x

Оросуудын омогшил 2014 онд сэдэрсэн нь

Орос-Украины дайнтай холбоотойгоор уншдаг сонирхдог монголчуудын толгой эргээд байна. Толгойных нь эргээг гаргах зорилгоор 2014 онд бичиж хэвлүүлж байсан судалгааны бүтээлээсээ сугалж дараахи нийтлэлийг босгов. Энэ дайн чинь түүхэн улбаатай юм. Оросыг ойлгох хэрэгтэй юм, олон улсын харилцааны онолд юу гэж заадаг бол гэдгээр нь дор буулгав.

Нэг. Гуравхан өдрийн настай Бүгд найрамдах улс байгуулсан практик

Олон улсын эрх зүйд өмнө нь түгээмэл байгаагүй, ерөөсөө хэрэгжиж байгаагүй гэж үзэхээр сонин жишгийг ОХУ Крым дээр тогтоочихсон тухай гадаадын судлаачид судалжбичиж байна. Яагаад сонин жишиг гэв? Крым тусгаар тогтноод хэдэн сар, хэдэн өдөр, хэдэн цаг болсон бэ гэдэг асуулт тавиад хариулт хайгаад үзэхэд хариу нь гараад ирнэ гэнэ. Украинчуудын дарлал дор оршин байх хүсэлгүй гэдгээ крымчүүд илэрхийллээ, украины үндсэрхэг үзэлтнүүдийг фашист, нацистаар нь дуудчихлаа, орос хэл соёлтой гэдгээ нотоллоо, Украины Дээд Рада буюу төрт-улсынхаа парламентыг хууль ёсны бус гэж зарлалаа, түүнийгээ тунхаглаад, Оросын Хар тэнгисийн флотын хамгаалалт дор 2014.03.16-нд референдум дур мэдээд явуулжээ. Хэдхэн хоногийн өмнөхөн урьдчилсан санал асуулгаар хүн амын 41 хүрэхгүй хувь нь Орост нэгдэхийн төлөө байсан крымчүүдийн 96 хувь нь гэнэт Украинаас салахын төлөө саналаа өглөө. Маргааш нь тэд Украинаас саллаа, де-факто, де-юре нэг амьсгаагаар тусгаар тогтноод авлаа. Тэгмэгц нь 2014.03.18-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гараад ОХУ-ын бүрэлдэхүүнд нэг субъект болгоод оруулаад авлаа. ОХУ, Крымын төрийн хоёр тэргүүнхоёр хоногийн настай Бүгд найрамдах улсыг Оросын бүрэлдэхүүнд оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Болж өнгөрсөн процесс ердөө энэ. Гуравхан өдрийн л (72 цагийн) явдал. Олон улсын эрх зүйд ийм үзэгдэл өмнө нь тулгарч байсангүй.

Оросын өөрийнх нь “Демократические инициативы” гэх сангийн захирал Ирина Бекешкина гэдгийн ярьснаар бол Крымыг ОХУ-д нэгтгэе гэдэг дээр тэндхийн хүн амын 50-иас дээш насныхан л саналаа өгнө гэсэн урьдчилсан тооцоо хийгдээд байтал гэнэт 96 хувь гэсэн үзүүлэлт гараад ирсэн нь Украиныг өөрийг нь гайхшруулсан төдийгүй оросууд ч өөрсдөө итгэн ядан байсан болов уу. Энэ бол олон улсын эрх зүйд тулгарч байгаагүй шинэ үзэгдэл мөн. 

Оросын эсрэг хориг тавьж, Украиныг элдвээр дэмжих санаатай АНУ, НАТО, Европын Холбоо, улмаар НҮБ энэ хачин сонин жишгийг ухаарах тэнхээгүй байж байгаад санаачилгаа алдчихсан хэмээн үзэж болно. Хэрэв тэр ардчиллынхаа өнцгөөс хандаад байвал Украин бүр ч байхгүй болж мэдэхээр боллоо. 

Гомдлоо барсан Украин нь Европын Холбоотой ассоциацын тухай хэлэлцээрийн улс төрийн хэсэгт нь 2014.03.23-нд гарын үсэг зуржээ. Эдийн засгийн хэсэгт нь 5 дугаар сарын 25-наас хойш зурна гэж зарлав. Крымыг Оросын бүрэлдэхүүнд оруулах гэрээний дэргэд энэ ассоциацын тухай хоёр тусдаа хэлэлцээр бол юу ч биш хэмээн Орост үл тоож байна.Тэртэй тэргүй гурав тасран хуваагдах Украин хэнтэй юунд гарын үсэг зурах нь Москвад төдийлөн ач холбогдолтой биш байж ч болох юм.

