мао-гийн түвшинд Хятад даяар тахин шүтэж байв.

Тэрээр Соёлын хувьсгалын радикал туйлшралыг зогсоож чадсан ч Мао-гийн бодлогыг үргэлжлүүлэхийг оролдсон аж. Учир нь, намын болон цэргийн туршлагаараа бусад хувьсгалчдаас дутмаг түүний эрх мэдлийн цорын ганц баталгаа нь Мао Зэдун түүнийг өөрөө залгамжлагчаараа сонгосон гэдэг үндэслэл байв. Хэрэв Мао-гийн бодлогоос татгалзвал түүний эрх мэдлийг тогтоож байсан хөрс суурь нь эвдрэх байсан юм. Тиймээс түүнд 1977 онд “Бид Мао даргынхаа бодлогыг тууштай үргэлжлүүлж, сургааль зааврыг нь гуйвшгүй мөрдөх болно” хэмээн мэдэгдэж, үүнийгээ намын албан ёсны бодлого гэж зарлахаас өөр сонголт үлдээгүй билээ.

Гэвч Хуа-г мэндлэхээс ч өмнө коммунист үйл хэрэгт оролцож байсан Дэн Сяопин тэргүүтэй нэр нөлөөтэй ахмад коммунистууд 1980 онд түүнийг түлхэн унагажээ. Учир нь цөллөгөөс эргэн ирж, Шадар сайдаар томилогдсон Дэн Сяопин тэргүүтнүүд 1978 онд Реформын бодлогыг намын эдийн засгийн бодлого болгож дөнгөсөн ч зөвхөн Зөвлөлтийн эдийн засгийн загварыг хуулбарлах сонирхолтой Хуа тэдэнд саад учруулж байсан юм.

Хориод жил улс төрийн идэвхгүй амьдарч, олон нийтийн хувьд мартагдсан Хуа 2008 оны 8-р сарын 20-нд 87 настайдаа таалал төгсөхөд Хятад улсад анх удаа Зуны Олимп ид болж байсан тул түүний оршуулгыг анхаарсангүй. Хятадын төв телевизээр 30 секундын товч гашуудлын мэдээ явж, тэрээр түүхийн гүн рүү оджээ.

Жян Зэминь-ий оршуулга

Өнөөдөр 1989-2005 онд Хятадыг де факто удирдсан Жян Зэминь-тэй салах ёс гүйцэтгэх ёслол Бээжин хотноо Ардын Их Хурлын ордонд болж өнгөрлөө. Энэ бол 1976 онд Мао Зэдуныг, 1997 онд Дэн Сяопин-ыг оршуулснаас хойш Хятадын гуравдахь удирдагчийг оршуулах үндэсний хэмжээний төрийн оршуулга юм.

Тэрээр 11-р сарын 30-нд Шанхай хотноо 96 настайдаа өөд болсон юм. Маргааш өглөө нь түүний шарилыг Бээжинд хүргэхэд Ши Жиньпин тэргүүтэй Хятадын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ онгоцны буудалд очиж, хүндэтгэл үзүүлжээ. 12-р сарын 5-нд Бабаошань оршуулгын газарт Хятадын Коммунист Намын час улаан далбайгаар ороосон түүний цогцсыг чандарласан билээ.

Ши Жиньпин-ээр ахлуулсан 700 хүний бүрэлдэхүүнтэй Оршуулгын комисс Жян-ыг Дэн Сяопин-ы оршуулгын жишгээр оршуулахаар шийдвэрлэсэн аж. 

Жян Зэминь бол Хятадын хөгжил дэвшлийн “бэлгэдэл” болсон нэгэн. Түүний Хятадыг албан ёсоор удирдсан 1989-2002 он нь Хятад дэлхийн их гүрний нэг болох хөгжлийн шилжилтийн цаг үе юм. Тийнхүү хятадын иргэд Жян Зэминь-ийг таалал төгссөнд гашуудан эмгэнэж, түүний төрсөн гэрийн гаднах талбайг цэцгийн баглаагаар дүүргэж байна. 

Жян Зэминь Монгол-Хятадын харилцааны шинэ үеийг тодорхойлж, хурдтай хөгжүүлэхэд түүхэн хувь нэмэр оруулсан эрхэм билээ. 

