x

Харах өндөр

Үйл явдлыг тэртээ холоос, эсвэл хожим үгээр, зургаар дүрсэлж болдог. Харин гэрэл зураг, дүрс бичлэгийн тухайд сансрын пуужин, далайн ёроол уруу шумбагчаар камер илгээж, бас эмнэлэгт хүний биед дуран шургуулж гэдэс дотрыг зурагладаг болсныг эс тооцвол үгүй. Уртаас урт татдаг дуран ч барилгын цаад, уулын оройг давж өнгийхгүй учраас биеэр очихоос өөр аргагүй … байлаа.

Дрон гарч ирээд хувьсгал хийж байна. Эзэн нь газар дээр үлдээд дээш нь камер нисгэдэг болсноор телевизийн нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага, уран сайхны болоод баримтат кино, реклам сурталчилгаанд гээд бүгдэд дроноор авсан зураг, бичлэг ердийн зүйл болжээ.

“Монголын баялаг 330”. Монгол орны 21 аймгийн ийм тоотой сум тус бүрийн байгаль, археологи, түүх, соёлын дурсгал, соёлын өвийг сурталчилсан энэхүү цуврал нэвтрүүлэг зүүн хязгаар – Дорнод аймгийн Халхголоос эхлэн бусад сумдаар тойрч, Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, гуравхан сумтай Говьсүмбэрийг гүйцээгээд гэнэт баруун тийш шилжин Говь-Алтай аймгийн сумдаар үргэлжилж байна. Нийт 330 дугаар гарах нь. Дугаар болгон эхэлж төгсөхдөө илүү дутуу баахан нуршиж Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүний нэр, хөрөг, сургаалийг залхтал шургуулснийг үл тоож чадвал сум сумын газар нутаг, хүн чулуу, буган хөшөө, сүм хийдийн туурийг эргүүлж тойруулахаас цэлийтэл дэлгэж чанх дээрээс харуулдаг сонирхолтой нэвтрүүлэг. Энэ бол дрон. Тал дунд ганцаар торойсон эртний чулуун хөшөө, өвсөн дунд цацагдсан туурийн чулуунуудыг өдөр бүр хардаг нутгийн хүн, бас ганц удаа үзээд өнгөрсөн замын хүний ой тоонд үлдсэн тэр дүр зургууд энэ удаад ондоо. Харах өнцөг гэдэг шиг огт өөр харах өндөр. Мянган жилийн өмнө тэр нэгэн чулууг үхэр тэмээ хөллөн хаа нэгтээгээс чирж авчран зорж балбасан бүтээгчид өөрсдөө ч хараагүй тэр өндрөөс бид харж байна.

Дугаар бүр тухайн сумын төвийг дээрээс нь дроноор харуулахаас эхэлдэг. Төрийн далбаагаа мандуулсан захиргааны барилгыг (одоо бүгд нутгийн удирдлагын ордон нэртэй болжээ) шууд нүдэнд тусч амархан олддог. Урд талд нь морь, бөх, эсвэл нутгаас төрсөн алдартны хөшөө заавал байна. Дэргэд нь голдуу хоёр давхар сургууль, соёлын төв, холбооны газрыг бүчсэн антеннууд, хэдэн байшин, бусад нь хашааны айлууд. Гэхдээ 70,80 жил хөгжсөн гэхэд зарим сумд арай арай … Байшин барилга цөөн, байгаа нь навтгар гэсэнгүй, эмх цэгцгүй, замбараагүйг хэлсэн юм. Сумын төвийг эргэн тойронтой нь хайр найргүй хэрчсэн замууд. Энэ бүгдийг дроноор бүртгэж хэмжээд юм бодвол зохистой.

Хөдөөний сумд гэлтгүй хотын хажуугийн Тэрэлжийн хөндийг дрондоод, миний очоогүй сүүлийн хоёр гуравхан жилийн дотор аялал жуулчлалын бааз, resort гэгдэх гэр, байшингуудаар дүүрснийг мэдэж дуу алдлаа. Хоёр талын уулын ам, булан тохойнууд хүртэл пиг. Энд тэнд зай талбай үзэгдэх авч нэгийг ч үлдээлгүй хашаалаад авцгаажээ. Монголд аялал жуулчлал аймаар хөгжих гэж байна.

Тэрэлжийн таних тэмдэг болсон Мэлхий хад. Бодвол галт уулын дэлбэрэлтээр хэсэг халуун лаав энд шидэгдэж царцаад, 60-70 сая жилийн турш халуун хүйтэнд харшиж заадас, завсар үүсч хэмхэрсээр дэвхэж цовхочдог энэ амьтны хэзээ ч үл хөдлөх чулуун төрлийг олжээ. Сурталчилгаан дээр зөвхөн зүүн талаас нь мэлхий төрхөөр зурагладаг учраас цул харагддаг, харин дроны дуранд өнөө маргаашаас хэтрэхгүйгээр лав гурван хэсэг салж нурж мэдэхээр харагдсан тул гэнэт түгшлээ. Хэрвээ Мэлхий хад нурвал үзэмжгүй чулуун овоолго болно. Нэгэнт үйрч буй хад мэдээж хэзээ нэгэн цагт нурна, эхлээд оройд нь дэнжигнэсэн шовгор хэсэг наран мандах зүгт салж нүргэлэн ойчино, дараа нь мэлхийн хоёр хондлой задарна, гэхдээ энэ Засгийн үед лав үгүй, гэнэт маш хүчтэй газар хөдөлж сүйрүүлчихгүй бол багаар бодоход ганц хоёр мянга, магадгүй хэдэн сая жилийн дараа гэдгийг ухаараад тайвшрав. 

Мэргэжлийн байгууллага гэсэндээ үүнийг айхтар мэддэг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Мэлхий хадны орчмын сул үлдсэн 3,5 га газрыг компаниудад олгож аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний цогцолбор гэгчийг байгуулах тендер зарлажээ. Ирэх хавраас ажил эхэлж автомашины зогсоол, дэлгүүр, үйлчилгээ, хоолны газар, бие засах газруудыг барих ажээ. Дараа нь зориулалтыг өөрчлөнө, барилгаа томсгоно, өндрийг нэмнэ, газраа тэлнэ, урд хойгуур нь тойруулаад хаус, хотхон сүндэрлүүлэх нь гарцаагүй. Энэ бол дархан цаазат Богд уулын амуудад туршиж төгөлдөршүүлсэн Байгаль орчны яамны брэнд арга болой. Яг одоо ч Мэлхий хадыг элдэв гэр болон байшин баазууд хэдийнэ бүчээд эхэлсэн ба холгүйхэн тус яамнаас зөвшөөрөл олгоод 6 давхар зочид буудал, бас бусыг бариулж байх юм. Удалгүй энэ их шавааралдаан дунд Мэлхий хад хашигдсаар үзэж харах олон объектын нэг төдий болох нь. Байгаль дэлхий энэ хадыг орчин тойронтой нь, унаган төрхөөр нь дахиад ганц хоёр сая жил хэвээр үлдээхэд бэлэн байхад манай Байгаль орчны яам үгүй шүү гэж байна.

Д.Цэрэнжав /baabar.mn/ 2022.10.10

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top