Хоёр. Оросуудын омогшил

“2014.03.16-ны референдум” юуны өмнө ОХУ дахь орос үндэстнүүдийн омогшлын баярын өдөр болсныг нийтээрээ мэдлээ. Залгаад Зүүн өмнөд Украины хэрэг явдал оросуудын цөсийг хөөргөж чухам сэрлийг бадраажээ. Оросын философич А.Дугины алдарт афоризм байна. “Орос орон хэлмэгдлээсээ өндийж, оросын сүнс сүлд аугаа ихээр босч ирлээ”, “Их Оросын сэтгэлийн гүнд бугшин байсан их патриотизмыг Галичины жижиг бэртэгчин национализм сэрээлээ”– хэмээн тэрээр бахдан бичжээ. Галичин гэдэг нь дэлхийн II дайн өмнө СССР-т хавсаргагдан нэгтгэгдсэн Баруун Украины мужууд аж. Түүнийхээр бол Донецкийн БНУ-ын төлөө зүрх нь лугшиж буй, Харьковын залхаан цээрлүүлэгчдийн эсрэг эвлэлдэн нэгдсэн, Луганск, Николаев хотод үхлийг сөрөн буй хүн ард,Одесст өөрийгөө хамгаалан буй отряд–энэ бүгд бол аймшгийг сөрөн, харин ч Оросыг нойрноос сэрээж, босогтун, нэгдэгтүн хэмээн уриалан дуудаж буй түүхэн элч болох аж. Энэ бүхэн оросуудын нэр төр, нандин чанар, итгэл үнэмшил, оросын их хүч чадал, ялан дийлэхийн аугаа эрмэлзэл нь юм гэнээ. 

Оросын хувьсгал эгшиглэж эхэлжээ. Украин–энэ бол манай толины нөгөө тал, бидний байж байгаа дүр зураг. Энэ бол бидний гунигт, аймшигт тусгал. Үзэшгүй муухай энэ эрэмдэг юмны эсрэг Зүүн өмнөд Украин босч тэмцлээ, өмнө нь Крым босоод ирчихсэн байсан юм. Донецк, Луганск, Харьков, Николаевск мужид Оросын үзэл санааг хамгаалах баатрууд гараад ирнэ гэж хоёр сарын өмнө хэн төсөөлж чадах байлаа. Бүс нутгийн нам, украины орон нутгийн олигархи гэж л төсөөлөгдөж байснаас бус хэн тэгж сэтгэх байлаа. Тэгвэл одоо шинэ цаг үе–Оросын цаг үе ирлээ. “Оросын иргэншил”-ийн цаг үе ирлээ. Түүнийг манай ахан дүүс зүүн өмнөд оросууд, украинчууд бүтээж байна. Их сэргэн мандлын төлөө тэд цусаа урсгаж байна. Оросын их үзэл санааны төлөө тэд амь насаа өргөж байна. Тэдний зориг зүрх,шийдмэг баатарлаг эр зоригийг түүхэн хүрдээр авч үзвэл үнэлэшгүй их ээ. Тэд одоо Орос орныг жинхэнээсээ хамгаалаад зогсохгүй жинхэнээсээ аварлаа хэмээн Дугин бахдан бичжээ. 

Гурав. Дугин Монголын тухай

Энд Александр Гeльевич Дугиныг товчон танилцуулах нь зүйтэй. Оросын нийгмийн зүтгэлтэн, философич, социологч, геополитикийн онолч тэрээр 1998 оноос ОХУ-ын Төрийн Думын даргын зөвлөх, Төрийн Думын даргын дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын асуудал судлах мэргэжилтний зөвлөлдөх зөвлөлийн геополитикийн төвийн гол мэргэжилтэн, 2001 оноос “Евразия” хэмээх бүх оросын нийгэм-улс төрийн хөдөлгөөний лидер, 2002 оноос “Евразия” намын улс төрийн зөвлөлийн дарга, 2003 оноос Олон улсын евразийн хөдөлгөөний лидер, 2008 оноос ОХУ-ын эрх баригч Нэгдмэл Орос намын нэг үзэл сурталч, Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн профессор, 2012 оноос ОХУ-ын Төрийн Думын даргын дэргэдэх мэргэжилтний зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 