Түүнийг таалал төгссөнөөр ХХ зууны Хятадын түүх төгсч, шинэ хуудас нээгдэж байна.

Хятад судлаач Ч.Содбилэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мисс Б.Гүнзаяа 2 айлд өргөө цагаан гэр бэлэглэлээ 3 мин ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлалаа 7 мин 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг дөрөвдүгээр сард шийднэ 13 мин Казахстан улс руу зорчих иргэдийн АНХААРАЛД! 36 мин Гоо сайхны мэс засал хийлгэх хүсэл ба толинд харагдах тусгал та биш 1 цаг 7 мин Монголын IHC Esports баг Оросын багийг ялж, түүхэн амжилт байгууллаа 1 цаг 32 мин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чулуу хөөлгөдгөө болиод сонгуулийн тогтолцоогоо ярья 1 цаг 44 мин Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа АН, дотроо хагарахад бэлэн байгаа МАН 2 цаг 8 мин С.Одонтуяа: Шийдэгдээгүй олон асуудал сонгуулийн тогтолцооноос болсон нь үнэн 2 цаг 42 мин Ираны эрх баригчид гудамжинд бүжиглэсэн залуусд арван жилийн хорих ял оноожээ 3 цаг 4 мин Шри Ланкчуудын амьдралын чанар буурч, тэр чинээндээ дасчээ 3 цаг 38 мин Эхийн алдрын тэтгэмж болон насны хишгийг энэ сарын 14-нд олгоно 4 цаг 13 мин ФОТО: Ойн туруутан амьтдад зориулж 500 кг хужир, 25 боодол толгойтой солоом тавьжээ 4 цаг 41 мин Д.Содном: Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс бол уг хуулийн 3.1 дэх заалт 5 цаг 2 мин УИХ: Газрын багц хуулийн төслөөр өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ 5 цаг 11 мин Зарим нутгаар бага зэргийн цас орно 5 цаг 37 мин Төв аймагт газар хөдөлж, Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдлээ 2023-02-03 О.Чинзориг: Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгоно 2023-02-03 Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ 2023-02-03 “Манай хороо-Миний гудамж” аян зохион байгуулна 2023-02-03
iИх уншсан
АН-ын даргын сонгууль: Дээд шүүхэд бас асуудал байна АН-ыг эмхлэх Лу.Гантөмөрийн мөрийн хөтөлбөр юу байв? Т.Батцогт: Хотын иргэдэд даргаа сонгох эрхийг нь өгөх цаг бо... Х.Нямбаатар: Жорж Ченийг ажлаас нь "халж өгөөч" гэдэг албан ... Цэвдэг охид, зэгсэн хөвгүүд Хүүхдийн мөнгийг Халамжийн сан руу шилжүүлсэн нь УИХ, Засгий... Бидний мэдэхгүй АМЕРИКИЙН АРДЧИЛАЛ Ерөнхийлөгчийн хориг парламентын чадамж шалдаа буусныг харуу... Сүх гэдэг хүүхэд байжээ сүүлдээ тэгээд... “Зээл гаргана”, “Шуурхай зээл” нэрийдлээр иргэдийн хувийн мэ... "Давост биеэ үнэлэгчдийн ажил өөрийн гэсэн онцлоготой" М.Баяраа: Золбин нохой, муурыг унтуулах аргаар тоо толгойг н... Лангуун дээрх үнэ касс дээр зөрвөл хариуцлага хүлээлгэнэ МАН-ын цагаан ордон уйлаан майлаан, уур бухимдлаар дүүрэн өн... Жингээ хасах хамгийн үр дүнтэй ДАСГАЛУУД ФОТО: Монгол бүсгүй дуучин Аделийн тоглолтын хувцасыг урлажэ... Хүчирхийллийн хэрэгт холбогдсон "Squid Game"-ийн жүжигчин О ... Рихард Йомсхоф: Шведүүд Туркийн хилэгнэлд нь дахин зуу Коран... С.Зулпхар: Халамжаас болоод хөдөлмөр эрхлэхгүй байна гэх таа... "Эрх баригчдын чин хүсэл иргэдээ ядуу амьдруулах"
Top