А.Дугин нь хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудыг Оростой интеграцчилан Евразийн шинэ холбоо үүсгэх замаар Евразийн хүчирхэг их гүрэн байгуулахыг онолдогч бөгөөд “Основы геополитики” номынхоо “The Fall of China” хэмээх дэд бүлэгт Монголын талаар эгэл бус, ноцтой санаа дэвшүүлжээ. Тэрээр “Монгол-Түвдийн Холбооны улс” байгуулах төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй гээд, тэр холбоонд Монгол, Түвдээс гадна Буриад, Тува, Хакасс болон Алтайн бүгд найрамдах улсыг оруулах, буддын шашны уламжлал бүхий эдгээр улс нь Москвагийн хувьд Хятадын эсрэг геополитикийн стратегид нь чухал зэвсэг  болно хэмээн үзжээ. Ингэхийн тулд түүх рүү ухралт хийж Манжуурыг Хятадаас салган, Түвд, Шинжаан, Монгол, Манжуурыг оролцуулсан Оросын аюулгүй байдлын бүслүүр бий болгох хэрэгтэй гэжээ. “Москва-Токиогийн тэнхлэг” хэмээх утгаар А.Дугин “Евразийн буддист анклав”  гэсэн орон зай үүсгэж, түүндээ Монгол, Өвөр Монгол, Түвд, Халимаг, Тува, Буриадыг оруулбал Орос-Японы хооронд бат бэх холбоос, завсрын жигүүр  бий болно гэсэн санаа дэвшүүлжээ. Соёл, шашин, арьсны нийтлэгтээ үндэслэсэн “Пан-Азийн буддист эвсэл” нь Алс Дорнодод геополитикийн бат бэх бүтэц бий болгох чухал зэвсэг хэмээн А.Дугин үздэг ажээ.     

Дүгнэлт

Дугинээ түр азная. Украин дахь хэрэг явдал өрнөх тусам олон улсын харилцааны онол, олон улсын эрх зүйн шинжлэх ухаанаар үл тайлбарлагдах шинэ шинэ судлагдахуун гарч ирээд байх шиг. Улстөр судлал, геополитикийн судлаачдад бол дааж давшгүй их сэдэв урсаад байна гэсэн үг. Украины талаархи Оросын байр суурь ч маш олон хувилбараар илэрхийлэгдэж, ер нь хэлж таашгүй, урьдчилан харж чадашгүй нөхцөл байдлыг дэлхийн хамтын нийгэмлэгт тулгаж мэдэхээр байна.

Украины хямрал даамжрах тусам Орост энэ улсын үүсэл гарал, түүхэн эх сурвалжийн талаар ихээхэн шуугиан дэгдээд байна. Украин Орост нэгдсэнээс хойш 360 жил болж байгаа ба тогтсон нэр ус ч байхгүй, “Украйне”, “Укранья”, “Юкрэн”, “Юкрэйн” хэмээн европын хэлнүүдэд олон янзаар дуудагдаж ирсэн, жинхэнэдээ бол Русь улсын Окраина байж ирсэн, “О” үсэг нь сэлгээд “У” гэж дуудагдаа биз, түүнийг нь Европ өгсөн болохоос өөрсдөө тэгж нэрлээгүй хэмээн мэтгэх болжээ. Окраина гэдэг нь зах хязгаар гэсэн үг болж таарах ба хөрвүүлбэл “Оросын зах хязгаар нутаг” гэж бууна. Энэ мэтгэлцээн одоогоор судлаачид, хэвлэлийнхний сэдэв болж буй ч Төрийн Думд энэ талаар яриад эхлэх хүн ЛДПР намын лидерээс эхлээд гараад ирнэ. 

Д.Баярхүү /baabar.mn/ 2014 оны дөрөвдүгээр сар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 15 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 33 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 34 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 35 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 36 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 37 мин Монголын тамирчид буудлагын дэлхийн дэвжээнд цэц мэргэнээ сорино 39 мин Мальдив улсад 2006 оноос хойш төрсөн залуучуудыг тамхи татахыг хориглолоо 40 мин Нигер дэх хүчирхийллийг зогсоохын тулд АНУ агаарын цохилт өгч болзошгүй 42 мин Т.Аубакир: Багш нарын цалинг 2026 онд хоёр үе шаттайгаар 76 хувиар нэмэгдүүлнэ 44 мин Э.Цэндбаатарын өрсөлдөгчийг сольж, тулааны товыг хойшлуулжээ 3 цаг 3 мин “ОПЕК+”-ийн шийдвэр дэлхийн газрын тосны үнийг өсгөв 3 цаг 4 мин АНУ-д шатдаун үргэлжилж, нислэгүүд цуцлагдаж болзошгүйг анхааруулжээ 3 цаг 7 мин Афганистанд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 3 цаг 11 мин Улаанбаатарын ус хангамжийг нэмэгдүүлэх “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжиж эхэлнэ 3 цаг 16 мин Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсний 95 хувьд хүрэв 3 цаг 22 мин Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 4 цаг 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 4 цаг 23 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 5 цаг 7 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 5 цаг 9 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top